Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00122

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00122

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00156/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нар оролцов 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомбожав овогтой М // нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Голомт банкны ЗГ5605103624 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,950,000 /таван сая есэн зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 39 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь ЗГ5605103624 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд одоогоор түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа....Гомбожаргал овогтой М гэдэг зээлдэгч нь Номингийн Ховд салбарт ажиллаж байх хугацаандаа манай банкнаас цалингийн зээл авсан. Цалингийн зээлийн төлөлт хийгээгүй. Баянхонгор аймгийн иргэн бөгөөд Ховд аймагт хүнтэй хамт амьдарч байсан. Зээл авч байх үедээ хамт амьдарч байсан хүнийхээ хаягийг өгсөн. Гэр бүлээ бүртгүүлээгүй учир хамтран амьдарч байгаад салаад явсан. Одоо тэр хаяг дээр нь хамтран амьдарч байсан хүнийх нь ээж нь амьдардаг. Ээж нь Г.Мыг тэдний гэрээс эд зүйлээ аваад явсан гэдэг тайлбарыг өгсөн. Баянхонгор аймгийн Голомт банкны салбарын хүнээр хайлгахад зах дээр зогсдог гэхдээ холбогдож чадахгүй байна гэсэн. 2019 оны 10-11 сард утасны дугаараар холбогдоход зээлийн төлөлтийг 2-3 сараар хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт тавьсны үндсэн дээр зээлийн төлөлтийг хойшлуулсан. Гэтэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Зээлийн үлдэгдэл дүнгээр Баянхонгор аймгийн шүүхэд хандахад оршин суугаа гэрийн хаяг нь байхгүй учир хүлээж аваагүй. Иймд Г.Мыг эрэн сурвалжилж өгнө үү....Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-37 тоотод амьдарч байсан....Одоо Баянхонгор аймагт байгаа байх гэж хэлсэн....Г.Мын 99444439 утас байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 11 сард холбогдсон. Түүнээс хойш энэ утас нь холбогдохгүй байгаа.гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэг нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Мыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М нь нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбараас 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЗГ5605103624 дугаартай гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийн зээл, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЗГ5605103624 дугаартай гэрээ байгуулж  нэмж 950,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ5605103624 дугаартай зээлийн гэрээ байгуулж нэмж1,500,000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус нэмж авсан болох нь Г.Мын Голомт банкны Ховд салбартай байгуулсан зээл болон барьцаат зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 8-11, 12-14, 15-17 дугаар тал/

Магнай овогт Гомбожавын М нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1 дүгээр гудамжны 37 тоотод бүртгэлтэй боловч тус хаягандаа оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Г.Мын талаарх мэдээлэл: Магнай овогт Гомбожавын М нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1 дүгээр гудамжны 37 тоотод бүртгэлтэй гэх, эмэгтэй, ВЭ84010361 регистрийн дугаартай, утасны дугаар нь 99444439, одоо Баянхонгор аймгийн төв амьдарч байгаа гэх болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... регистрийн дугаартай, М овогт Г-ын Мыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М овогт Г-ын Мыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Г.Мын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбарт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ