Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/005

 

 

   А.М холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч А.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 43 дугаар эсэргүүцлээр А.М холбогдох эрүүгийн 1914004280345 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.М нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Т эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 16.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч   А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч   А.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   А.Бг хоёр зуун дөчин цагийн / 240 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгm хэргийн газрын үзлэг хийсэн нэг Сидиг хэрэгт хавсаргасныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалж, эд мөрийн баримтаар цоож нэг ширхэг, түлхүүр нэг ширхэг, цүү нэг ширхэг зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг цоож, түлхүүр, цүү зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч А.Мгийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклыг эзэмшигч А.М хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор *******гийн тус шүүхэд бичсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Мөнхбаяслаланг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд буюу улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтууд болох:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15- 23 дугаар тал/,

2. Хохирогч Б.Т “...Манайх  гэх газар нутагладаг 2019 оны 5 сарын 27-нд хөдөө гэрээсээ эхнэрийн хамт 12 цагийн үед сумын төв орж ойр зуурын юм цуглуулаад буцаад хөдөө гэртээ 21 цагийн үед байх, нар жаргаж байх үед ирээд гэртээ ороод иртэл авдрын таг дутуу хаалттай байхаар нь авдраа нээж үзтэл дайланг аваад үзтэл дотор нь хөөрөг алга байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний хөөрөг 4-н үе дамжсан шүрэн толгойтой хаш хөөрөг байгаа юм. Би хөөргөө өөрийн биеэр Улаанбаатар хот явж А.Мгийн аавын дүү болох С.Даас хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, гэрч Б.Уын “...2019 оны 5 дугаар сарын 27-нд Баянговь сумын 4 дүгээр баг Цоохор гэх газар өвөлжөөнөөсөө нөхөр ******* А.Мгийн дүү *******, манай эгч ******* хүүхдүүдийн хамт манай машинаар сумын төв рүү 12 цагийн үед ороод банк, дэлгүүр ороод буцаад гэртээ 21 цагийн үед ирэхэд гэр цоожгүй байхаар нь шууд гэртээ ороод авдарнуудаа үзэхэд зүүн талын авдар дутуу хаагдсан түлхүүр нь зүүлттэй байхаар нь авдраа онгойлгож үзэхэд хөөрөгний дайлан байна уу гээд үзэхэд хөөрөг байхгүй байхаар нь сумынхаа цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтад бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодит байдалд тулгуурлан үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын явцад хууль ёсны дагуу хэрэгт авагдсан хохирогч Б.Т гэрчээр өгсөн мэдүүлэг, хамаатан садангийн хүн болох А.М нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсэний дараа мөрдөн байцаалт  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн зэрэгт шүүгч нь өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хэрхэн хангахгүй байгаа талаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээр шүүгдэгч А.М холбогдох Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.         

Иймд шүүгдэгч А.М холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч А.Мгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.М нь гэрийн хаалга цоож, цүүг эвдэлж гэрт орсон эсэхийг тогтоож чадаагүй байдаг тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******гийн тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд  үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хохирогч Б.Т, иргэний нэхэмжлэгч О.Болдбаатар, гэрч Б.У, П.*******, *******, *******, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 298 тоот дүгнэлт, шүүгдэгч А.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.М нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн мотоциклиор Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг “Нурхын эх” гэх газарт нутаглаж байсан Б.Т эзэнгүй гэрт орж, гэрийн зүүн талын авдарт хадгалагдаж байсан хөөргийг нь авч, 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Прокуророос шүүгдэгч А.Мгийн дээрх үйлдэл,  холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч ... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан...” гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх шүүгдэгч А.М нь гэмт хэргийг үйлдэхдээ түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр хаалганы түгжээг эвдэх, цүүг сугалах зэрэг аргаар орсон эсэхийг тогтоож чадаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцэлд “...хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15-23 дугаар тал/, Хохирогч Б.Т “... гэртээ ороод иртэл авдрын таг дутуу хаалттай... , ... авдраа нээж үзтэл хөөрөг алга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, гэрч Б.Уын “...гэртээ 21 цагийн үед ирэхэд гэр цоожгүй байхаар нь шууд гэртээ ороод авдарнуудаа үзэхэд зүүн талын авдар дутуу хаагдсан түлхүүр нь зүүлттэй байхаар нь авдраа онгойлгож үзэхэд хөөрөг байхгүй байхаар нь сумынхаа цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтад бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодит байдалд тулгуурлан үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн мөн хамаатан садангийн хүн болох А.М нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсэний дараа мөрдөн байцаалт  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн зэрэгт шүүгч нь өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хэрхэн хангахгүй байгаа талаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээр шүүгдэгч А.М холбогдох Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэж бичсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.М нь хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалагдсан орон байр болох гэрт нэвтэрч улмаар эзэнгүй байгааг нь мэдсээр байж авдарыг нь онгойлгон түүнд хадгалагдаж байсан хөөргийг өөрийн болгож ашиг олох зорилгоор авч захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй гэмт үйлдэл байхад анхан шатны шүүх  гэрийн хаалгыг эвдэх, цүүг сугалах аргаар орсон эсэхийг тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Дээр дурдсан алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3, 39.7 дугаар зүйлийн 1.1-.1,3 –т заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа, давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөн нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.2

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

              зүйлийн  1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн 1914004280345 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.М хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ