Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00125

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00125

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, Жу овогт С К //-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00116/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, С.К нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 1959 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт Сыдыхбайн 10 дахь хүү болж төрсөн.

Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1967 онд 1 дүгээр ангид орж 1975 онд 8 дугаар анги төгсөөд хөдөө аж ахуйд илгээлтээр гарч, 3 жил ах Хастани, бэр эгч Сатбалды нартай хамт Ховд сумын 3-р бригадын Тариалан нэгдэлд мал маллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 20-нд цэргийн албанд татагдсан. 1981 оны 8 дугаар сарын 25-нд цэргийн албанаас халагдсан.1981 оны 9 сарын 5-нд Рамазаны Мутайтай гэр бүл болсон.

1981 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрт 1987оны 7 сарын 1-ний өдөр хүртэл жолоочоор ажилласан. 1987 оны 7 сарын 16-ны өдрөөс Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газарт жолоочоор ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт дуудлагын жолоочоор ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс группт байж байгаад цуцлуулсан.

Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....К гэж бичдэг боловч хүмүүс дуудлагаараа Хенжехан гэж Х үсгээр бичээд байдаг....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.К нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.К нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.К нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөрийн 1470 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1976-1979 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сугуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай ....Жайлау Күнту овогт Сыдыбайн К нь тус сургуульд 1967 онд элсэн орж, 1975 онд 8 дугаар анги төгссөн нь үнэн.... гэх бичвэртэй албан бичиг, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Жамиханы Хэнжээханыг Сыдыхбайн К болгосон 126/000522 дугаартай овог, нэр өөрчилсөн тухай лавлагаа, гэрч Х.Байкельдийн ....С.К бид хоёр нэг нутагт төрж, багаасаа хамт тоглож өссөн. С.К нь 1959 онд төрж, 1967 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1975 онд 8 дугаар ангийг төгссөн. Ингээд илгээлтийн эзэн болж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар томилогдсон. С.К нь 1975-1978 он хүртэл өөрийн нь төрсөн ах С.Хастанйны хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн мал маллаж байсан. Учир нь С.Кы аав Сыдыхбай нь түүнийг сургуульд ороогүй бага байхад нь нас барсан. Би тухайн үед жоохон хүүхэд байсан учраас яг хэдэн онд нас барсныг сайн санахгүй байна. С.К нь С.Хастанй ахынхаа суурьт 1978 он хүртэл нэгдлийн мал малласан. С.К нь 1978-1981 оны хооронд цэргийн алба хаасан...1981 оноос хойш нэгдэлд малчнаар ажиллаагүй... гэх мэдүүлэг гэрч Т.Бахайн ....С.К нь 1967 онд Ховд аймгийн Ховд сумын дунд сургуульд 1 дүгээр ангид хамт элсэж орсон. С.К нь 1975 он 8 дугаар анги төгсөж, илгээлтийн эзнээр гарч ах С.Хастанйгийнд туслах малчнаар томилогдсон. С.К нь 1978 онд цэргийн албанд татагдаж, 3 жилийн цэргийн алба хааж, Эрдэнэт хотод ажиллаж байгаад нутагтаа ирсэн. Эрдэнэт хотод ямар ажил хийж байсныг мэдэхгүй байна. С.К нь нутагтаа ирээд Ховд аймгийн Ховд сумын эмнэлэгт няраваар ажилласан. Хэдэн онд ирснийг мэдэхгүй байна. С.К нь Ховд аймгийн Ховд сумын няраваар ажиллаж байснаас хойш би мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-8, 12, 13, 14, 27-29, 30-32 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8702 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/

  Хавтаст хэргийн 9-10 дүгээр дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Бахай, Х.Байкельд нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч С.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж овогт С-н К //-ы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.К-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ