Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00487

 

 

Нэмэх төгрөг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00710 дугаар шийдвэр,

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00032 дугаар магадлалтай,

 

Нэмэх төгрөг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Идэрт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,724,827,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чулуунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нэмэх төгрөг ББСБ ХХК-иас Б.Идэрт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 19,724,827,4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ....нэхэмжлэлээс 8,446,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх 11,278,827 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00710 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Идэрээс зээлийн төлбөр 19,184,376.71 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14,000 төгрөг, нийт 19,198,376.71 төгрөг гаргуулан Нэмэх төгрөг ББСБ ХХК-д олгож, 526,450.69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Нэмэх төгрөг ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,574 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Идэрээс 253,942 төгрөг гаргуулж, Нэмэх төгрөг ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00032 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ,хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Зээлдүүлэгч буюу Нэмэх төгрөг ББСБ ХХК нь 2018.05.07-ны өдрийн 17/598 дугаартай зээлийн гэрээгээр иргэн Б.Идэрт 9,800,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлээд зээлийн гэрээний хугацаа 2018.11.07-ны өдөр дууссан байна. Иргэн Б.Идэр нь Нэмэх төгрөг ББСБ ХХК-д гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусч зээлдэгч гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй байхад зээлдүүлэгч тал зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасан барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаад 18 сар өнгөрчихөөд байхад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх мэт ямар ч арга хэмжээ авахгүйгээр зээлдүүлэгч тал хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж хуульд заасан байхад дээрхи хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн хэтэрсэн хугацааны хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх мөн хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Зээлдэгч Б.Идэр нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүнд 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд одоо нэмж үндсэн зээл 7,800,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны үндсэн хүү 2,146,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүу болох 7,933,500 төгрөгөөс 1,181,124 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэтэрсэн хугацааны хүү болох 7,933,500 төгрөгөөс 6,752,376 төгрөгийг хасуулах хүсэлтэй байгаа билээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 19,198,376.71 төгрөг гэснийг гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа 6,752,376 төгрөгийг хасч 12,446,000 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч Нэмэх төгрөг ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч Б.Идэр 2018.05.07-ны өдрийн Зээлийн гэрээгээр 9,800,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, Тоyota rav-4 маркийн 33-37 УНӨ улсын дугаартай автомашиныг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Б.Идэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 9,800,000 төрөг, зээлийн хүү 9,605,950.68 төгрөг, алданги буюу торгуулийн хүү 304,876.71 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 19,724,827.4 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж,

 

Хариуцагч Б.Идэр: ...зээл авч хугацаандаа төлж чадаагүй боловч гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 4,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн хэмжээг зөвшөөрөхгүй, 8,446,000 төгрөгийг төлнө... гэжээ.

 

7. Зохигчийн хооронд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1-д тус тус нийцсэн байна.

 

Эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

8. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, зээлдэгчид зээлийн хөрөнгө 9,800,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг төлсөн, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

 

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, гэрээний хугацаа өнгөрсний дараа төлсөн 2,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч, зээлийн төлбөрт нийт 19,198,376.71 төгрөгийг нотариатын зардлын хамт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

10. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэжээ.

 

Зээлдүүлэгч зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйг үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр зээлийн хэтэрсэн хугацааны хүү 6,752,376 төгрөгийг хасуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00710 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00032 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас 2021.01.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД