Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0177/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Х.*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***од холбогдох эрүүгийн 2318000000180 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил-эрх зүй мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт*******, **** тоотод оршин суух *******, урьд ял шийтгэлгүй, *** овгийн ***гийн *** ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Х.*** нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хууль сахиулагчаар ажиллаж байхдаа иргэн *** 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “Мөнхнар үсчин, гоо сайхны салоноос алтан гинж, гар утас хулгайд алдсан” гэх гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 204 тоот мэдүүлэг авах өрөөнд хохирогч ***гаас мэдүүлэг аваагүй атлаа “... салондоо цэвэрлэгээ хийж байгаад буйдангийн араас гар утас гинж 2 олж авсан, ... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн утга агуулга бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэн тэмдэглэл бичиж, хохирогч ***г Дархан-Уул аймгийн*******,*******ын 5 дугаар багт байрлах “***” үсчин гоо, сайхны салонд байх ажлын байрандаа байхад нь очиж “урьд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтэй адил зүйлийг тусгаж бичсэн” гэж итгүүлэн мэдүүлгийн тэмдэглэлийг уншуулалгүй гарын үсэг зуруулсан, хохирогчийн мэдүүлгийг хэрэгт хавсаргасан болох нь:

 

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасны дараагаар цагдаагийн албан хаагч нар манай үсчний газрын хажуугийн дэлгүүрийн камерыг шүүж, ажлын байранд орж ирж үзлэг шалгалт хийж миний алдагдсан гэх гинж, утсыг хайсан. Мөн тухайн өдөр надтай хамт архи уусан хүмүүсээс мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авсан, өөр ямар ажиллагаа хийснийг би хэлж мэдэхгүй байна. Анх өргөдөл хүлээж авсан цагдаагийн алба хаагч /нэрийг нь мэдэхгүй/ надаас мэдүүлэг авч манай ажил дээр ирээд камер шүүсэн. Сүүлд нэг цагдаагийн алба хаагч залуу /нэрийг нь мэдэхгүй/ утсаар залгаж таны хэргийг урд нь мөрдөж байсан залуу ээлжийн амралтаа авсан гэж дуудсан. Намайг Цагдаагийн газарт 3 давхарт ирж уулзахад “таны гомдол гаргасны дагуу Тэргэл, *** нарыг шалгалаа, таны алдсан юм олдохгүй байна, гэхдээ Тэргэлийг таны алтан гинжийг авсан байж магадгүй гэж хардаж байна, гэхдээ тулгаад шалгахаар гэрчгүй болохоор болохгүй байна, мөн *** таны гар утсыг авсан байж болзошгүй байна” гэж хэлээд танаас мэдүүлэг авна гэж ярьж байснаа мэдүүлэг авалгүй намайг явуулсан.Таны мэдүүлгийг хуучин хэлж байснаар чинь мэдүүлэгт тусгаад биччих үү гэж асуухаар нь “тэгчхээрэй миний дүү” гэж хэлэхэд тэр мөрдөгч залуу “тэгвэл би тань дээр очиж гарын үсэг зуруулна” гэж хэлээд үлдсэн. Тэгээд тэр мөрдөгч залуутай хамт ажилладаг нэг залуу миний араас гарч ирээд цагдаагийн газрын шатнаас бууж байхад шатан дээр уулзаад “За эгчээ Тэргэл таны гинжийг авсан гэж бид нар мэдэж байгаа, харин утсыг чинь *** авсан гэдгийг мэдэж байгаа” гэж хэлэхээр нь би “тэгээд одоо яах уу” гэж асуухад тэр залуу “бид нар гэрч хайж байгаа, гэрч олдохгүй болохоор нэмэргүй болчхоод байна” гэж хэлсэн. Тэгээд “араас чинь очиж уулзана” гэж хэлээд үлдсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа надтай уулзсан Баянтогтох билүү, *** гэж сүүлийн хэрэг мөрдөж байсан мөрдөгч залуу хавтаст хэргээ барьчихсан ирээд манай ажлын үсчин охидтой таньдаг болчихсон хөзөр тоглож байхыг хараад хамт хөзөр тоглож сууж байснаа “эгчээ энэ дээр гарын үсэг зураарай” гэж хэлээд хавтаст хэргээ өгөхөөр нь би “миний урд гаргасан өргөдлийг сэргээж, ажлаа хийж яваа юм байна” гэж бодоод хэлж заасан газарт нь уншилгүй гарын үсэг зуруулсан. Намайг гарын үсэг зурсны дараа “өргөдөл бич” гэж нэг цагаан цаас өгөөд Цагдаагийн газарт хандсан өргөдөл бичсэн. “Юу гэж өргөдөл бичих бэ” гэж асуухад “гомдолгүй” гэсэн өргөдөл бичүүлэх гэж байхаар нь би уурлаад “би бичихгүй, та нар 20 хүн биш 2 хүний дотроос миний юмыг яагаад олж өгч чаддаггүй юм” гэж хэлэхэд “та яасан муухайгаар хэлдэг юм бэ” гэж хэлэхээр нь би “тэгэлгүй яадаг юм, би гомдолтой байна, би дахиж өргөдөл гаргана” гэхэд хавтаст хэрэгт бичүүлэх гэж байсан хоосон цаастай өргөдөл бичих гэж байсан цаасыг урж хаяад гараад явчихсан. Тэр цагаас хойш чимээгүй байж байтал Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***а гэж хүн утсаар яриад “та юм аа алдсан хүн мөн үү, гомдолгүй болсон чинь үнэн юм уу” гэж асуухаар нь би “гомдолгүй гэж хэлээгүй, би өөрөө очиж уулзъя” гэж хэлээд Дархан-Уул аймгийн прокурорын газарт очиж Г.Уянга прокурортой уулзсан. *** прокурорын надад танилцуулсан хавтаст хэрэг дотор надаас аваагүй мэдүүлэг байсан, тэр мэдүүлэгт зурагдсан гарыг үсэг миний өөрийн гарын үсэг мөн байсан. Тэгээд би манай үсчний газарт нөгөө мөрдөгч залуу ирж гарын үсэг зуруулахдаа надаар зуруулсан байна гэж мэдсэн. Тэр мэдүүлэгтэй танилцахад “гинжээ буйдангийн араас олсон, ямар ч гомдолгүй” гэдэг байдлаар надаас мэдүүлэг авсан байдлаар асуулт, хариулт болгоод биччихсэн байсан, ... *** гэж залууд одоо ингээд мэдүүлэг өгч байгаа шиг ингэж суугаад мэдүүлэг өгч байсан удаа байхгүй. Харин хэргийн талаар ирж уулзаж ярилцаж байсан удаа байгаа. Дээрх мэдүүлгийг би өгөөгүй, намайг Дархан-Уул аймгийн прокурор *** дуудаж дээрх мэдүүлэгтэй танилцуулахад би энэ мэдүүлэгтэй танилцсан. Энэ мэдүүлэг худал, *** байцаагчийг зохиож бичсэн бодож байна... Би тухайн үед тэмдэглэл дээр гарын үсэг зурахдаа доторх агуулгатай уншиж танилцалгүй гарын үсэг зурсан байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-61/,

 

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан юм. Тухайн өдөр *** гэх хүний өргөдлийг 15 цаг 06 минутад хүлээн авч ***г хохирогчоор тогтоож, хууль сануулж мэдүүлэг авсан. *** гэж хүнтэй хамт ажилладаг тухайн өдөр гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан болон тухайн үсчин гоо сайхны салоноор орж гарсан А.Тэргэл, Б.Гантуяа, Ү.*** нараас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, ***аас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, Л***-***аас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчийн мэдүүлэг авч ажилласан, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний “Капитал зууч” хөрөнгийн үнэлгээний компаниар алдагдсан эд зүйлийн хохирлын үнэлгээний дүгнэлт гаргуулсан. 17 грамм алтан гинжийг 3,570,000 төгрөгөөр, Самсунг А31 маркийн гар утсыг 300,000 төгрөгөөр тус тус үнэлсэн... Ингээд би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ээлжийн амралт эдлэхээр болж 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.***од хэрэг бүртгэлтийн 10, гэмт хэргийн шинжтэй 2 гомдол хүлээлгэж өгөөд амарсан. Хэрэг хүлээлгэж өгөхдөө нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж тасгийн даргаар батлуулж хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52/,

 

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би энэ гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, гэхдээ эзэнгүй хулгайн хэрэг гарсан талаар мэдсэн, ... ***тай шатан дээр уулзсан хүн би мөн. Гэхдээ *** гэж хүн өөрөө хэлэхдээ: “...хүн нь тодорхой байхад та нар яагаад шалгаж тогтоож миний юмыг олж өгөхгүй байгаа юм бэ” гэж ***, *** нар руу уурлаж дайраад байсан болохоор ”би гэрчтэй байсан бол олж өгөлгүй яах вэ, гэрч гэгээ байхгүй байхад яах бил ээ” гэж хэлээд салсан... Х.***, А.Чинзориг нар уг хэргийн араас нэлээн явсан боловч тогтоогдоогүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64/,

 

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *** хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад ээлжийн амралтаа аваад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.***од хүлээлгэн өгсөн. ...*** нь иргэн ***гаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” мөрдөгчийн санал батлуулахдаа “гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй” гэж танилцуулсан. ...нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид хүлээлгэн өгсөн... тогтоол нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоол байгаа юм. ...Энэ хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66- 67, 196-197/,

 

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***ыг уг иргэнээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг мэдэж байна, “хугацаа дуусах гээд байна, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх гээд байна” гээд ярьж байхыг санаж байна, ... *** 2023 оны 1 дүгээр сард 311 тоот өрөөнд дэслэгч *** бид З хамт суудаг байсан.... *** намайг өрөөндөө байж байхад тухайн үеийн 311, одоогийн 302 тоот өрөөнд ***гаас мэдүүлэг авч байгаагүй. Мэдүүлэг авахгүйгээр уулзаж, ярилцаж байсныг санаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193-194/,

 

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*** нилээд их бичиг цаас барьчихсан ирээд *** эгчээр гарын үсэг зуруулж байсан... *** намайг ажлаас гарах хүртэл хугацаанд гинж, гар утсаа олсон гэж хэлээгүй. Үсчний газар нэг буйдан байдаг, тухайн үед буйдангийн доогуур хайгаад олоогүй. Гар утас, гинжээ олсон гэж яриагүй, би лав сонсоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199- 201/,

 

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...*** надруу надруу утсаар залгаж гар утас, гинж 2-оо алга болгочихлоо” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод хамт хайгаад, үсчний газрын буйдангийн доогуур, бүх газруудаар үзээгүй газар гэж байхгүй. Гэтэл олоогүй... Цагдаагийн алба хаагч нар бид нараас бүгдээс нь мэдүүлэг авч, камер шүүж үзсэн боловч олж чадаагүй... Хэдэнд билээ он сарыг санахгүй байна, энгийн хувцастай цагдаа ганцаараа ирж *** эгчтэй уулзаад, манай үсчинд сууж байгаад явсан... Удалгүй эргэж ирээд *** эгчээр материал дээр гарын үсэг зуруулж дуусаад “гомдолгүй гэсэн өргөдөл бичээд өг” гэж хэлсэн. Тэгтэл *** эгч юу гэж би гомдолгүй гэж өргөдөл бичих юм гэж уурлахад за за гээд материалаа аваад гараад явсан. Тэр үед манай үсчин ***, *** бид 3 байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-205/,

 

Гэрч ***йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*** миний гинж, гар утас 2 алга болсон байна гээд хайгаад байж байсан. Ер нь *** тэр зүйлийг хулгайлсан байлгүй, алдартай хулгайч юм шиг байна лээ... Сүүлд ***тай уулзахад “миний хэргийг цагдаагаас хаасан байна лээ, би прокурорт өргөдөл гаргасан байгаа” гэж хэлж байсан. Хэзээ, ямар шалтгаанаар хаасныг мэдэхгүй... ***гийн гинж, гар утсыг буйдангийн доогуур, жорлон, угаалтуурын наагуур, цаагуур, тэргэнцэр, шалаар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 208-209/,

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/224 дугаартай албан бичиг, холбогдох бусад баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 4-7/,

Хэрэг бүртгэлтийн 231800060 дугаартай хэрэгт үзлэг хийж, нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 8-48/,

 

Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 56/2124 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.***од холбогдох материалууд /1 дүгээр хавтаст хэргийн 73-106/,

 

Мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 176-183/,

 

Мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 184-186/,

 

Мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 187-191/,

 

Мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 237-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-15/,

 

Мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 16-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.*** нь “Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллах”-аар тангараг өргөж Цагдаагийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.6 дугаар зүйлд заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ биелүүлэлгүй хохирогчоос мэдүүлэг аваагүй атлаа “гэмт хэрэг гараагүй” агуулга бүхий тэмдэглэл үйлдэж, хохирогчоор уншуулалгүй гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргасан үйлдэл нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Х.*** нь хууль сахиулагч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №Б/438 дугаартай тушаал, мөн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай тушаалууд /1 дүгээр хавтаст хэргийн 74, 75/-ын хуулбараар тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Х.***ыг хууль сахиулагч, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

“Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгч Х.***оос гаргуулах төлбөргүй байна.

 

Хэдийгээр материаллаг хор, хохирол учраагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилт, иргэд олон нийтийн хуулийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан нь материаллаг хор хохирол учруулснаас ч илүү ноцтой хохирол гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Х.***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ялын доод хэмжээгээр буюу 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлбөргүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. *** овгийн ***гийн ***ыг хууль сахиулагч, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х.***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***од оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд, сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД