| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0160/З |
| Дугаар | 221/МА2025/0753 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0753
Б.М-ыннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “1/ Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах”, 2/ “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0607 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Б.Э /цахимаар/, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0160/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Маас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0607 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Маас Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах, Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтын хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. …Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдын Б/13 дугаар тушаалаар Х амаржих газрын захирлын албан тушаалд түр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар "Х амаржих газар" мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдож, мөн тушаалаар Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүйд тооцсон.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай 460 дугаар тогтоолоор үндсэн чиг үүрэг өөрчлөгдөж "Амаржих газар" болгон Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяалалд шилжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А/17 дугаар "Шилжүүлэх тухай" тушаалаар шилжин, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу Х амаржих газрын захирлаар томилсон болно.
3.2. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар Б.М надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэг. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны "Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай" 411 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 43 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн засаг даргын 2022 оны "Дүрэм шинэчлэн батлах тухай" А/495 дугаар захирамжаар баталсан "Нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2022 оны А/46 дугаар тушаалаар баталсан "Газрын хөдөлмөрийн дотоод журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.1.6 дах хэсгийг тус тус үндэслэн тушаах нь гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна. 14.1.3 дахь хэсэгт "Яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал" нь төрийн үйлчилгээний албан тушаал байхаар хуульчилжээ. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно" гэж заасан.
3.3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.19 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй, аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалын үндэслэлд бодитой хууль ёсны дүгнэлт хийгээгүй байна.
3.4. Мөн Төрийн албаны сонгон шалгаруулалтыг ажил олгогчоос огт зарлаагүй мөртлөө сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй болно. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-т хариуцагч нь сонгон шалгаруулалт зарлаагүй байхдаа маргаан бүхий тушаалаар төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилогдсон үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь түүнийг сонгон шалгаруулалт болох хүртэл томилсон зорилгод нийцэхгүй" гэж зөв дүгнэсэн атлаа, нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.5. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4 дэх хэсэгт сонгон шалгаруулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, шалгалт авах тухай харилцааг зохицуулсан байх бөгөөд сонгон шалгаруулалт зарлах үүрэг нь ажил олгогч, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад байгаа болно. Нөгөө талаар Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй болно.
3.6. Нэхэмжлэгчээс Нийслэлийн эрүүл мэндийн газын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн байхад Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.15, 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь хэсэг болон бусад хууль зурмыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дүгээр дээрх сонгон шалгаруулалт нь холбогдох хууль зөрчсөн байх тул төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Нийслэлийн Х амаржих газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, хууль заасан үүргээ биелүүлнэ үү гэх гомдол гаргасан.
3.7. Гэвч тухайн гомдлыг шийдвэрлээгүй атлаа, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/38 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 25/049 дугаартай гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дотор Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт зааснаар буюу 12 дугаар зүйлээс 15 дугаар зүйлд зааны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж нэхэмжлэгчид хариу өгөх байжээ.
Мөн хуулийн 7 дугаар зүйлд өргөдөл, гомдлыг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг зохицуулсан ба 4-т өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэж захиргааны байгууллагын нийтлэг үүргийг зохицуулсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй буюу зохих хариуг өгөөгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1, 3.2-т дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд шалгалт зохион байгуулж, ... 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар Ш.А-г Х амаржих газрын даргаар томилсон" гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан ба хариуцагч захиргааны байгууллагын идэвхгүй, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд хууль дээдлэх зарчмын хүрээнд, түүний үйл ажиллагаа нь гагцхүү хуулийн хүрээн явагдах учиртай бөгөөд үндэслэлгүйгээр иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчих үндэслэлгүй юм
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна 107 дугаар зүйлийн 107 4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал. захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн ундэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасантай нийцэхгүй байна.
3.9. Түүнчлэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг шүүхээс сонгон шалгаруулалт зарлагдах хүртэлх хугацаагаар гэж тодорхойлсон бөгөөд дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.15 буюу түр хугацаанд томилсон" гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дах хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заагаагүй үндэслэлээр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой материаллаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгддэг тул ажлаас халагдсанаас хойшхи үйл баримтаар хувийн эрх зүйн харилцаа буюу материаллаг хуулийг хэрэглэхгүй байх үндэслэлгүй юм.
3.10. Мөн сонгон шалгаруулалтад бүргүүлээгүй тул нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ажлаас халагдсан үйл баримтаас хойш болсон үйл баримтаар маргаан бүхий тушаалыг зөвтгөх үндэслэлгүй юм.
Тиймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0607 дугаар шийдвэр нь бүхэлдээ хууль есны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Маас “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах” шаардлагын тухайд:
3.1. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Б.Мыг Х амаржих газрын захирлын албан тушаалд түр томилж, мөн сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Б.М-ыг тус өдрөөс Х амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд томилж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүйд тооцжээ.
Улмаар, Х амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанаас Нийслэлийн харьяанд шилжүүлэн Х амаржих газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар тушаалаар Б.Мыг Эрүүл мэндийн сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Х амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилсон байна.
3.2. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилогдсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзвэл Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэж үзэхээр байх бөгөөд тус хуулийн үйлчлэл мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэж зааснаар зогссон.
3.4. Мөн Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-аас үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”:, 27.1.1. “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”;, 27.2. “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 27.3. “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, 39 дүгээр зүйлийн 39.1.15. “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэж,
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтан (цаашид удирдах албан тушаалд томилогдох ажилтан гэх)-ыг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө”, 1.2. “Удирдах албан тушаалд томилогдох ажилтанд Төсвийн тухай хуулийн 16.4.1-16.4.17-д зааснаас бусад боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны болон эрүүл мэнд, биеийн тамир, спортын зэрэг албан тушаалтнуудыг хамааруулан ойлгоно” гэж тус тус заажээ.
3.5. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “Х амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилсон” атлаа тус албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй байхдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар “төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар” томилсон уг тушаалын зорилгод нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...сонгон шалгаруулалтыг ажил олгогчоос огт зарлаагүй мөртлөө сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
3.6. Гэсэн хэдий ч Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/159 дүгээр албан бичгээр Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт зарлагдсан болохыг нэхэмжлэгч мэдсэн болох нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд гаргасан 25/049 дугаар “...шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх” тухай хүсэлтээр тогтоогдож байх төдийгүй нэхэмжлэгч нь тус сонгон шалгаруулалтад оролцоогүй байгаа энэ тохиолдолд түүнийг чөлөөлсөн болон гуравдагч этгээдийн томилсон тушаалыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.7. Учир нь маргаан бүхий албан тушаал болох Х амаржих газрын захирал буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох хуулийн зохицуулалттай бөгөөд тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч нь оролцоогүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байгаа энэхүү тохиолдолд 2025 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Ш.А-г Х амаржих газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлснийг үндэслэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар Ш.А-г Х амаржих газрын даргаар томилсныг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй.
3.8. Учир нь нэхэмжлэгчийн эргэн томилуулахыг хүссэн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд сонгон шалгаруулалтад орж тэнцсэний үндсэн дээр томилогдох албан тушаал байх тул төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцоогүй, хуулийн шаардлага хангаагүй нэхэмжлэгч Б.Мыг тус албан тушаалд эгүүлэн томилохыг шүүхээс даалгаж шийдвэрлэх хууль зүйн хувьд үндэслэлгүй.
3.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд 78.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”; 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг Х амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа хариуцагчаас тус албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ гаргаагүй, эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулалт зарлаагүй байхад маргаан бүхий 2024 оны Б/238 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг энэхүү магадлалын ҮНДЭСЛЭХ хэсгийн 3.5-дахь хэсэгт дүгнэсэн тул 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар Ш.А-г Х амаржих газрын даргаар томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч Б.Мд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж шийдвэрлэх нь шударга ёсны бөгөөд хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
4. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Х амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоох шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ “...иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, өргөдөл гомдол хариу өгөх үүргээ биелүүлээгүй...” эс үйлдэхүй гаргасан нь хууль бус хэмээн тайлбарлан маргажээ.
4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд хандан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/049 дугаар албан бичгээр “...шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” гомдол гаргасан.
Тус зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/38 дугаар албан бичгээр “...тусгай шалгалтын захиалгыг цуцлах, хойшлуулах асуудлаар санал, хүсэлт ирүүлээгүй бөгөөд ...томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг томилохоос татгалзаагүй байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус, өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол шүүх тухайн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах учиртай.
4.4. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэж тус тус заажээ.
4.5. Дээрх хуулийн зохицуулалтууд, маргааны үйл баримтаас үзэхэд Төрийн албаны салбар зөвлөл нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу захиргааны байгууллагаас ирүүлсэн сул орон тоог нөхөх захиалга ирүүлсний дагуу тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байх бөгөөд зарлагдсан сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх эрхийг Төрийн албаны зөвлөлд олгоогүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасан зохицуулалт нь албан хаагчийг томилох эрх бүхий этгээдэд хамаарах зохицуулалт байх тул хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тухайлбал 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар Ш.А-г Х амаржих газрын даргаар томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч Б.М-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0607 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар Ш.А-г Х амаржих газрын даргаар томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч Б.Мд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН