Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

                                                                                                                                                          

 

 

 

                                      2023/ШЦТ/104

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Нямжав

Хохирогч: Д.Га

              Шүүгдэгч: Г.Ц    

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таван шар овогт Гжийн Цд холбогдох эрүүгийн 2312000000045 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хашааг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ................ тоотод газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Таван шар ургийн овогт Гжийн Ц/РД:АС............/  

 

                                                       Холбогдсон хэргийн талаар:

 

              Шүүгдэгч Таван шар овогт Гжийн Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг Наранбулаг 26-9 тоотод гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Га руу архины хундага шидсэний улмаас биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд жижиг зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч Г.Цын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Санаатай цохиогүй, 2 нүд рүү нь цохиогүй, гэмшиж байна. Нэг нүдээ өөрөө гэмтээсэн өөрөө мэдэж байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан нэг удаа өршөөж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

            *Хохирогч Д.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Манай нөхөр гарч яваад танихгүй хүнтэй хамт 0.5 литрийн архи барьж орж ирсэн. Юун хүн бэ гэхэд энэ хүн ус уух гэж байгаа хүн гэсэн. Тэгээд 0.5 литрийн архиа хувааж ууж байснаа юунаас болсон юм маргалдаад, тэгснээ нөгөө хүнээ түлхэхээр нь дундуур нь ороод боль гэсэн чинь нөгөө хүн рүү шидэж байсан жижиг рүнк нь миний нүд рүү цохисон. Би гарч гүйгээд цагдаа дуудаад ороод ирсэн чинь нөгөө хүн гараад явсан байсан...” гэх мэдүүлэг,

  

            *Эрүүгийн 2312000000045 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Д.Гын өгсөн:

            “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө манай нөхөр дэлгүүр орчихоод ирье гэж гарч яваад цаг гарны дараа үл таних нэг эрэгтэй хүнтэй 0.5 литрийн Ихмонгол гэсэн нэртэй архитай орж ирсэн. Тэгээд тэр архиа ууж дуусчихаад хоорондоо маргалдаад хэрүүл хийж байснаа нөгөө хүн чинь манай хүнийг заамдаад цохих гээд байхаар нь түлхэж аваад архи хундагалж байсан рүүнкээ нөгөө хүн рүү шидтэл миний баруун талын нүд рүү ирээд цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудсаныг мэдсэнээ нөгөө хүн нь гараад яваад өгсөн. Үл таних залуу манай нөхөр хоёр л уусан. Заамдалцсанаас өөрөөр зодолдсон асуудал байхгүй. Манай нөхөр үл таних залуу руу шидсэн архи хундагалж байсан рүүнк миний баруун талын нүд рүү цохисон өөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөртэйгөө маргасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/

 

*Гэрч Ц.Бийн өгсөн:

            “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би айлд байшингийн обой нааж өгчихөөд орой 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь эхнэр байхгүй байсан, тэгэхээр нь Г.Цынд ортол Төмөрхуяг гэх манай найзтай 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи тавьчихсан нэг нь бүтнээрээ нэг нь талдаа орчихсон тэр 2 хувааж уугаад сууж байсан. Тэгээд бид 3 тухайн архийг хувааж ууж дуусчихаад Төмөрхуяг түрүүлээд гараад явсан. Би Г.Цд хандаж одоо архиа боль гэж хэлчихээд гарах гэтэл араас татаж байх шиг байсан. Тэгсэн эхнэр Д.Гантуяа нь боль гээд дундуур орж ирсэн. Би цаашаагаа гараад гэр рүү гээ орчихсон. Маргааш өглөө нь Г.Цыг цагдаа аваад явсан куртик байна уу гээд эхнэр нь орж ирсэн. Хөхрөөгүй байсан. Маргааш үдээс хойш нь харахад хоёр нүд нь хөхөрсөн байсан. Би Г.Цд хандаж одоо архиа боль гэж хэлчихээд гарах гэтэл араас шилэн хүзүүн дээрээс татаж авсан тэгэхэд эхнэр нь дундуур орж ирээд салгасан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Д.Гантуяа хэлэхдээ Цогоо цохьчихсон гэж байсан. Цагаан өнгийн пийвор рүүнк байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/

 

            *Яллагдагч Г.Цын өгсөн:

            “....Би сайн санахгүй байна, согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай:

            “...Д.Гын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр нүдний зовхины цус хуралт тус бүрийг 1-2 хоногийн зайтай гэмтсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын жижиг зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Г.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

            Гэм буруугийн талаар: 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг Наранбулаг 26-9 тоотод гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Га руу архины хундага шидсэний улмаас биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд жижиг зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Ц үйлдсэн болох нь хохирогч Д.Гын“...Тэгээд тэр архиа ууж дуусчихаад хоорондоо маргалдаад хэрүүл хийж байснаа нөгөө хүн чинь манай хүнийг заамдаад цохих гээд байхаар нь түлхэж аваад архи хундагалж байсан рүүнкээ нөгөө хүн рүү шидтэл миний баруун талын нүд рүү ирээд цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудсаныг мэдсэнээ нөгөө хүн нь гараад яваад өгсөн. Үл таних залуу манай нөхөр хоёр л уусан. Заамдалцсанаас өөрөөр зодолдсон асуудал байхгүй. Манай нөхөр үл таних залуу руу шидсэн архи хундагалж байсан рүүнк миний баруун талын нүд рүү цохисон өөр гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн“...Би Г.Цд хандаж одоо архиа боль гэж хэлчихээд гарах гэтэл араас татаж байх шиг байсан. Тэгсэн эхнэр Д.Гантуяа нь боль гээд дундуур орж ирсэн. Би цаашаагаа гараад гэр рүү гээ орчихсон. Маргааш өглөө нь Г.Цыг цагдаа аваад явсан куртик байна уу гээд эхнэр нь орж ирсэн. Хөхрөөгүй байсан. Маргааш үдээс хойш нь харахад хоёр нүд нь хөхөрсөн байсан. Би Г.Цд хандаж одоо архиа боль гэж хэлчихээд гарах гэтэл араас шилэн хүзүүн дээрээс татаж авсан тэгэхэд эхнэр нь дундуур орж ирээд салгасан. Д.Гантуяа хэлэхдээ Цогоо цохьчихсон гэж байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна,  харин шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжгүй байна. Шүүгдэгч хохирогч нар нь бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед шүүгдэгч Г.Ц өөрийн эхнэр Д.Га руу архины хундага шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан талаар хохирогч, гэрч нарын мэдүүлсэн, гэр бүлийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй  бие махбод, сэтгэл санаа, эд засгийн хувьд дарамталсан үйлдэл тогтоогдохгүй байх ба тохиолдлын шинж чанартай нэг ыудаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж  үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

              Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

         Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэргийн шинжийг  харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Цын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4/дөрөв/ хоногийг нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Таван шар овогт Гжийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

      2. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4/дөрөв/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар /240-32.000=208/ тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

           5. Шүүгдэгч Г.Цд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           7. Шүүгдэгч  Г.Ц нь  энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх  тогтоол  уншиж  сонсгосноор  хүчинтэй  бөгөөд  шүүгдэгч,   хохирогч  нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           9. Гомдол  гаргах  эрх  бүхий  этгээд  давж  заалдах  журмаар  гомдол  гаргасан,  улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР