Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 28

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Ц.Гансүлд,

          Шүүгдэгч З.Энхбаатар, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Дарга овогт Зоригтбаатарын Энхбаатарт холбогдох эрүүгийн 201626012517 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10-14 тоотод оршин суух, урьд 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 709 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дарга овогт Зоригтбаатарын Энхбаатар /РД:ВЮ93041511/

 

          Холбогдсон хэргийн талаар :  

          Шүүгдэгч З.Энхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн Т.Батсүхийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, морин хуур, бугуйн цаг, радио зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 350,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :    

             Хохирогч Т.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Оюунбилэгийн хамт гэрээсээ 13 цагийн үед гараад Хархорин зах орж хоол хүнс авчихаад буцаад 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цонх онгорхой байхаар нь би гайхаад гэртээ орж үзтэл гэрийн хамаг юм эмх замбараагүй байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Манай гэрийн хананд өлгөсөн байсан морин хуур, бугуйн цаг, радио алга болсон байсан. ...Морин хуураа 2015 онд “Эгшиглэн” хөгжмийн дэлгүүрээс 350,000 төгрөгөөр авч байсан, цагаа зах дээрээс 30,000 төгрөгөөр, радиог 25,000 төгрөгөөр авч байсан. ...Би 300,000 төгрөг нэхэмжилсэн, түүнийгээ бэлнээр авсан, энэ талаар нотариатаар батлуулж хэрэгт хавсаргуулсан. Миний хохирлыг барагдуулан өгсөнд талархаж байна, өөр санал хүсэлт, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-22 х/,

          Шүүгдэгч З.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө гэртээ байж байгаад гэрийн хажууд байх дэлгүүрээс Нийслэл нэртэй 0,5 литрийн пиво 1 ширхэгийг аваад Сонгинохайрхан дүүргийн байрны хажууд байх Хүний хөгжлийн төвийн гадаа шатан дээр сууж байгаад өчигдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба шартаадл байсан учраас уусан. Пиво ууж дуусаад Жижигээ рүү залгаад манайд хүрээд ир гээд гэртээ дуудсан. Удалгүй Жижигээ манайд 11 цагийн үед ирээд бид хоёр архи авч уухаар болоод мөнгө байхгүй болохоор нь би машиныхаа аккумуляторыг аваад Болдоо гээд ахад 30,000 төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө 0,75 литрийн Ерөөл нэртэй архи болон нэг том Нийслэл нэртэй пиво аваад манай гэрт ирээд авсан архиа хувааж уугаад 16 цагийн үед дуусаад бид хоёр манай гэрээс гараад Ачут төв орж интернэтэд сууж 2 цаг тоглосон. Дуусаад бид хоёр тэндээсээ салаад би харих гэж байгаад 18 цагийн үед нэг эзэнгүй айл байхаар нь дотогшоо орсон. Тухайн хашаа ногоон өнгийн төмөр хаалгатай дотроо нэг цагаан шавар байшин мөн нэг давхар улаан тоосгон байшин байсан ба би цагаан шавар байшингийн хаалганы хажууд байх вакум цонхыг түлхэж онгойлгоод дотогш ороход 2 өрөө байшин байсан ба би том өрөөний хананд өлгөөтэй байсан морин хуур болон нэг жижиг радио зэрэг эд зүйлс аваад буцаад цонхоор нь гараад явсан. Авсан эд зүйлээ Дүүхээ төвийн тэнд явуулын нэг ахад 20,000 төгрөгөөр худалдаад олсон мөнгөөрөө “Сайхан” нэртэй нийтийн караоке орж нийт 3 ширхэг пиво уугаад хэдэн дуу дуулж байгаад шөнө 2 цагийн үед гэртээ харисан. ...Тухайн үед би ганцаараа байсан. ...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгай хийсэн юм өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

          Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхбаатар манай нөхөр байгаа юм, 1993 онд Баянхонгор аймагт төрсөн, айлийн бага хүүхэд, би хамтран амьдарч байгаа. Зан байдлын хувьд даруухан, хүний үг сайн авдаг, дөлгөөхөн, муу зуршлын хувьд тамхи татдаг, архи уудаггүй. Хэрэг үйлдэх үедээ надтай маргалдсандаа болоод архи уугаад хийсэн байна лээ. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27 х/

          Гэрч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр би гэртээ байж байхад манай найз Энхбаатар над руу өдөр 11-12 цагийн үед залгаад гэрт хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад Энхбаатарын гэрт очиход Энхбаатар жаахан халамцуу байсан. Энхбаатар хоёулаа гарч архи уу гээд өөрийнхөө машины аккумуляторыг аваад танидаг ахдаа 30,000 төгрөгөөр зараад бид хоёр тухайн мөнгөөрөө дэлгүүрээс 1 шил Ерөөл, 1 пиво аваад гудамжинд сууж ууж байгаад, шууд Ачут төвийн ПС тоглоомын газар ороод цаг гаруй тоглож байгаад Энхбаатар бид хоёр салаад би шууд гэртээ харисан. ...Надад хэлэхдээ найз нь хулгай хийгээд цагдаад баригдчихлаа батлан даалтад гарсан гэж хэлж байсан. …Энхбаатар хулгай хийгээд байхаар хүн биш, гайгүй сайхан ааштай, ийш тийшээ уурхайд ажиллана гээд л яваад байдаг байсан, их хөдөлмөрч, хийсэн ажлаа сайн хийдэг. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/  

          Шинжээчийн 6458 тоот дүгнэлт

          1.Шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-ийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Батбаярын ирүүлж бэхжүүлсэн 1,2,3 дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцсэн.

          2.Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000210002680, MN000210001720, MN000210025202 дугааруудаар 3 удаа бүртгэгдсэн Энхбаатар-ын зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна…/хх-ийн 27 х/       

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 х/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 х/

          Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62 х/

          Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 76 х/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч З.Энхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн Т.Батсүхийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн, нийт 350,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын эх сурвалжаар нотлогдож тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгө болох 300,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан /х-76/ байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

          Шүүгдэгч З.Энхбаатар урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоол  /хх-ийн 60-62 х/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаа 2015 оны 06 сард дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдалгүй гэж үзнэ. 

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

            Шүүгдэгч З.Энхбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч З.Энхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Энхбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Энхбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

            5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Энхбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР