Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0225/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** овогт ***ын ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, *** овогт ***ын *** ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 33 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12,4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/ц-аас хэтрүүлэхгүй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***мөргөж эрүүл мэндэд нь дух, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн дэх аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын гайморын хөндийн өмнөд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна, ар ханын хугарал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Хэргийн   газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8 дугаар тал/,

Камерын  дүрс бичлэгт үзлэг хийсэн талаар тэмдэглэл, /хавтаст хэргийн 22-26 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тараад гэртээ харих гээд Дархан сумын 5 дугаар багт байрлах “***” төв рүү чиглэлд төв зам дагуу алхаад явж байхад машины дугуй буудчихав уу гэмээр хүчтэй чимээ гарахаар нь зам руу харахад нэг эрэгтэй хүн “***” худалдааны төвийн урд талын авто зам дээр мөргүүлсэн байсан. Би мөргүүлсэн хүн рүү очиход ямар ч ухаангүй, толгой хэсгээс цус гарч байсан. Харин тухайн хүнийг мөргөсөн цагаан өнгийн Приүс 10 маркийн машинаас нэлээд хөгшин ойролцоогоор 65-70 орчим насны эрэгтэй хүн машины жолооч талаас бууж ирж байсан. Ингээд мөргүүлсэн хүн дээр жолооч хөгшин ах ирээд ямар нэг юм хэлэлгүй шокийн байдалтай байсан. Ингэхээр нь би цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгөөд эмнэлэг ирэхийг хүлээж байсан. Энэ хороонд “***” дэлгүүр талаас ирж байгаа машин зам дээр мөргүүлсэн хүн харахгүй дээгүүр нь гарчих эрсдэлтэй байхаар нь би замд явж байсан Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг зогсоогоод тухайн машин мөргүүлсэн хүнийг машины хөдөлгөөнөөс хааж аваарын гэрлийг татаж эмнэлгийн тусламж иртэл зогсоосон. Ингээд эмнэлгийн машин удалгүй ирээд хохирогчийг аваад явсан би ч гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг шилжих шөнө гэртээ унтаж байхад дүү Эрдэнэсайхан зам тээврийн осолд орсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна гэж хэлэхээр нь би дүү дээрээ яваад очиход дүүгийн биеийн байдал маш хүнд, нүүр нь маш их хавдартай, ухаангүй байсан. Өнөөдрийн байдлаар мөн ухаан ороогүй хүний бүрэн асаргаанд байж байна. Би гомдолтой байна. Эрүүл саруул байсан дүүгээ эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг буруутай жолоочоор нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар ямар ч ухаан ороогүй байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35, 50 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... дүү маань одоо болтол хүний асаргаанд байна. Цаашид удаан хугацааны эмчилгээ сувилгаа хэрэгтэй, Эмчилгээний явцад их хэмжээний зардал гарсан боловч баримт бүрдүүлж чадсан зардлаа л нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаартай: “...Хэргийн газрын үзлэг нөхцлөөс харахад *** овогтой *** нь ***улсын дугаартай Тоёото Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. *** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/ц-аас хэтрүүлэхгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. *** овогтой *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Тус тээврийн хэрэгслийн явган зорчигчийг мөргөөд зогсох хүртэл зайн урт 36.5 м байна. Машины хурд 68 км/цаг байсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

Авто инженер, шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай: “...тээврийн хэрэгслийн дугуйны хээний гүн 1 мм байгаа нь суудлыг тээврийн хэрэгсэлд 1,6 мм-ээс багагүй байх стандартын шаардлагыг хангахгүй ба тросс нь тасарч хээгүй болсон байна. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй ба дугуй стандартын шаардлага хангаагүй оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 71-74 дүгээр тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 424 дугаартай: “...***ы биед хоёр тал бөмбөлгийн дух, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн дэх аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын гайморын хөндийн өмнөд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна, ар ханын хугарал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *** нь үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй оролцож, хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч ***г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч ***ы хууль ёсны төлөөлөгч *** хохирол төлбөрт 4,328,364 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч шүүх хуралдааны завсарлага авч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

 

Мөн хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч *** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “материаллаг хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 66 настай, тэтгэвэрт байдаг зэрэг хувийн байдал болон хохирогч ***ы хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн 1 ширхэг хос гутал, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. *** овогт ***ын ***г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн 1 ширхэг хос гутал, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Хохирогч *** түүний хууль ёсны төлөөлөгч *** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД