Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00126

 


 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00126

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, Ш овогт П-ын Ч //-ийн нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00118/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, П.Ч нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1976-1986 онд 10 дугаар анги төгсөж, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд илгээлтээр гарч эцэг, эхийн хамт мал малласан. 1989 он хүртэл эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1989 оны 01 дүгээр сарын 08-ны Мөст сумын Туяа нэгдлийн малчин Найдангийн Балдоржтой гэр бүл болж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал малласан. Би 3 хүүхэдтэй.

...Одоо малчнаар тэтгэвэрт гарах гэсэн тул Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 0 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна....Миний хоч нэрийг Чойсүрэн гэдэг байсан. Манай эцэг, эх намайг бага байхад Чойсүрэн гэж дууддаг байсан....Манай ангид Пүрэвжавын Чойсүрэн гэдэг нэртэй хүн байхгүй. Намайг хэлж байгаа юм....Намайг нутгийн ахмад настангууд Чойсүрэн гэдгээр мэднэ. Харин залуучууд Ч гэдгээр нь мэднэ....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Ч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Ч нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1886 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 1 дүгээр бригадын 1987-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, П.Чгийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, нэхэмжлэгч Пүрэвжавын Ч, Найдангийн Балдорж нарын 126/001009 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулиас олгосон 10 дугаар анги төгссөн №534639 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч Ч.Баастын ....П.Ч нь 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад аав Шоовойн Пүрэвжавын суурьт мал малласан. П.Ч нь Найдангийн Балдоржтой гэр бүл болж, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн малыг 1989 он дуутал малласан. Тухайн үед би Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн тоо бүртгэгч хийж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 11-14, 15-26, 32, 34, 42, 43-44, 50-53 дугаар тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Ч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдлаа.

  П.Ч нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны адгуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1614000210 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 27 дугаар тал/

Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөст сумын 1 дүгээр бригадын 1982-1885 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ч.Бааст, Э.Батсүх нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгч П.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш овогт П-ын Ч //-ийн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Ч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ