| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00109/и |
| Дугаар | 00121 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00121
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00121 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Б овогт И-ийн Ц //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00109/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч И.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1966 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийг 1982 онд төгсөөд Улаанбаатар хотод техник туслалцааны барилга трестэд очиж Барилгын техникийн бетон арматурын ангийн хуваарь авсан. 1983 оноос эхлэн Барилгын техник мэргэжлийн сургуулийн бетон арматурын чиглэлээр сураад 1985 онд төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш барилга триестэд ажиллаж байгаад 1992 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад Ховд аймгийн Зэрэг суманд ирсэн.
Ховд аймгийн Зэрэг суманд ирснээсээ хойш өнөөдрийг хүртэл хувиараа ажил хийж байгаа. Би 5 хүүхэдтэй, тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил дутуу байна гээд байгаа тул шүүхэд хандсан. Намайг Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл бетон арматурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч И.Ц нь Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь ББМҮЯамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай тушаалын хуулбар, 099241 дугаартай нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч С.Оюунчимэгийн .....И.Ц бид хоёр нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн орж суралцаад 1984 оны 8 сард төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ББМҮ яамны харъяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд хамт хувиарлагдан очиж Андрей гэдэг Орос даргатай бригадад ажилласан. Би И.Цтай 1988 он хүртэл хамт ажилласан. 1988 оноос хойш би ажиллаагүй. И.Ц нь ажиллаад үлдсэн тул хэдэн он хүртэл ажилласан гэдгийг нь мэдэхгүй байна. Би Ховд аймгийн Мянгад суманд шилжин ирсэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 23-24, 28-30 дугаар тал/
И.Ц нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 10 сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Нийгмийн даатгалын шимтгэлийн санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12-13 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/00287 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч И.Цыг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт И-ийн Ц //-ын Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/00287 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч И.Цыг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ