Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00245

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00245

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянхошуу багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Н-ийн М-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.М 1965 оны 04 дүгээрсарын 10 -нд Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Хар буурь гэх газарт Нямдоржийн 2 дахь хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1973 онд Мянгад сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1981 оны 06 сарын 15-нд 8 дугаар ангиа төгсөөд Мянгад сумын Давшилт нэгдлийнЦагаанбулан бригадад илгээлтээр аав ээжийн хамт туслах малчнаар 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мал маллаж байгаад 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ардын армийн 0230 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Ээж аавын хамт бог мал маллаж байгаад сүүлд тэмээчин болсон. 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Дархижавтайгаа гэр бүл болсон. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн баримтууд гэр шатахад хамт шатаж устсан. Ховд аймгийн Мянгад сумын архив бас шатсан учир надтай холбоотой баримтууд гарч ирэхгүй байгаа юм. Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас мөн надтай холбоотой баримтууд гарч ирэхгүй байгаа учир миний бие нь ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.М нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.М нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 930 дугаартай албан бичиг,

Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1981 онд төгсөгчдөөс үйлдвэрлэлд гарсан охид залуучуудын гэрчилгээг Давшилт нэгдэлд хүлээлгэн өгөх 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн акт

2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0249007 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000383 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 1982 оны 07 дугаар сард илгээлтийн эздийн өдөрлөг дээр авахууав, 1987 оны 05 дугаар сард хоршооны мах тушаах үеэр авахуулав, 1988 оны 09 дүгээр сарын Цагаанбулан багийн өдөрлөгийн үеэр авахуулав, 1987 оны 07 дугаар сард том охин Ууганцэцэгийн хамт авахуулав, 1989 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймаг руу туувар хийж явахдаа авахуулав, 1973 оноос 1981 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургууль төгссөн монтаж гэх тайлбар бүхий гэрэл зургууд, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/92 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 о ны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08/720 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн алба хаасан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126/001257 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126/001256 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 12-нд Давшилт ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Ц.Баттулгын ...Миний бие Н.М-ийг илгээлтээр гарч мал маллаж байсныг сайн мэднэ. Н.М нь 1981 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Ч.Цэрэнлхамын ..Н.М нь 1981 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан. Үеийнхэн дундаа сэргэлэн цовоо, ажилсаг, илгээлтийн эздийн дунд нэр хүндтэй байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Мийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Нямдоржийн Мийг 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ