| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00133/и |
| Дугаар | 00129 |
| Огноо | 2020-03-25 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 00129
| 2020 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00129 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 5-18 тоотод оршин суух, Г овогт Б-ийн О //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Б овогт Р-ын Б /-д холбогдох,
Нартын хашаа нэртэй хаваржааны газраас албадан нүүлгэх, хаваржааны газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00133/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Отгонзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Нартын хашаа гэх нэртэй хаваржааны газрыг 1999 онд Цэлхээжав гэдэг хүнээс худалдаж авсан. Намайг Нартын хаваржааны дээд талд байдаг ээжийндээ очоод буцаад явж байхад Цэлхээжав гэдэг хүн надтай уулзаад миний охин энэ газар нас барчихлаа, өөрөө байх боломж байхгүй, эгч нь хаваржааныхаа газрыг зарах гэхээр мөнгөтэй хүн алга байна гэж хэлээд охиноо нас барчихсан болохоор сэжиглээд байгаа байдалтай, миний охиныг харчихаад миний охин байсан бол ийм байх байсан гэж уйлаад ярьсан. Бид нарын хувьд насаараа хамт амьдарч байгаа хүмүүс учраас манайд ойролцоо юм чинь авъя гэж хэлээд зөвшөөрөөд Ховд аймагт орж ирээд мөнгийг нь Мөнххайрхан сум руу дүүгээрээ дамжуулаад Цэлхээжавт өгч явуулсан. Цэлхээжав мөнгөө авсны дараа гэрчилгээгээ гаргаж өгөөгүй бөгөөд 2013 оноос эхлээд идэвхтэй хөөцөлдөж эхлээд 2014 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд гэрчилгээ гаргаагүй байхаар нь Ховд аймгийн Газрын албанд хандсан. Ховд аймгийн Газрын албанаас шалгаад бусдын газартай давхцаагүй талаарх албан тоотыг 2019 оны хэрэгт хавсаргасан. Энэ талаар хариуцагч өөрөө мэдэж байгаа. Тухайн газар 100 хувийн дэмжлэгтэйгээр Иргэдийн хурлын тогтоол гарсан...Багийн Иргэдийн хурал 2017 онд дахин хуралдаж байхад Р.Б хуралд оролцож байгаад энэ хашааг би авах ёстой, надад авч өг гэж хэлсэн боловч дэмжээгүй бөгөөд хурал дээр босч ирээд чамайг ална гэж хэлсэн. Мөн намайг өвчтэй, зовлонтой авгай, чи галзуугийн эмнэлэгт очих гэж байгаа гэж хэлсэн. Миний хувьд мэдрэлийн судас дарагдсанаас болоод толгой өвддөгийг далимдуулаад доромжилж, танхайраад, намайг барьж зодно гэхээр нь хамт байсан сумдын удирдлагуудад хандаад энэ арай хэтэрч байна, бичлэг хийж баримтжуулаад өгдөг газар нь өг гэж хэлэхэд тэндээс хүр дүү нь босч ирээд Р.Басангомбыг чирээд гарсан. Дараа нь Иргэдийн хурал 100 хувийн дэмжлэгтэйгээр зөвшөөрөгдсөн асуудал болсон. Хариуцагч Р.Б хариу тайлбар дээрээ худлаа, үнэн юм их бичсэн байсан....Р.Б миний хаваржаа дээр байгаагүй бол манай гэрт орж танхайраад, гэр орны хаалга, цоож эвдэх үйлдэл хийх үү. Манай гэрийн хажуу тал буюу хашааны хажууд тугалын зэл татсан байхад малын хашаа руу оруулж гэрээ барьсан. Гэрээ даруулахдаа манай гэрийн түлхүүр доор нь хийчихсэн байсан чулуугаар даруулсан байсан. Тэр чулуун доор хийсэн байгаа ногоон оосортой түлхүүрийг хүн харна ш дээ. Би цагдаа дагуулаад гэртээ орох гэсэн боловч гэрийн түлхүүр байхгүй байсан. Манай гэрт байсан ууттай морины тоноглолууд алга болсон. Би Р.Басангомбын мал хариулдаг залуугаас энэ талаар асуухад би мэдэхгүй, Р.Б ахтайгаа ирж гэрээ барьсан, гэр даруулсан асуудлыг Р.Б хийсэн гэж хэлсэн. Р.Б морь уралддаг бөгөөд хурдан морьтой. Дараа нь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд цоожлох боломжгүй болгосон. Хаалга эвддэг өдөр буюу 11 дүгээр сарын 02-ны өдөр машинтай миний хажуугаар дээшээ өнгөрч очоод гэрийн хаалга эвдээд буцаад явсан байсан. Дараа нь энэ хэргээр цагдаагаар явах болсон чинь мал хариулдаг залуу руугаа оруулчихсан.Миний зүгээс хариуцагч Р.Басангомбыг хүний эд хөрөнгөнд халдаж, эвдэхгүй байх талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна....Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэхээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Р.Б нь миний эд хөрөнгөнд халдсан бөгөөд гэр дотроос эд зүйл алга болсон. Эдийн хохиролд хаваржааны хашаа, мал хөрөнгө, гэр орон орно. Эдийн бус хохиролд миний сэтгэл санаа орох бөгөөд сэтгэл санаанд дахин хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан....Би сумын удирдлагуудад Р.Басангомбыг хаваржаа дээр гэрээ барьсан байна, тэрийгээ очиж зохицуулаарай гэж хэлээд хандсан. Энэ талаар бүгдээрээ мэдэж байгаа....Би ер нь шалгуулаагүй. Р.Бтой адилхан надад хуулийн байгууллагаар яваад байх сонирхол алга. Би нэр хүндээ бодож байна. Мөн цаг зав болон сэтгэл санаагаа ч бодож байна....Мал хэвтэх болон өвөлжүүлэх боломжгүй бөгөөд хүүш газар юм. Гэтэл энэ хүн 10-12 сар хүртэл байсан. Намайг сураглахад Р.Б 2019 оны 11 сар өнгөртөл байсан....гэв.
Хариуцагч Р.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би анх Нартын хашаа нэртэй газрыг Баттулга гэдэг хүнээс 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Баттулга гэдэг хүн Цэлхээжав гэдэг хүнээс тэр газрыг худалдаж аваад 2-3 жил байсан. Би Баттулгаас тэр газрыг авснаасаа хойш 10 гаруй жил бууж, эзэмшсэн. Гэтэл Б.О гэдэг хүн 2016-2017 онд Цэлхээжав гэдэг хүнээс газрыг худалдаж авсан гэж худлаа хэлээд бичиг баримт гаргуулахаар болсон. Би Баттулга гэдэг хүнтэй бичиг баримтын талаар хэлээд яах талаар асуухад би Хуяг-Очир гэдэг хүнд зарсан, Б.От зараагүй, 25 малаар худалдаж авсан, нэг мал илүү аваад явсан гэж өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн. Б.О анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эгчийнхээ дүүгийн нэрээр гаргахаар нь тэр залуугаас нь асуухад тийм асуудал байхгүй, манай эгч тэгж яваа юм гэж хэлсэн. Газрын даамал миний оруулж өгсөн өргөдлийг хүлээж аваагүй....Түүнээс хойш Б.Отэй маргаад 2019 оны Нартын хашааны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрчилгээ гарчихсан учраас та Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч Б.О надаас түрүүлээд буйр чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан. Би тэр буйр дээр өмнө нь 10 гаруй жил буусан нь үнэн. Тухайн газрын гэрчилгээ энэ хүн дээр гэж гарснаас хойш дахиж буугаагүй....Намайг худлаа хэлж хулгай хийсэн талаар бичсэн байсан. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Эцэг, эхийнхээ малыг өсгөж, өөрөө жолооч учраас машин барьж тээвэр хийж амьдардаг болохоос биш хулгай хийж амьдраагүй....Намайг Нартын хашаа гэх газарт очоод гэрийн цоож эвдсэн талаар хэлж байгаа нь ор үндэслэлгүй шүү....Иймд би тэр газар буугаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Би 2019 оны хавар Б.Оээр энгэр заамнаасаа татуулаад зодуулсан. Энэ хүн надаар зодуулчихаад мөнгө нэхэх санаатай байгаа....Харин Б.От гар хүрээгүй....Намайг гэрийн даруулгын чулуун доороос түлхүүр авсан гэж хэлээд байгаа. Би энэ хүний гэр рүү ойртоогүй. Б.Оийн мал хариулж байсан хүн аккумулятор гэр рүү оруулахаар цоожийг нь эвдсэн байсан. Би гэрийнх нь цоожийг эвдээгүй. Гэтэл манай мал хариулдаг малчнаар Б.О 150,000 төгрөг төлүүлж авсан байсан. Энэ бүгд яг үнэн шүү....Би маргаан бүхий газарт буухгүй байгаа....Би энэ хүний хөрөнгөнд халдаагүй... Миний хувьд энэ хүний сэтгэл санаанд хохирол учруулсан асуудал байхгүй....Тэр залуу надад өөрөө 100,000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би хаалга үүдийг чинь эвдээгүй. Танайд мал хариулдаг залуу аккумулятор авах зорилгоор хаалгыг чинь эвдсэн гэж тайлбарласан. Би хоолтой хүн учраас хүний хаалга эвдэх хэмжээний хүн биш....Намайг 2018 оны 11 дүгээр сард нэг хонож байхад малчинтай нь хамт хөөчихөөд, өөрөө мал авч ирж шахаад хаваржаагаа хөлдөөсөн. Түүнээс хойш дахиж буугаагүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь Р.Бд холбогдуулан Нартын хашаа нэртэй хаваржааны газраас албадан нүүлгэх, хаваржааны газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О нь Нартын хашаа нэртэй хаваржааны газраас албадан нүүлгэх, хаваржааны газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх гэж, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон сэтгэл санаанд дахин хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах гэж тус тус тодруулав.
1-рт. Ховд аймгийн Манххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Б эс зөвшөөрөхдөө ....Тухайн газрын гэрчилгээ энэ хүн дээр гэж гарснаас хойш дахиж буугаагүй.... гэж маргасан байна.
Б.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт байрлах Нартын хашаа гэх газарт 1500 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшдэг болох нь 000024382 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 4 дүгээр тал/
Хариуцагч нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжид гомдол гаргаж байгаа гэж тайлбарлах боловч энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Р.Б нь маргаан бүхий газарт өвөлжөөгүй болох нь нэхэмжлэгчийн ....Мал хэвтэх болон өвөлжүүлэх боломжгүй бөгөөд хүүш газар юм. Гэтэл энэ хүн 10-12 сар хүртэл байсан. Намайг сураглахад Р.Б 2019 оны 11 сар өнгөртөл байсан.... гэх, хариуцагчийн ....Би тэр буйр дээр өмнө нь 10 гаруй жил буусан нь үнэн. Тухайн газрын гэрчилгээ энэ хүн дээр гэж гарснаас хойш дахиж буугаагүй.... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн маргаан бүхий Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэлх хугацаанд Р.Б нь хууль бусаар эзэмшлээгүй, өвөлжөөгүй байна.
Тодруулбал, аливаа газраас албадан нүүлгэх, газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага нь тухайн хариуцагчаар татан оролцож байгаа этгээд тухайн газарт оршин байгаа үйл явцыг ойлгоно.
Гэтэл хариуцагчаар оролцож буй этгээд нь маргаан бүхий газарт нутаглаагүй, оршин байгаагүй байхад Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2-рт. Нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон сэтгэл санаанд дахин хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Р.Б нь эс зөвшөөрч ....Би энэ хүний хөрөнгөнд халдаагүй....Миний хувьд энэ хүний сэтгэл санаанд хохирол учруулсан асуудал байхгүй... гэж маргав.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгө болон сэтгэл санаад хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгахыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.О нь шүүх хуралдаанд ....Хариуцагч Р.Б нь миний эд хөрөнгөнд халдсан бөгөөд гэр дотроос эд зүйл алга болсон. Эдийн хохиролд хаваржааны хашаа, мал хөрөнгө, гэр орон орно. Эдийн бус хохиролд миний сэтгэл санаа орох бөгөөд сэтгэл санаанд дахин хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.... гэж тайлбарлах боловч хариуцагч Р.Б нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг гэмтээсэн, устгасан, түүний сэтгэл санаанд хохирол учруулсан үйлдэл гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Бд холбогдох, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх, нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон сэтгэл санаанд дахин хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШЗ2020/00322 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Оийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Бд холбогдох, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт байрлах Нартын хаваржаа гэх нэртэй 1500 м.кв талбай бүхий хаваржааны газрыг Р.Басангомбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх, нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон сэтгэл санаанд дахин хохирол учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШЗ2020/00322 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Оийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ