Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00128

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00128

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, Б овогт Б-ийн Б//-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00132/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багт Батаагийн 6 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1985 онд төгсөөд мал дээр гарч, 1985 оноос хойш ээж аавынхаа хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн нэгдүгээр бригадад мал малласан. 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цэдэнбалын Пүрэвдоржтой гэр бүл болж мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн нэгдүгээр бригадад мал маллаж өнөөдрийг хүртэл амьдарсан. Би малчнаар тэтгэвэрт гарах болсон тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөрийн 282 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын 1986-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр ирүүлсэн ПО69112506 регистрийн дугаартай Батаагийн Б нь 1985 онд Эрдэнэбүрэн сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн нь үнэн болно гэх бичвэртэй албан бичиг, нэхэмжлэгч Батаагийн Б, Цэдэнбалын Пүрэвдорж нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Б.Бт олгосон Баярын бичиг, 1986 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Б.Бт олгосон Баярын бичиг, 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бт олгосон Баярын бичиг, гэрч Д.Нямжавын ....Б.Б нь 1985 оны хавар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр нэгдэлд ажиллахаар хуваарилагдсан. Тэгээд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Мягмардоржийн ....Б.Б нь 1985 оны 6 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Б.Б нь тус нэгдэлдээ нэгдэл тартал малчнаар ажилласан. Тэгээд 1987 онд Цэдэнбалын Пүрэвдоржтой гэр бүл болоод мөн л тус нэгдэлдээ малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-11, 14, 16, 20, 21, 25-26, 27-28 дугаар тал/

  Б.Б нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны адгуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1616000218 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 18 дугаар тал/

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Мягмаржав, Д.Нямжав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Б-ийн Б //-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ