Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0741

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэлмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Базар нар,

 

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Р.Ц, О.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дугаартай захирамжийн Р.Цд холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 тоот захирамжийн Р.Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/524 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0651 дүгээр шийдвэртэй,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц /цахимаар/, гуравдагч этгээд Р.Цын өмгөөлөгч А.Б /цахимаар/ 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2022/0525/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бгаас Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дугаартай захирамжийн Р.Цд холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 тоот захирамжийн Р.Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0651 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн иргэн Равдандоржийн Чанцалд холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Р.Цын Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай А/524 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дүгээр захирамжийн иргэн Р.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Б татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн тухайд:

1/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн  оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заажээ.

2/ Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний дагуу захиргааны хэрэг үүсгэсэн. Гэвч шүүх хуралдааны явцад тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад нэхэмжлэгчийн тус татгалзлыг баталсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтын дагуу шүүх Нийслэлийн Засаг даргын тус захирамж хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах учиргүй билээ. Гэтэл шүүхийн шийдвэр бүхэлдээ тухайн захирамж үндэслэлтэй, хууль ёсны эсэхэд чиглэгдэж, энэ хүрээнд гарсан байна. Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

3.2 Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй тухайд:

          1/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүрэгтэй. Энэ заалтын дагуу анхан шатны шүүх нь Нийслэлийн Засаг даргын А/524 дүгээр захирамжийг гаргахад үндэслэн “хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн нэр шилжүүлсэн” гэх үйл баримт, түүнийг нотолсон бичмэл баримт зэргийг бүрэн гүйцэд, тал бүрээс нь үнэлж дүгнэх үүрэгтэй байсан.

          2/ Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн A/524 дугаар захирамжаар "Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дүгээр захирамжаар амины орон сууцны зориулалттай 500 м.кв газрыг Б.Бгаас иргэн Р.Цд нэр шилжүүлэхдээ хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн нэр шилжүүлсэн байх тул" гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дүгээр захирамжийн Р.Ч-д холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд тус захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий эсэх талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Шүүх зөвхөн А/524 дүгээр захирамжийн үндэслэлийг дурдсан тухайн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий эсэх талаар Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын хүрээнд дүгнэлт хийгээгүй байна.

          ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах үндсэн шаардлагууд болох гол асуудлаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шинжийг хангаж чадаагүй байна.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд Р.Цын өмгөөлөгч А.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

...Давж заалдах гомдлын шаардлага: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү.

Гомдлын үндэслэл: Бид дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдийн дагуу энэхүү гомдлыг гаргав.

4.1. Нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тухай:

Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь маргаан бүхий захиргааны актыг хянах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх явдал билээ. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой нөхцөлд шүүх тус актыг хүчингүй болгох асуудал яригдана. Харин маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байдаг билээ.

Энэхүү захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгч нь 500 м.кв газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан гэж байгаа боловч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор бодит байдалд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй юм. Учир нь, маргаан бүхий газарт гуравдагч этгээд талаас 5 давхар нийтийн орон сууц барьж байгуулсан' бөгөөд тухайн орон сууцанд хүмүүс орж амьдарч байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аль хэдийн гарсан. Тус байрны оршин суугч, байр өмчлөгчдийн нэг болох О.Б нь энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлтэй маргаагүй. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон ч маргаан бүхий газар бүхэлдээ барилгажсан учир нэхэмжлэгч ашиглах боломжтой хоосон газар байхгүй юм. Иймд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхийг тухайн газарт хэрэгжүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2009.3.04-ний өдрийн 91 тоот шийдвэрийг үндэслэж 500 м.кв газрыг 15 жил эзэмших эрх бүхий гэрчилгээ олгогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2019.3.04-ний өдрөөс эхлэн 15 жил тухайн газрыг эзэмших эрхтэй байсан. Гэтэл тус эрхийн хугацаа нь 2024.3.04-ний өдөр дуусгавар болсон, одоогоор нэхэмжлэгчид газар эзэмших эрх байхгүй байгаа. Газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болох үед түүний хугацааг сунгуулах Хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2009.3.04-ний өдрийн 91 тоот Захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2010.4.09-ний өдрийн 254 дугаартай Захирамжийн 3 дахь заалтаар хүчингүй болгосон. Харин нэхэмжлэгч нь 2010 оны 254 дугаартай Захирамжтай маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд өөрт нь газар эзэмших эрх олгосон Захирамжийг хүчингүй болгосонтой маргаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Маргаан бүхий 500 м.кв газрын хэдий хэмжээний газарт нь барилга баригдсан болохыг тодруулахыг хүсэж, шинжээч томилуулах Хүсэлтийг бид гаргасан юм. Гэвч

шүүх бидний тус Хүсэлтийг хүлээж аваагүй. Хэрэв тус Хүсэлтийг хүлээн авч, маргаан бүхий газрын хэдий хэмжээнд нь барилга баригдсан болохыг тодруулсан бол дээрх нөхцөл байдал илүү тодорхой харагдах байсан юм. Өөрөөр хэлбэл, 500 м.кв газраас нэхэмжлэгч ашиглах боломжтой сул газар байхгүй болох нь харагдах байсан.

4.2. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу газар эзэмших эрх шилжсэн тухай:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр Захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшиж байсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2010.4.09-ний өдрийн 254 дугаартай Захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших гуравдагч этгээд Р.Цд шилжсэн. Энэ нь нэхэмжлэгч Б.Б-ийн өөрийнх нь хүсэлт, хүсэл зоригийн үндсэн дээр шилжсэн. Үүнийг 1-хавтаст хэргийн 72 дахь талаас авагдсан баримтууд, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай Хүсэлтээс харж болно.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тухай дүгнэхдээ 2007.9.13-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд 2019.3.04-ний өдрийн 91 дугаартай Захирамжийн дагуу олгогдсон газрын гэрчилгээний дугаар бус 2006 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар бичигдсэн гэсэн байна. Гэвч тус хоёр гэрчилгээ нь нэг газарт олгогдсон гэрчилгээ, хоёулаа маргаан бүхий газрын тухай юм. Иймд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд шилжүүлэх хүсэл зоригтой байсныг үгүйсгэхгүй юм.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шуух хуралдаануудад гаргасан тайлбарууддаа "Р.Ц нь надаас газар авсан боловч мөнгөө бүрэн өгөхгүй байна" гэж тайлбарлаж, маргасан байдаг. Түүний тус тайлбарууд нь түүнийг Р.Цд газраа өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн, гагцхүү төлбөрийн маргаантай байгааг харуулах юм. Тодруулбал, 2023.01.16-ны өдрийн шүүх хуралдааны Тэмдэглэлийн 4 дэх хуудасны төгсгөл хэсэгт нэхэмжлэгч нь газраа Р.Цд зарсан тухай, Р. Чанцалыг мөнгөө бүрэн өгөөгүй гэж буруутгаж маргаж байгаа тухай шүүгчид хэлсэн байдаг.

Ийнхүү нэхэмжлэгчийн өөрийн Хүсэлт, хүсэл зориг, байгуулсан гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дугаартай Захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлснийг буруутах үндэслэлгүй юм. Үүнтэй холбоотой Засаг даргын тус Захирамжийг хүчингүй болгосон 2014.6.20-ны өдрийн 524 дугаартай Захирамж хууль бус байх тул түүнийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй юм.

4.3. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 254 дугаартай Захирамжтай

 маргаагүй тухай, 3ХШХШтХ-ийн 106.5 дахь заалт зөрчигдсөн тухай:

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2010.4.09-ний өдрийн 254 дугаартай Захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний дагуу захиргааны хэрэг үүссэн. Гэвч шүүх хуралдааны явцад тус Захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад нэхэмжлэгчийн тус татгалзлыг баталсан байна. Иймд 3ХШХШтХ-ийн 106.5 дахь заалтын дагуу шүүх Нийслэлийн Засаг даргын тус Захирамж хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах учиргүй билээ. Гэтэл шүүхийн шийдвэр бүхэлдээ тухайн Захирамж үндэслэлтэй, хууль ёсны эсэхэд чиглэгдэж, энэ хүрээнд гарсан байна. Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь 3ХШХШтХ-ийн 106.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Нийслэлийн Засаг даргын 2019.02.15-ны өдрийн 101 дугаартай Захирамжаар гуравдагч этгээд Р.Цын газар эзэмших эрхийн хувьд газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дугаартай Захирамж хууль бус гэж үзэж,  хүчингүй болгосон хэрэг биш юм. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2019.02.15-ны өдрийн 101 дугаартай Захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул Засаг даргын 2010 оны 254 дугаартай Захирамжийн үйлчлэл сэргэх үр дагаварт хүргэж байна.

4.4. Нийслэлийн Засаг даргын 2014.6.20-ны өдрийн 524 дугаартай Захирамж хэзээ хүчин төгөлдөр болсон тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 46.1-т зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог билээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 524 дугаартай Захирамжийг гуравдагч этгээдэд мэдэгдэж байгаагүй. Тэрээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус актыг мэдсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 101 дугаартай Захирамж гарч, Р.Цын эзэмшил газрын хэмжээг өөрчилж, хугацааг сунгах үед 2014 оны 524 дугаартай Захирамж хүчин төгөлдөр болоогүй юм. Иймд 2019 оны Захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, иргэн Б.Б-ийн газар эзэмших эрхийг анх 2010 оны 254 дугаартай Захирамжаар гуравдаг этгээдэд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь тус Захирамжтай маргаагүй. Иймд иргэн Р.Цын газрын хэмжээг өөрчилж, хугацааг

сунгасан Захирамж нь иргэн Б.Б-ийн эрхийг хөндөөгүй, анх гарсан 2010 оны

Захирамж л түүний эрхийг хөндсөн Захирамж юм. Гэвч нэхэмжлэгч нь тус Захирамжтай маргаагүй, нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдаг этгээдийн  бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Бгаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дугаартай захирамжийн Р.Цд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 тоот захирамжийн Р.Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дугаартай захирамжийн Р.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

Гуравдагч этгээд Р.Цаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” 524 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага гаргажээ.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 500 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Бд эзэмшүүлж, 0059938 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,

Үүний дараа, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжаар иргэн Б.Бд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 500 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 0004948** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрийн дагуу шинээр баталгаажуулан олгосон байна.

3.2. Нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Р.Ц нар нь 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 500 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэх” гэрээг байгуулсан байх ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” 254 дүгээр захирамжийг үндэслэн маргаан бүхий газрыг Б.Бгаас Р.Цд эрх шилжүүлэн эзэмшүүлсэн,

Харин Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дүгээр захирамжаар Б.Бгаас иргэн Р.Цд нэр шилжүүлэхдээ хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн нэр шилжүүлсэн” гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дүгээр захирамжийн Р.Цд холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай А/101 дүгээр захирамжаар Р.Цд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дүгээр захирамжийг үндэслэн газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Р.Цд 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.

4.1. Учир нь анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “...2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжаар Б.Б надад маргаан бүхий газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон тул Р.Ц уг газар эзэмших боломжгүй гэсэн ойлголттой байж байтал Б.Б надад мэдэгдэлгүйгээр 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, ...2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжаар 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байтал Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар Р.Цын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна...” гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, буруу болжээ.

5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа “…2007 онд бид 2 газрын эрх шилжүүлээд 35,000,000 төгрөг өгөөд үлдэгдлээ өгнө гэж ярьсан, …2014 он хүртэл газрыг чинь би авна чамд , 2 өрөө байр өгнө гэж ярьж байсан, …Р.Ц нь надаас газар авсан боловч мөнгөө бүрэн өгөөгүй учир газрын эрх шилжүүлэхтэй холбоотой маргаантай байсан...” гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2014 оны захирамж гарсан эсэх талаар тухайн үед ажиллаж байсан хуулийн мэргэжилтнээс тодруулах шаардлагатай...” гэж, гуравдагч этгээдээс “...бодит байдал дээр бид тус газрыг 2007 онд шилжүүлэн авч, түүнээс хойш тус газрыг ашиглаж, эзэмшиж ирсэн, ...хуульд заагаагүй үндэслэлээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан нь хууль бус, ...тус захирамжийн талаар надад огт мэдэгдээгүй, ...газрын төлбөрөө дутуу төлсөн гэж үзэж байгаа бол иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал...” гэж тус тус  тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхээс эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулаагүй, талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Тодруулбал, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 2010 оны 254 дүгээр захирамж, 2014 оны А/524 дүгээр захирамжийн хувийн хэрэг, шийдвэр гаргах ажиллагааны үндэслэл болсон баримт, Р.Цд маргаан бүхий захирамжийг мэдэгдсэн талаарх баримт, бүртгэл хяналтын карт зэрэг баримтуудыг шаардсан байх боловч хариуцагчаас уг баримтуудыг бүрэн гаргаж өгөөгүй, “...холбогдох материал архивын цаасан суурьт баримтад хадгалагдаагүй” гэх хариуг ирүүлсэн, маргаан бүхий актууд гарах болсон үндэслэл, үүнтэй холбоотой захиргааны шийдвэр гаргах ажиллагааны баримтууд хэрэгт авагдаагүй, байгаа энэ тохиолдолд маргаан бүхий захирамжуудын талаар шийдвэр гаргасан эрх бүхий захиргааны байгууллага, тухайн үед ажиллаж байсан хуулийн мэргэжилтэн зэргээс тодруулах шаардлагатай. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Мөн 2010 оны 254 дүгээр захирамж, түүний хавсралтад 2008 оны 91 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсэг гэсэн байх бөгөөд хэрэгт тус захирамж авагдаагүй, 2008 онд маргаан бүхий газартай холбоотой аливаа шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

7. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгох/”-оор зааснаас үзэхэд, газар эзэмших эрхийн агуулга нь эзэмшигч этгээд тухайн газрыг өөрийн мэдэлд бүрэн байлгаж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах бодит боломжтой байхыг шаардана, нэхэмжлэгч “эзэмших эрхтэй” гэж маргаж буй уг газар дээр барилга баригдсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримттай маргаагүй энэ тохиолдолд, нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан газар эзэмших нөхцөлийг хангасан гэж үзэх эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

8. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газарт 5 давхар нийтийн орон сууц баригдсан, тухайн орон сууцанд хүмүүс амьдарч байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан, байр өмчлөгчдийн нэг болох О.Б тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлтэй маргаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор бодит байдалд нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхийг тухайн газарт хэрэгжүүлэх боломжтой эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана гээд 121.3.4-т шүүх шаардлагатай нолох баримтыг дутуу бүрдүүлсэн ..., 121.3.7-д шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол гэж тус тус заасан бөгөөд нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0651 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                   Т.ЭНХМАА 

        ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН