Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00061

 

    М.Н-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

             

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00150 дугаар шийдвэртэй,

М.Н-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 5604962 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 342981 төгрөг, хохирол 909800 төгрөг нийт 7157743 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “М.Н нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 110\ШШ2017\0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221\МА2017\00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 7120850 төгрөгийн цалингийн олговрыг гаргуулахыг хүсэж байна. Түүнчлэн миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд 400000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж авсан, давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөө оролцуулахын тулд 509800 төгрөгийн зардал гаргасан ба эдгээр зардлууд миний хувьд хохирол болж байгаа учраас үүнийг хариуцагчаас нэхэмжилнэ. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7120850 төгрөгтэй тэнцэх хэмжээний цалингийн олговор болон хохирол 509800 төгрөг нийт 7630650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Нэхэмжлэл гаргах үед ажилгүй байсан хугацааны цалингийн олговрын тооцоо 7120850 төгрөг гэж буруу тооцоолсон байсныг 5700860 төгрөг болгож тодруулж байна. Хууль журмын дагуу ажилтан бүр ээлжийн амралтаа авч биеэр эдлэх ёстой. Хэрэв ажил олгогч намайг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол амралтаа эдэлж, амралтын мөнгөө авах байсан. Миний бие 2017 онд нийт 15 хоног амрах ёстой бөгөөд амралтын мөнгө 342981 төгрөг болж байна. Тооцооллын талаар шүүх хуралдаанд тайлбарлах болно. Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарын тус бүрд 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай ажлын газрын бүх ажилчид авсан. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байсан. Өмгөөлөгч хөлслөхөд 400000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч оролцуулахад 509800 төгрөг нийт 909800 төгрөгийн зардал гарсан ба эдгээр зардлуудыг хохиролд тооцож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 6000860 төгрөг, амралтын мөнгө 342981 төгрөг, хохирол 909800 төгрөг нийт 7253641 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэж байна.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “М.Н-ыг Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилсон. Монгол Улсын Үндсэн Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д шүүх хараат бус гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлж, өөрийн зөвшөөрснөөр 3 сарын тэтгэмж олгосон. Гэтэл шүүх хуульд биш даргын тушаалд захирагдан шийдвэр гарсан. Нэгэнт орон тоо, бүтэц, цалингийн сан 15 хүнээр ирсэн, 2017 оны жилийн эцэст урамшууллын 300000 төгрөг мөн 15 хүнээр тооцсон. Улсын Их Хурлаас баталсан төсөв, цалингаас илүү орон тоо бий болгож цалин олгох боломжгүй болно. Харин уг орон тоо бүтэц цалингийн хамт ГЗБГЗЗ-д асуудал тавьсан боловч уг орон тоог бүр мөсөн хасаж ирүүлсэн байсан. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00150 дугаар шийдвэрээр:

 

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 4865534 төгрөг, урамшуулал 300000 төгрөг бүгд 5165534 (таван сая нэг зуун жаран таван мянга таван зуун гучин дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1992209 (нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун есөн) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 97599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Нэхэмжлэгч М.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М би, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

1. Нэхэмжлэгч М.Н нь шүүхийн эцсийн шийдвэрээр урьд эрхэлж байсан Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Шүүхээс М.Н-ы ажилгүй байсан хугацааны дундаж цалинг сарын 547691 төгрөг, хоногийн 25474 төгрөг гэж дүгнэсэнд маргаан байхгүй. Нэхэмжлэгч М.Н нийт 13 сар 24 хоног ажилгүй байсан ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэрээр 3 сар 19 хоногийн цалинг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Н нь 10 сар 5 хоногийн цалин болох 5,604,280 төгрөг болон Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу авах ёстой байсан 300,000 төгрөг нийт 5,904,280 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг хариуцагчаас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн. Гэвч анхан шатны шүүх үүнийг буруу тооцоолж нэхэмжлэлийн шаардлагыг дутуу хангасан байна.

 

2. Анхан шатны шүүх амралтын мөнгийг нэхэмжилсэн хэсгийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүх “...М.Н нь амралтаа биеэр эдэлж чадаагүй тухай нотлох баримт байхгүй байна” гэжээ. Хэрэгт цугларсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 466 дугаар захирамж болон Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоол зэрэг нотлох баримтууд нэхэмжлэгчийг амралтаа биеэр эдэлж чадаагүйг нотолж байгаа. Шүүх үүнийг анхаараагүй.

 

3. Хэрэв ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга намайг ажлаас хууль бусаар гаргаагүй байсан бол 909800 төгрөгөөр хохирох ёсгүй байсан. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00150 дугаар шийдвэрт өөрчлөл- оруулж, нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн  130/ШШ2018/00150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

 

1. Нэхэмжлэгч М.Н-ы 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрын шийдвэрийг гаргахдаа сарын цалинг буруу бодож тооцооны алдаа гаргасныг тухайн үед шүүх хуралд хэлж байсан. Үүнийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр шийдэх боломжгүй байна.

 

2. М.Н нь ажлаас халагдсан үед ажлын хариуцлага алдаж Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд 2017 оны сүүлээр бүх төрийн албан хаагчдад олгосон 300000 төгрөгийн урамшуулал нь тухайн үеийн байгууллагын бүтэц, орон тоогоор ирж, ажилчдын ажлын үр дүнгээр олгогдсон тул М.Н-д урамшуулал олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд уг шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхэд буцааж дахин нягтлан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн боловч ажилгүй байсан нийт хугацааг буруу тооцож алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

            М.Н нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 5604962 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 342981 төгрөг, хохирол 909800 төгрөг нийт 7157743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 08 сар 19 хоногийн олговорт 4865534 төгрөг, урамшуулал 300000 төгрөг нийт 5165534 төгрөг  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1992209 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, М.Н нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар тус байгууллагын газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөгджээ. Улмаар М.Н нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дугаартай шийдвэр, Захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0470 дугаар магадлалаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй  байна.

            Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 547691 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

            Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл буюу 8 сар 19 хоногоор тооцсон буруу болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан ба энэ өдөр хүртэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж М.Н-ыг ажилд аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гэж тооцсон нь үндэслэлгүй байх тул түүний ажилгүй байсан хугацааг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл /анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр/ тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд, М.Н-ы ажилгүй байсан хугацааг 10 сараар тооцож, ажилгүй байсан 10 сарын хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5476910 төгрөгийг /547691х10сар/ ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн “сарын цалинг буруу бодож тооцооны алдаа гаргасан, М.Н-д урамшуулал олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, М.Н-ы ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшууллын мөнгийг гаргуулахдаа анхан шатны шүүх зөв тооцож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ.

                                                                                                        

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00150 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх” гэснийг “2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх” гэж,  “ажилгүй байсан хугацааны олговор 4865534 төгрөг” гэснийг “ажилгүй байсан хугацааны олговор 5476910 төгрөг” гэж,  “бүгд 5165534 төгрөгийг” гэснийг “бүгд 5776910 төгрөгийг” гэж, “нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1992209 төгрөгийг” гэснийг “нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1380833 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “97599 төгрөгийг гаргуулан” гэснийг “107380 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46830 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулан буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                       

Д.КӨБЕШ