| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00239/и |
| Дугаар | 00123 |
| Огноо | 2020-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 00123
| 2020 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2020/00123 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нын нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ч-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батдорж овогтой Ч // нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ5605100513 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 /арван сая/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл, мөн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ5605101540 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,840,000 /арван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь ЗГ5605100513, ЗГ5605101540 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд одоогоор түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.... Голомт банк ХХК нь Ховд их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Батдорж овогтой Ч нь Ховд их сургуульд багшаар ажиллаж байх хугацаандаа цалингийн хамтран ажиллах гэрээний дагуу 2 удаа цалингийн зээл авсан. Б.Ч нь ажлаасаа халагдаад цалин нь орохгүй зээл төлөгдөхөө больсон. Утсаар холбогдоход мот бэлтгэдэг хувийн бизнес хийж байгаа. Зээл төлнө гэж хэлдэг. Зээл авч байх үедээ Ховд их сургуулийн оюутны дотуур байранд байсан. Зээлдэгчийн төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, хүү, торгуулийг төлүүлэх шаардлагатай байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаяг тогтоож өгнө үү....Б.Чтай холбогдож байх үед Завхан Ховд аймгийн чиглэлд мод бэлтгэж байна гэж 2017-2018 онд хэлдэг байсан. 2018 оноос хойш холбоо барих ямар боломжгүй болсон. Манайд бүртгэлтэй утаснууд нь бүгд холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй утаснууд байгаа....2017 оноос хойш зээл төлөгдөөгүй байгаа....Өмнө хариуцаж байсан эдийн засагч нь Мөнхзаяа 2017 оны сүүлээр холбогдсон. Би 2019 оны 4-5 сард зээлийг нь хүлээж авсан. Хотод байдаг өр барагдуулагчаар сураглуулж үзэхэд Улаанбаатар хотод 10 хороололд нэг уулзсан. Хаяг нь олдохгүй байгаа гэдэг тайлбар өгсөн....ИБ86020111 регистрийн дугаартай, Жагварал овогт Батдоржийн Ч. Мод бэлтгэж байх үедээ Завханы Баянтэс суманд байхгүй, Завхан аймгийн төвд байсан юм билээ.гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Чыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ч нь нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбараас 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ5605100513 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ5605101540 дугаартай гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээл, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ЗГ5605101540 дугаартай гэрээ байгуулж нэмж 1,340,000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус нэмж авсан болох нь Б.Чын Голомт банкны Ховд салбартай байгуулсан зээл болон барьцаат зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 8-11, 12-13, 14-17 дугаар тал/
Жагварал овогт Батдоржийн Ч нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7 дугаар гудамжны 4 тоотод оршин суух боловч тус хаягандаа оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Б.Чын талаарх мэдээлэл: Жагварал овогт Батдоржийн Ч нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн дугаар гудамжны тоотод түр оршин сууж байсан гэх, эрэгтэй, регистрийн дугаартай, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багт болон Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Жагварал овогт Батдоржийн Чыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Жагварал овогт Батдоржийн Чыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Б.Чын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ