Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00249

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00249

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дарви сум, Мөнгөн аяга багт оршин суух, ... дугаарын регистртэй, О овогт Д-ийн А-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 09 дүгээр сарын 26-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн орж 1985 онд 8 дугаар ангиа төгссөн. 1985 оны 06 дугаар сараас мал аж ахуйн илгээлтээр гарч аав ээжийн хамт 1989 оны 12 дугаар сарыг дуустал Мөрөн багийн нэгдэлд мал маллаж байгаад 1994 онд Мөрөн багийн харъяат Цагаачийн Баяраатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авсан. Иймд намайг 1985 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Агийн 1985 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.А нь 1985 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 451 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөрөн буюу 3 дугаар бригадын 1985 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 1058466 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000800 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00687 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 525420 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126/002451 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126/002452 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаартай Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл нь 1992 онй 03 дугаар сарын 23-ны өдөр Сутайн хөгжил ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Ц.Энхжаргалын ...Миний бие Ховд аймгийн Дарви суманд 1964 оноос 2009 оны 07 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Д.А нь 1986 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга багт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Ч.Энхтуяагийн ...Д.А нь 1986 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга багт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Агийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхон овогт Данаагийн Аг 1985 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ