Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

                                 2023/ШЦТ/156

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Р.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П овогт Ргийн Х холбогдох эрүүгийн 2312..................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ................ аймгийн ...........сумын ........... баг, ................гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, П овогт Ргийн Х /РД:............/   

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Р.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Чулуут сумын Халуун-ус багийн Доод өвөлжөө гэх газраас 2023 оны 02 дугаар сард иргэн Р.Х нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 363.305 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.     

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

              Шүүгдэгч Р.Х нь Архангай аймгийн Чулуут сумын Халуун-ус багийн Доод өвөлжөө гэх газраас 2023 оны 02 дугаар сард зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 3.31 метр куб шоо метр урттай 60 ширхэг шинэс төрлийн  хуурай мод бэлтгэж, ойн санд 363.305 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Э.А өгсөн: “...Хы хууль бусаар эрхийн бичиггүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцсан. 1.756.160 төгрөгийн хохирол учирсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч Б.А өгсөн:..манай хадам аав болох Р.Хыхтай байнга л айл аймаг байдаг хүмүүс юм. Манай хадам аав болох Р.Х 2023 оны хавар Чулуут сумын Халуун-Ус багийн доод өвөлжөө гэх газарт мод бэлтгэнэ гээд ганцаараа явдаг юм. Тухайн үедээ эрхийн бичигтэй байсан үгүйг нь мэдэхгүй. Манай хадам аав өөрөө галын түлээний мод бэлтгэдэг. Манай хадам аав болох Р.Х ер нь мод бэлтгэхдээ модыг ганцаараа бэлтгэдэг юм. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар тал/, гэрч Х.М өгсөн:..манай аав болох Р.Х ер нь урьд өмнө нь мод бэлтгэхдээ модыг ганцаараа бэлтгэсэн юм. Манай аав шинэс төрлийн унанги модноос 1.50 орчим метр урттай 60-аад ширхэг мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг тухайн үедээ аваагүй байсан юм билээ. Тухайн модыг ууланд нь бэлтгээд хураасан байсан. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй юм. Манай аавын мод бэлтгэсэн газар нь Чулуут сумын Халуун-Ус багийн доод өвөлжөө гэх газарт мод бэлтгээд ууланд нь хураасан байсан. Тухайн модыг ууланд нь бэлтгэсэн. Тухайн үед ашигласан хөрөө нь гэрт нь байгаа манай аав цахилгаан хөрөө хэрэглэж чадахгүй юм..гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/, Р.Х яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/, Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.М 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай”...Иргэн Р.Хы бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай унанги мод байна. Уг мод нь 1 метр 35 см-ийн урттайгаас 1.65 см-ийн урттай 60 ширхэг хуурай шинэс төрлийн мод байна. Нийт тоо ширхэг 60 нийт шоометр 3.0 м3  шоометр модыг бэлтгэжээ.   3.0 мшоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 363306 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АЦ 23-102 дугаартай: “...гар хийцийн төмөр хөрөөг 2023 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 16.000 /арван зургаан мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Хыг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Р.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Р.Хыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 363.305 /гурван зуун жаран гурав мянга гурван зуун тав/ төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна. 

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /363.305*3=1.089.915 /нэг сая есөн зуун наян ес мянга есөн зуун арван тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.089.915 /нэг сая есөн зуун наян ес мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.  

    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Р.Х нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа  гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Хыг  хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасан байна.

 

Иймд Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Хы гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 60 ширхэг 3.31 метр куб хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16.000 /арван зургаан мянга/  төгрөгийн үнэлгээ бүхий гар хийцийн төмөр хөрөө 1 ширхэгийг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.

                                                                                                                                                               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч П овогт Ргийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Р.Хаас  1.089.915 /нэг сая есөн зуун наян ес мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Хы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 60 ширхэг 3.31 метр куб шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16.000 /арван зургаан мянга/  төгрөгийн үнэлгээ бүхий гар хийцийн төмөр хөрөө 1 ширхэгийг тус тус хураан Байгаль орчин уур амьсгалын санд учруулсан хохирол болох  1.089.915 /нэг сая есөн зуун наян ес мянга есөн зуун арван тав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.

    

7. Шүүгдэгч Р.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР