Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00127

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00127

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, С овогт Ц-ийн Э //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00119/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэрэндоржийн Э миний бие 1969 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд Цэрэндоржийн 1 дэх охин болон төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд 1977 онд 1 дүгээр ангид орж 1985 онд дугаар ангиа төгссөн.

Ингээд тодорхой эрхэлсэн ажилгүй байж байгаад 1988 оны 4 дүгээр сараас эхлэн 1989 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ногоочин хийсэн.

1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Х.Эрдэнэчулуунтай гэр бүл болж 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажилласан. 1992 онд Социализм нэгдэл тарж хувиараа мал маллаж ирсэн. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг.

Одоо миний бие тэтгэвэрт гарах гэж байгаа тул Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1989 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Э нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 157 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, нэхэмжлэгч Цэрэндоржийн Э, Хандаагийн Эрдэнэчулуун нарын 126/000637 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Б.Эрдэнэчулууны ....Ц.Э нь 1988 оны өвөл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадад бэр болж ирснээсээ хойш Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригад буюу Намарзан бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш нэгдэл тартал нөхрийн хамт мал малласан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Ганбатын ....Ц.Э нь 1988 оны зун Хандаагийн Эрдэнэчулуунтай гэр бүл болсон үеэсээ хойш 1991 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригад буюу Намарзан бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 7, 15, 25-26, 27-28 дугаар тал/

  Ц.Э нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1616000064 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 8 дугаар тал/

Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Эрдэнэчулуун, Ц.Ганбат нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С овогт Ц-ийн Э //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ