Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00117

 


 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00117

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 14-5 тоотод оршин суух, Х овогт М-ийн А //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00140/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч М.А нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1970 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийг 1978-1986 онуудад суралцаж төгссөн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1993 он хүртэл ажилласан.  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хуульд 1990-2000 онуудад хамрагдсан. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний нэрийг Амине гэж бичээд байдаг байсан. Бичиг баримтад М.А гэж бичигддэг....гэв.

 

   Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадын нэхэмжлэгчийн 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Э.Кабетайн ....М.А нь 1986 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Хурманханы ....М.А нь 1986 оны зунаас эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд М.А нь тус нэгдэлдээ хэднийг хүртэл малчнаар ажилласныг мэдэхгүй байна...М.А нь хонь, ямаа малладаг байсан....М.А нь Ховд аймгийн Ховд сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. М.А нь 10 дугаар ангид сураагүй. Мөн техник мэргэжлийн сургуульд суралцаагүй....М.А нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Нэгдлийн хонь, ямаа маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-9, 21-22, 23-25 дугаар тал/

 М.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600005355 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12 дугаар тал/

Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Э.Кабетай, Б.Хурманхан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч М.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт М-ийн А //-ийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ