| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00291/И |
| Дугаар | 00248 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00248
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00248 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух, .. дугаарын регистртэй, О овогт Ш С-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Цахиртолгой гэх газар төрсөн. Миний бие нь бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1985 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчин аав Ш.Шаалайн суурьт туслах малчнаар томилогдон очиж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний ээжийг Цэдэнпил гэдэг байсан. Миний аав Шаалай нь бог мал малладаг, Сумын аварга малчин цол хүртэж байсан. Миний бие нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Миний бие нь 1994 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын иргэн Санжаа овогтой Алтансүхтэй гэр бүл болж, Говь-Алтай аймаг руу шилжсэн. Бид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас 1991 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Олхонууд овогт Шаалайгийн С намайг 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх... гэж заасан байна.
Хүсэлт гаргагч Ш.С, түүний өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй байна.
Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.С, түүний өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ш.С нь 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.С нь 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 423 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын 1 дүгээр бригадын 1985 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0094731 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0532000273 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/001407 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/001406 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаартай Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл нь 1992 оны 03 дугаар сарын 23-нд Сутайн хөгжил ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн С.Төгсбаярын ...Хар банди овогт Сэнгэдоржийн Төгсбаяр миний бие нь 1965 оны 06 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Миний бие нь бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригад буюу Дэлгэр бригадад аав В.Сэнгэдоржийн бог малын суурьт туслах малчнаар томилогдон очиж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний бие нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1981 оноос хойш малчнаар ажиллаж одоог хүртэл мал маллаж байгаагийн хувьд Олхонууд овогт Шаалайгийн Сийг 1985 оноос хойш нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг гэрчилж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Шаалайн Сийг 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ