| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00103/и |
| Дугаар | 00119 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00119
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00119 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, Т овогт А-ийн Б //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00103/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие 1966 оны 11 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Бага насаа ээжийн асрамжинд өнгөрөөж, 1974 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад 1981 онд ар гэрийн гачигдлаар гарч ах, ээжийн хамт Ховд аймгийн Манхан сумын Бясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад бог мал маллаж байгаад 1987 онд нутгийн залуу С.Жамсранжавтай бүл болж 1992 онд нэгдэл тарах хүртэл мөн нэгдэлд мал маллаж байгаад нэгдэл тарж компани болоход нөхрийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байгаад 1995 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байна.
Миний хөдөлмөрийн дэвтэрт малчнаар ажиллаж байсан зарим жилийн хөдөлмөрийн хөлсний түүврийг бичээгүй, архивын лавлагаагаар зарим жилийн материал гарч ирэхгүй нэрийг Болор гэж бичсэн байгаа тул шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.
Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух Түмэн овогт Адилбишийн Б нь шүүхэд хандан 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна....Нэхэмжлэгчийн би сайн танина. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн нөхөр С.Жамсранжав гэдэг хүүхэдтэй би нэг ангид сурч байсан. Харин нэхэмжлэгч А.Б бид нараас 2 насаар дүү. Нэхэмжлэгчийн хадам болон нөхөр С.Жамсранжав нар нэхэмжлэгчийг Болор гэж дууддаг. С.Жамсранжав манай эхнэрийг Болор гэдэг гэж танилцуулж байсан. Иргэний үнэмлэхийнх нь нэр А.Б юм байна лээ....Нэхэмжлэгч А.Б нь Сийжав гэдэг хүнээс хүнтэй суугаагүй байхад нь буюу гэртээ төрүүлсэн хүүхэд. Хүнтэй суугаагүй байхдаа төрүүлсэн хүүхэд учир нэхэмжлэгч А.Бг Дэвдэн гэдэг хүнд өргүүлсэн байдаг. Дэвдэн гэдэг айл нь хүүхэдгүй айл байсан. Тогтбаатар гэдэг хүүхэд өргөж авсныхаа дараа А.Бг өргөж авсан байдаг.
А.Б Тогтбаатар хоёр бол өргөмөл ах дүү хоёр. А.Бгийн аав буюу Дэвдэнгийн бие нь өвдөөд байхаар нь А.Бг ээж нь сургуулиас нь гаргаж авсан байдаг. Сургуулиасаа гараад удаагүй байтал аав нь нас барсан байдаг. Аавыгаа нас барснаас хойш өргөмөл ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байсан учир өөрийн төрсөн аав, ээж дээрээ ирээд өөрийн төрсөн аав болох Адилбишээр овоглосон байдаг....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 147 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадын 1984, 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Содовын Жамсранжав, Адилбишийн Б нарын 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгэсэн бичилттэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Ням-Осорын ....А.Б нь 1966 онд манай эгч С.Сийжавын ууган охин болж төрсөн. А.Б нь манай аавын гал дээр гарсан зээ охин нь юм. Гэхдээ манай авга ах Шонтлойн Дэвдэн гэдэг хүн Бг төрөөд 1 сар болсны дараа өргөж авсан. Ш.Дэвдэнгийнх хүүхэдгүй айл байсан бөгөөд Тогтбаатарыг Шонтлойн Намид гээд дүүгээсээ өргөж авсан. Дараа нь Бг өргөж авсан. Тогтбаатар нь Бгийн ах гэсэн үг. 1983 онд нагац ах Ш.Дэндэв маань нас барсан. А.Б нь 1975 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1978 онд ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. Ингээд А.Б нь аав ээж, ахынхаа хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд мал малласан. А.Б нь 1982 онд нэгдэлд гишүүнээр элссэн. А.Б нь 1985, 1986 оны үед Содовын Жамсранжавтай гэр бүл болсон. Үүнээс хойш нөхрийн хамт 1994 онд нэгдэл тарах хүртэл мал малласан....Б нь бага насандаа Дэвдэнгийн Б гэж байсан. Хэзээ овгоо солиод Адилбишийн Б болсныг мэдэхгүй байна. Адилбиш гэдэг нь Бгийн төрсөн ээж С.Сийжавтай гэр бүл болсон хүн юм....Бид нар дүү Бгаа Болор гэж дуудаг байсан. Манай нутгийн хүмүүс Болор гэдэг нэрээр нь сайн таньдаг. Б гэж дууддаг хүн бага.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Гантөмөрийн ....А.Б нь манай эхнэр Оюундулам нар нь нас чацуу юм. А.Б нь 1966 онд төрсөн, морь жилтэй юм. А.Б нь С.Сийжавын ууган охин болж төрсөн бөгөөд түүнийг Дэвдэн гэх хүн өргөж авсан. А.Бгийн өргөж авсан аав Дэвдэн нь 1980-1981 оны үед нас барсан учраас А.Б нь 7 дугаар ангиа төгсөөд төрсөн эх Сийжав дээрээ очсон. Сийжав нь тухайн үед Адилбиштэй гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлсэн байсан. Ингээд А.Б нь 1981-1986 он хүртэл төрүүлсэн ээж Сийжавынд хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баясгалант амьдрал нэгдлийн мал маллаж байсан. 1986 онд Жамсранжавтай нэг гэрт орж, 1987 оны сүүлээр хуримаа хийж байсан. А.Б нь гэр бүл болсноос хойш 1990 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл саалийн үхэр малласан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1990 онд тарж, Баясгалант амьдрал ХК болоход компанийн мал малласан....Тогтбаатар нь Дэвдэнгийн өргөмөл хүү бөгөөд А.Бгийн өргөмөл ах нь юм. Тогтбаатар нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд мал маллахаас эхлээд нас барах хүртлээ насаараа мал малласан хүн байсан....Болор гэх нэртэй эгч дүү байхгүй. А.Бг Болор гэдэг. Би Болор гэдэг нэрээр нь танина. Б гэх нэрийг нь би одоо гэрчийн мэдүүэлг өгөхдөө сонсож байна. Нутгийн хүмүүс Болор гэх нэрээр нь мэднэ.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-10, 13, 40-42, 43-45 дугаар тал/
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч А.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1608000313 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 12 дугаар тал/ тогтоогдож байна.
А.Б нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч А.Бгийн тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч А.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд уг хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зураг нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 17-28 дугаар хуудсанд авагдсан 1985 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нээсэн нэхэмжлэгч А.Бгийн нэр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрийн 1983 онд ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн хэсэгт үзгэн балаар бичигдсэн, тухайн бичвэр хэсэгт бичиг дарагч-аар арилгасан буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч А.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т овогт А-ийн Б //-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч А.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ