| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00125/и |
| Дугаар | 00116 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00116
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00116 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, Х овогт Н-ын М //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00125/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Н.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1966 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг 1984 онд төгсөөд, Говь-Алтай аймгийн ТМС-ийг 1986 онд төгсөж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1991 оныг хүртэл ногоочноор ажилласан. Би Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд 1990-2000 онуудад хамрагдсан. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас шүүхэд хангаж нэхэмжлэл гаргасан....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, нормчиноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 240 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгосон талаар бичилттэй тушаалын хуулбар, гэрч С.Түмэннасангийн ....Н.М нь 1986 онд ТМС төгсөж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилд томилогдон ажилласан. Н.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэртээ зочид буудалд хүртэл ажиллаж байсан, Мөн тариачин хийж, хадланд хүртэл явж байсан. Тухайн үед туслах үйлдвэрийн ажилчид нь нэгдлийн бүх л ажлыг хийдэг байсан. Н.М нь 1991 онд нэгдэл тартал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Ганбатын ....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Зоо мал эмнэлгийн тасагт жолооч нь нэгдлийн мал аж ахуй дээр хамт ажилладаг байсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн мал туулга, тарилга хийхэд явдаг байсан. Иймд нэгдлийнхээ гишүүдтэй ойрхон байж, малын хашаа хороог нь хүртэл барьдаг байсан. Н.М нь Говь-Алтай аймгийн Жимс, жимсгэний ТМС төгсөж ирсэн. Хэдэн онд төгсөж ирснийг нь санахгүй байна. 1986 он гэхэд Н.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад зочид буудалд ажилд орсон жоохон хүүхэд байсан. Н.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл туслах үйлдвэрт ажиллаж байсан. Тухайн үеийн туслах үйлдвэрийн ажилчид нь нэгдлийн аж ахуйн бүх ажлыг хийдэг хүмүүс байсан. Бид Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байх үедээ нийтийн цэвэрлэгээ хүртэл хамт хийж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 7, 8, 29-31, 32-34 дүгээр тал/
Н.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000544 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/
Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Түмэннасан, Ц.Ганбат нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт Н-ын М //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ