Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0723

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэгч: “А ө” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0618 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0160/З          

                                                  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:        

   

1. Нэхэмжлэгч “А ө” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/517 дугаар тушаалын “А ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0618 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг баримтлан “А ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/517 дугаартай тушаалын “А ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “...А ө ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний А/466 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт Т-ын аманд 53685 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон.

Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар албан бичгээр тухайн аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн.

Сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/517 тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан бөгөөд уг тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газар ашиглах эрхийн гэрчилгээгээ аваагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээгээ аваагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, тухайн газрыг хуульд заасан зориулалтын дагуу ашиглаагүй тул хамгаалалтын захиргаадаас ирүүлсэн саналыг үндэслэн гаргасан.

Дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь Богдхан уулын хамгаалалтын захиргаадаас хийгдсэн хээрийн ажиллагааны зураг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.2. Анхан шатны шүүхээс Хамгаалалтын захиргаа Дүүргийн Засаг дарга нар газар ашиглагчтай газар ашиглах гэрээ байгуулаагүйд газар ашиглагчийг шууд буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн байх боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжид гэрээ байгуулахыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2866 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жилд дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40.1.6-д зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хээрийн ажиллагааны судалгааны зургаас харахад газар ашиглах эрхтэй болоод 2 жилийн хугацаа өнгөрсөн байгаа ч одоог хүртэл газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь батлагддаг. Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “А ө” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/517 дугаар тушаалын “А ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх “…газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх авсан этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй. ...эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны шийдвэрийг газар ашиглагчид хүргүүлээгүй. ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэж олгогдох газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон байхад нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй хэмээн газар ашиглагчийг буруутгаж, ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлээ болгосон нь зөв биш, ...мэдээллийн санд тухайн нэгж талбарыг ашиглах эрх хүчинтэй хэвээр бүртгэлтэй байсны улмаас газрын төлбөрийн ногдол ийнхүү хүчингүй болгосноос хойш 2023 онд 70,858,920.00 төгрөг, 2024 онд 70,858,920.00 төгрөг газрын төлбөрийн ногдол үүсч нийт 141,717,840.00 төгрөг төлөгдсөн энэхүү нөхцөл байдал нь газар ашиглах эрх хүчин төгөлдөр гэх ойлголтыг газар ашиглагч хуулийн этгээдэд үүсгэсэн байна. ...Иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээс үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/517 дугаар тушаалаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/ “яам тусгай хамгаалалттай газар нутагт төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 “эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 33 дугаар зүйлийн 2 газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 34 дүгээр зүйлийн 34.2 “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1 “эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

5. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэл” тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан атал маргаан бүхий тушаал нь эдгээр хууль зүйн үндэслэлийн алинд ч үл хамаарахаар байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...хүчингүй болгох үндэслэлийг заасан зохицуулалт биш тул тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх төрийн үйл ажиллагаа хуульд нийцэх зарчим, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь захиргааны акт хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

6. Учир нь эрх бүхий захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол хуульд заасан газар ашиглах үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байх атал хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аливаа үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж үзэхээр байна.

7. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдийг “...газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй” зөрчил гаргасан гэж буруутгаж байх боловч тус үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 0201624 дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон, Хамгаалалтын захиргаанаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2866 тоотоор гэрээ байгуулахыг мэдэгдсэн гэж маргаж байх хэдий ч уг албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх баримт авагдаагүй, мөн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2021, 2022 оны агаар сансрын зургууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглахаар хашаалж, тодорхой тооны байшин, гэрүүд барьсан, цахилгааны шугам татсан, ТП барьсан, 3 гүний худаг гаргасан зэрэг нь тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

8. Түүнчлэн, “...хариуцагч сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлаж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “А ө” ХХК-д хаяглан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх ч тухайн мэдэгдлээ хэдийд, ямар байдлаар, хэнээр хэрхэн хүргүүлсэн болон гардуулсан болохыг нотлоогүй, тухайн албан бичиг явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн ч түүнийг хүргэгдсэн талаарх ямар ч тэмдэглэгээ байхгүй учраас уг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэх боломжгүй” талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

10. Өөрөөр хэлбэл, гаргасан шийдвэр, үйл ажиллагааны үр дүнг захиргааны байгууллага өөрөө хариуцах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43 дугаар зүйлийн 43.8-т “захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус зааснаар захиргаанаас хийсэн ажиллагаа нь хуульд заасны дагуу нотлох баримтаар тодорхой харагдаж байх ёстой атал “...албан бичиг явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн ч түүнийг хүргэгдсэн талаарх ямар ч тэмдэглэгээ хийгдээгүй” энэ тохиолдолд захиргааны байгууллага сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар албан бичгээр тухайн аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. ...нэхэмжлэгч аж ахуйн нэгжид гэрээ байгуулахыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2866 тоот албан бичгээр мэдэгдсэн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

11. Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                              

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН