Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00120

 


 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00120

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, Х овогт Б-ын Б //-ын нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00105/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1969 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн нэгдүгээр ангид элсэн ороод 1985 онд төгссөн. 1985 оноос Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд сураад 1987 оны 06 дугаар сард төгссөн. Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйн цагаан үнээний фермер дээр 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн саальчнаар ажилд ороод 1989 онд Буянтын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан Нямаатай гэр болсон. 1989 оныг дуустал Буянтын тэжээлийн аж ахуйд ажилласан. 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Буянтын тэжээлийн аж ахуйд саальчнаар ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас халагдсан тушаал нь архиваас олдохгүй байсан учир би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 187059 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг Увс аймгийн Хөдөө аж ахуй Техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бүрэнжаргалын Буянзогсол гэх нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бүрэнжаргалын Б мөн болохыг тогтоож өгнө үү.

Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 187059 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Бүрэнжаргалын Буянзогсол нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хорхон овогт Бүрэнжаргалын Б мөн болохыг тогтоолгох гэж, Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тус тус тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

187059 дугаартай Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч Бүрэнжаргалын Бын нэрийг Бүрэнжаргалын Буянзогсол гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, гэрэл зураг болон түүний ажиллаж байх үеийн байгууллагын тушаалын огноо дугаар болон тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 187059 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Бүрэнжаргалын Буянзогсол нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хорхон овогт Бүрэнжаргалын Б мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 204 дугаартай албан бичгээр ирүүлсэн Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай Шагнах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, 1988 онд олгосон Гэрчилгээ, гэрч Б.Мишкагийн ....Б.Б нь 1987 онд Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд саальчнаар томилогдон ирж байсан. Тэр үед 5 охин ирж байсан. Түүнээс хойш 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд саальчнаар тасралтгүй ажиллласан....Саальчнаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй саальчин хийж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Х.Долгорын ....Б.Б бид хоёр 1987 оны зун Увс аймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг хамт төгсөөд Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд саальчнаар ажилд орж 1990 он хүртэл хамт ажилласан. Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуй 1990 онд тараад Бүтээл компани болсон. Би 1992 он хүртэл Бүтээл компанид ажилласан. Б.Б нь Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуй тарах үед л ажлаасаа гарчихсан юм....Саальчнаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй саальчин хийж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 8, 9, 10-33, 38, 43-44, 45-46 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000185 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 36 дугаар тал/

Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Минка, Х.Долгор нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 187059 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Б-ын Б нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ... дугаар регистртэй, Х овогт Б-ын Б мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Б-ын Б //-ын Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ