Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2023/0223/Э |
Дугаар | 2023/ШЦТ/232 |
Огноо | 2023-06-22 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0223/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** овогт ***гийн ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000258 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** тоотод оршин суух хаягтай, Урьд
Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогтой ***гийн *** ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цайдмын хөндий гэх газар асфальтан зам дээр Хино маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Р.***ийг дайрч амь насыг нь хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 33 дугаар гудамжны 3 тоотод гэртээ нөхөр 4 хүүхдийн хамт байхад манай эгч *** залгаад Р.*** ахыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Цайдмын хөндий гэх газар тээврийн хэрэгсэлд мөргүүлээд өөд болсон талаар хэлсэн болохоор нь би шууд өөрийн нөхөр Чинбатын хамт Орхон аймгаас Дархан-Уул аймагт ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 тал/,
Гэрч Д.***ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 0 тоотод гэртээ байхад миний утас руу *** эгч залгаад чи ***, *** бид гурвыг Эрдэнэт аймаг руу хүргээд өг гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн орчимд Улаанбаатар хотоос Эрдэнэт аймгийн чиглэлд өөрийнхөө саарал өнгийн *** улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хүргэж өгөхөөр болсон. Тухайн үед миний тээврийн хэрэгсэлд *** ах согтуу суусан бөгөөд *** ах бас жоохон халамцуу тээврийн хэрэгсэлд суусан юм. Ингээд замд явж байхад *** ах 2-3 удаа тээврийн хэрэгслээс бууж тамхи татаж бие зассан. Ингээд ***, ***, *** бид нар 2023 оны 04 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Цайдмын хөндий гэх газар явж байхад *** ах тээврийн хэрэгслээс бууж тамхи татна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тээврийн хэрэгсэл дотроо тамхи татаад сууж байхад *** ах тээврийн хэрэгслээс буугаад алга болчихсон байхаар нь би *** ахад хандан *** ахыг олоод ир гэж хэлээд явуултал удалгүй *** ах гүйж ирээд *** ах том тээврийн хэрэгсэлд дайруулчихлаа гэж хэлээд ирэхээр нь би тээврийн хэрэгслээс буугаад хартал манай тээврийн хэрэгслийн нилээд ард талд зогсож байсан тээврийн хэрэгслийн арын дугуйны ард талд нь хэвтэж байсан. Шууд 7037102 дугаарын утсанд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 тал/,
Гэрч Р.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү гарахаар болсон. Ингээд замдаа явж байхад манай дүү *** нь 2 удаа машинаас бууж бие зассан бөгөөд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Цайдмын хөндий гэх газар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим явж байхад тамхи татмаар байна гэж хэлэхээр нь *** тээврийн хэрэгслээ зогсоосон. Ингээд *** ах тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хаалгаар буусан бөгөөд нилээд удаан хүлээгээд ирэхгүй байхаар нь *** надад хандан *** ахыг аваад ир, яагаад удаад байна гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд хаалгаар буугаад урагшаа зам дагуу алхаж байхад манай ах *** замын зүүн талын эгнээ дагаад алхаж байсан юм. Тэгтэл ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан саарал өнгийн том оврын ачааны машин *** ахыг тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр мөргөөд дээгүүр нь гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархи, цээжний гэмтэл: Гавлын орой, зулай, хоёр чамархай, дух яс болон нүүр ясны нийлмэл хугарал, суурь ясны урд, дунд хонхор, суурь ясны их далавч дайрсан үйрч бяцарч олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, хуйхны язарсан шарх, зүүн 1, 2, 3-р хавирга, баруун 2-р хавирганы хугарал, зүрхний орой хэсэг, элэгний няцрал, зүүн гарын няцарч уутлагдсан шарх, зүүн чих, эрүүний баруун хэсэгт шарх, цээжний зүүн доод хэсэг, баруун хөх мах, цээжний баруун хэсэг, баруун гарын сарвуу, баруун өвдөгний дотор хажуу хэсэг, зүүн шилбэний өмнөд дунд хэсэг, нурууны баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх бүх гэмтлүүд нь амьдад нь үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 4. Гавлын орой, зулай, хоёр чамархай, дух яс болон нүүр ясны нийлмэл хугарал, суурь ясны урд, дунд хонхор, суурь ясны их далавч дайрсан үйрч бяцарч олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, хуйхны язарсан шарх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх зүүн 1,2,3-р хавирга, баруун 2-р хавирганы хугарал, зүүн гарын няцарч, уутлагдсан шарх, зүүн чих, эрүүний баруун хэсэгт гүн шарх гэмтэл 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид хийсэн 2023.04.08-нд хийсэн хэргийн газрын үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 0.7 промили илэрсэн байна, талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-55 тал/,
Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай “...*** нь Хино маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67 тал/,
Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай “...Хино маркийн ***улсын дугаартай цагаан өнгийн автомашинд тормосны систем болон механизмын эд МNS-4598:2011 стандартыг үндэс болгон үзлэг хийхэд стандартын шаардлага хангаж замын хөдөлгөөнд оролцсон боловч техникийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73 тал/,
Хэргийн газрын үзлэгийн, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-20 тал/
Яллагдагч ***гийн “...өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.
Өчүүхэн төдий анхаарал сулрахад бусдын амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тул тээврийн хэрэгслийн жолооч ямагт анхаарал болгоомжтой явах ёстой.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь харанхуй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд ***г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:” ...миний бие нь шүүдэгч ***д гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, нийт хохирол оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 34,100,000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй. ***д аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсье” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан материаллаг хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн саравчтай малгай, 1*1 см хэмжээтэй 2 ширхэг төмөр, хар өнгийн куртка 1 ширхэг, эрээн цоохор өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг 1 хос оймс, хүрэн өнгийн 2 ширхэг 1 хос гутлыг устгаж, цагаан өнгийн Самсунг гэх бичиглэлтэй гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, *** дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, *** серийн дугаартай ***гийн ***гийн жолооны үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогтой ***гийн ***г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн саравчтай малгай, 1*1 см хэмжээтэй 2 ширхэг төмөр, хар өнгийн куртка 1 ширхэг, эрээн цоохор өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг 1 хос оймс, хүрэн өнгийн 2 ширхэг 1 хос гутлыг устгаж, цагаан өнгийн Самсунг гэх бичиглэлтэй гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, *** дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, *** серийн дугаартай ***гийн ***гийн жолооны үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД