Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Ж.Сарантуяа,

шүүгдэгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэйгээр хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Харчин овогт Санжмятавын Мөнхтулгад холбогдох эрүүгийн 2016 2601 2327 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 67 дугаар байрны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харчин овогт Санжмятавын Мөнхтулга /РД:ЧБ72080676/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Мөнхтулга нь хамтран амьдрагч Ж.Сарантуяаг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 67 дугаар байрны 18 тоотод 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зодож биемахбодид хөнгөн гэмтэл, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулан байнга зодож тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :  

            Хохирогч Ж.Сарантуяагийн : “...Би Санжмятавын Мөнхтулгатай 2011 оны 04 дүгээр сараас хамтран амьдарч байна. Тэрээр урьд нь гэр бүлтэй байсан боловч салаад надтай хамтран амьдрах болсон. Албан ёсны гэрлэлтээ түрүүчийн эхнэрээсээ цуцлуулаагүй байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлынхан ээлжийн амралтаа тэмдэглэсэн. Тэгэхэд би хамтран амьдрагч С.Мөнхтулгатай хамт яваад Ханын материалд байх ажлынхаа Оюунцэндийнд очиж наргиж хоносон. Маргааш нь буюу 08-ны өглөө 7 цаг 30 минутын орчим гараад гэртээ харихаар явж байхад Оюунцэндийн гудамж эргээд л миний гар цүнхийг булаагаад миний толгой руу хэд удаа цохиод зугтаачихсан. Тэгэхэд миний толгой руу 3-4 удаа цохьсон боловч айхавтар гэмтэж бэртсэн зүйл болоогүй. Тэрээр миний цүнхэнд зээлийн карт байсан учраас түүнээс л мөнгө авах гэж тийм үйлдэл хийсэн. Миний картны нууц дугаарыг мэддэг юм. Би араас нь алхаж явсаар ТЭСО ХХК-ний урд талд ирэхэд тэрээр такситай ирээд намайг суу гэсэн. Тэгэхэд нь суугаад гэртээ орсон. Орохын өмнө таксинаас буух үед Мөнхтулга чи мөнгөтэйгөөрөө дээрэлхдэг гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд л бид хоёр маргалдаад орцны үүдэн дээр намайг хэд хэд толгой руу цохиод авсан. Би цүнх түлхүүргүй болохоор түүнийгээ авах гээд өөдөөс нь зууралдаад байсан юм. Тэгээд гэртээ орсон хойноо маргаан маань үргэлжлээд бид хоёрын хэрүүл зодоон болсон.  Тэрээр өмнө нь 2 удаа намайг цохиж цагдаад шалгагдах үедээ нүүр лүү цохиж байсан болохоор энэ удаадаа нүүр лүү цохихгүй байсан. Тэгээд гэртээ ороод маргалдаж байхдаа сандлаар, хөлөөрөө болон гараараа бүх бие рүү цохиж зодсон. Сандлаар толгой руу цохиж, намхан хуванцар сандал байсан учраас эвдэрчихээр нь би хаячихсан. Миний гар хөл мушгиад зүүн гарын ядам хуруу, дунд хуруу тулгачихсан байсан. Би зодуулж байхдаа ус ууя гэхэд намайг унагаад байсан чигээрээ ам руу ус цутгаад байсан. Би гарч зугтаах гээд байсан болохоор тэрээр намайг дарчихаад гаргахгүй байсан, тэгэхээр нь бие засья гэж хэлж хуурч байгаад тэр чигээрээ гарч зугтаагаад 5 шард байх төрсөн  ахынхаа охиныд орж гутал өмсөөд 5 шарын цагдаагийн хэсэг дээр очиж дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа очиж гэрээс баривчилсан. Шалтгааныг нь сайн ойлгоогүй. Хамгийн сүүлд архи авахдаа би 40,000 төгрөгөөр авсан юм. Тэгээд ажлынхантайгаа хувааж төлнө гэхэд манай ажлынхан тэгье гэж ярилцаж байхад Мөнхтулга чи шалихгүй мөнгө хүнээс нэхлээ гэхээр нь манайхан бүгд л юмаа хуваагаад төлдөг, чи өөрөө ажилгүй байж юу мэддэг юм гээд хэлчихсэн. Мөн караокены тооцоо хийхэд Мөнхтулга картнаас илүү уншуулчихсан байхад нь би чи яахаараа илүү уншуулдаг юм бэ гэсэн юм. Энэ мэт зүйлээс болж Мөнхтулга намайг ажилгүй, мөнгөгүй байхад дээрлэхлээ гэж уурлаж хандсанаас болж бид хоёрын хэрүүл маргаан үүссэн. Тэгээд л тэр миний цүнхийг булааж намайг цохих үйлдэл хийж байгаа нь тэр юмаа…Би түүнийг ажлынхаа жаахан охидуудтай хардаад байх зүйл байхгүй.  Харин зодуулж байхдаа миний биед хүрвэл шоронд чинь хатаана гэж хэлсэн нь үнэн. Зодуулахгүй гар хүргүүлэхгүй гэсэн дээ л тэгж хэлсэн. Гэхдээ тоохгүй намайг зодсон. Манай дүү Батчимэг яагаад та хүнийг ийм байдалтай болгож байгаа юм бэ гэхэд эгч чинь өөрөө юм мөргөчихсөн гэж хэлсэн…Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна…Айхтар согтуу байгаагүй, хэн хэн нь бага зэргээр хэрэглэсэн байсан…Миний биед тархины доргилт гэмтэл нь толгой руу цохих үед, дух хамрын нуруу, зулайн, дагзны хуйханд учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь намайг хуванцар сандлаар цохьсоноос үүссэн, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь миний гарыг шуунаас базсанаас үүссэн, хүзүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гар хөлөөрөө цохих үед үүссэн гэмтэл юм…Мөнхтулга би өөрөө өөрийгөө зодож ийм гэмтэл үүсгэнэ гэж юу байхав дээ. Би болсон асуудлыг үнэнээр нь хэлж байна. …Надад тэгж унасан зүйл байхгүй. С.Мөнхтулга намайг гэртээ орсон хойно л зодсон шүү дээ. Харин би гадаа түүнийг айлгах гэж чулуу барьсан. Тэгэхдээ түүнийг цохиогүй. …Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэхэмжлэл байхгүй. Одоо биеийн байдал зүгээр болсон ажлаа хэвийн хийж байгаа. Миний хувьд гомдолгүй тул хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. С.Мөнхтулгатай хамтран амьдарч байгаа хугацаанд намайг 3 удаа зодсон асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Үүнээс өөрөөр надад гэр бүлийн хүчирхийллийн ямар нэгэн асуудал байхгүй. Бид хоёр одоо ч амьдарч байгаа. Ямар нэгэн гомдолгүй тул хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна.

            “…2015 оны 11 дүгээр сарын 08-ны 23-34 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд гэртээ байж байтал хамтран амьдрагч С.Мөнхтулга нь халамцуу байхдаа…чи эр хүн байж ажил хийж мөнгө олсонгүй гэж хэлсний төлөө уурлаад намайг циллодон табочикаар 2 гарын үенүүд рүү цохисон, багалзуурдаж байгаад арагшаа савж унагаасан. Хоёр гарны үенүүд өвчтэй байна, зүүн талын нүдний дээд зовхи урагдсан, уруул язарсан, хүзүү хөшөөд хөдөлж болохгүй их өвчтэй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна, гомдолтой байна. “…Миний алтан ээмэг бөгжийг ломарданд тавичихаад авч өгөхгүй байснаас болж 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн үед маргаан болж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 67-18 тоотод байх гэрт Мөнхтулга намайг зодсон. ...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 9-13, 59, 90 х/

            Шүүгдэгч С.Мөнхтулгын өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ амарч байхад манай эхнэр Сарантуяагийн цалин буулаа гэж гар утсанд нь банкны мэдээлэл ирсэн. Тэгээд удалгүй ажлынх нь хүүхнүүд утасдаад нэгнийгээ гэрт нь эргэж очих ёстой гээд Сарантуяа намайг цуг явья гээд цугтаа гарсан. Бид нар чихэр жимс аваад Баянхошууны тийшээ нэг айлд 18 цагийн үед очсон. Тэднийхээс орой 21 цагийн үед гараад караоке орохоор болж 23-24 цаг хүртэл суугаад тарсан. Тараад буцаад нөгөө айлдаа Сарантуяа 2 шил архи аваад очсон. Тэднийд суусаар байгаад өглөө 06 цаг болсон. Айлын эзэн хүүхэн Сараа эгчээ 06 цаг болчихлоо 2 цагийн дараа дүү босож хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа явна гээд байхад Сарантуяа байж бай энийгээ ууж дуусгаад явна гээд байсан. Би тэгхэд нь гарья гарья гэж байгаад аваад гарсан. Тэгээд тэднийхээс авч гарахад Сарантуяа тэр уурандаа охидууд харчихаад алцаганаад байгаа юм уу чи гээд цүнхээрээ намайг цохиод байхаар нь би цүнхийг нь булааж аваад зугтаачихсан. Би буланд очоод түүнийг хараад араас нь дагаад яваад байсан. Тэр гудамжинд баахан хашгирч сөхөрч сууж байгаад босоод явсан. Би хараад л яваад байсан. Тэгж байгаад Давхар дэлгүүрийн орчим араас нь очоод явья гэхэд чамайг ална, чамайг шоронгийн хадаас болгоно гээд байхад нь би дахин холдоод зугтаасан. Тэгээд араас нь дагаж явсаар Хангай захын орчмоос такси бариад араас нь очоод суу гэж суулгаад гэрийнхээ гадаа очсон. Таксины мөнгө 3,000 төгрөг болохоор цүнх нь надад байсан авах гэхэд надаас цүнхээ булааж аваад таксины жолоочид чи энэ гуйлгачингаасаа мөнгөө аваарай чи гэхээр нь би булаацалдсаар байгаад цүнхнээс нь 3,000 төгрөг авч таксины жолоочид өгсөн. Таксины жолооч ч хөдлөөд явсан бид хоёр ч буусан. Тэгтэл орцны үүдэн дээр араас Сарантуяа хүрч ирээд намайг үсдээд дарахаар нь би гарыг нь бариад авахад чамайг хөдлөх юм бол шоронгийн хадаас болгоно шүү гэсэн. Тэгээд байж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд салгасан. Би салангуутаа зугтаахад араас чулуу бариад чамайг ална гэж хөөсөн. Тэгж гүйж байхдаа л хашаа мөргөж унасан шүү дээ. Би байрны нөгөө талаар гарч ирээд орцондоо ороод шатан доор ороод нуугдсан. Түүнийг орсоны дараа орьё гэж бодсон. Гэтэл тэр намайг шатан доороос олоод бариад авсан, тэгээд бид хоёр зууралдаж явсаар гэр лүүгээ орсон. Би түүнийг унт гэхэд унтахгүй чи намайг зодсон, чамайг цагдаад барьж өгнө гээд байхаар нь чи өөрөө хашаа очиж мөргөө биз дээ, цагдаа дуудахгүй юу гээд буруу хараад буйдан дээр хэвтээд өгсөн. Тэгэхэд тэр хуванцар сандал бариад намайг ар нуруу руу хөл рүү цохиод тэр сандал нь бутраад эвдэрсэн. Тэгээд би босож ирээд чи яагаад байгаа юм бэ, одоо болоо юм биш үү гэхэд тэр хаалгаар гарч намайг аллаа гэж орилоод би тэгэхэд нь татаж оруулаад хаалгаа цоожлоод байхад цонхоор гарч бархирах гээд байхаар нь би гудсан дээр дараад хэвтсэн. Сүүлдээ овоо гайгүй болоод миний утас цүнх хаана байна гэхэд нь энд байна гээд гаргаад өгсөн. Тэгэхдээ түүнд чиний ямар ааш гаргасаныг чинь би утсан дээр чинь бичсэн байгаа, наадахыг чинь хэсгийн байцаагч, ахмад Бурмаад үзүүлнэ гэж хэлсэн. Тэгэхэд тэр утсаа гаргаж үзэж байгаад новшоо гээд утсаа зурагтын доорх тавиур луу чулуудаад хоёр утсаа хоёуланг нь хагалчихсан. Миний хувьд бичлэг хийгээгүй байсан, зүгээр айлгах гээд тэгээд хэлчихсэн. Би тэгэхээр нь чи яахаараа архи уусан ч гэсэн гарзтай архи ууж байдаг юм бэ гэж хэлэхэд чамд хамаагүй, чи муу миний утсыг эвдсэн шүү, чамаар төлүүлнэ гэсэн. Тэгээд тэр босож очоод үүдний өлгүүрт байсан миний цамц куртка хоёрыг аваад газар чулуудахаар нь яаж байгаа юм бэ гэхэд би авч өгсөн юмаа өөрөө үгүй хийнэ гэхээр нь тэгээ тэг гэхэд дээр шууд өмдөө тайлаад шээчихсэн. Би тэгэнгүүт нь чи яаж заваараад байгаа юм бэ гэхэд чиний хийморийг гутааж байгаа юм мэдэв үү гээд жорлон руу орсон. Би жорлон орж байна гээд буйдан дээр буруу хараад хэвтсэн чинь тэрээр гараад хөл нүцгэн гүйчихсэн. Би араас нь гарч хайгаад олоогүй, буцаж орж ирээд байхад 14 цагийн үед болов уу дүүгээ дагуулаад 2 цагдаатай орж ирсэн. Тэгээд энэ намайг зодсон гээд байсан. Миний хувьд энэ удаад огт гар хүрээгүй, чамайг цагдаад өгнө, шоронгийн хадаас болгоно гээд байхад нь би түүнд юу гэж гар хүрэх юм бэ. Харин түүнийг гарч гүйх гээд цонхоор бархирах гээд байхад нь түүнийг гаргахгүй гэж зөндөө ноцолдсон хорьж саатуулах л гэж оролдож байсан. Өөрөө над руу агсраад байсан.

            2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 67-18 тоотод Ж.Сарантуяаг хувийн таарамжгүй харьцаааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан асуудал болсон үүнийг хүлээн зөвшөөрч буруугаа хүлээгээд сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

            2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 хороо 67-18 тоотод Ж.Сарантуяаг хувийн таарамгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг бас л дээрх хэрэгтэй адил шалгагдаад би буруугаа хүлээж сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэргийг шийдэж байсан. Дээрх энэ хоёр хэргийн хувьд би буруугаа хүлээж байсан. Миний буруу зүйл байсан. Энэ хоёр хэргийн хувьд хэлэх зүйл байхгүй байна.

            Харин 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болсон асуудлын хувьд би Сарантуяаг зодсон асуудал байхгүй. …Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, дээрх гэмтлүүд надтай ноцолдож байх үед л үүссэн байх. Энэ гэмтлүүдээс духны хэсэгт хавдсан байсан. Энэ нь бол намайг гадаа хөөж байхдаа байрны хажуу талын хашааг өөрөө унаж мөргөсөн. Эдгээр гэмтлийг миний бие зодсоны улмаас үүсгээгүй…Надаас өөр хүнтэй маргалдаж муудалцсан асуудал гаргаагүй. Надтай л ноцолдож байхдаа энэ гэмтлүүдийг авсан байна…Түүний таарамжгүй харьцаанаас үүсч түүний үйлдлийг болиулах явцдаа хана, шал, тагтны ирмэг, ширээний ирмэг, түүнийг болиулах үед шуунаас барих үед гэх мэтээр үүссэн гэмтэл. Би энэ гэмтлийг түүнийг үйлдлийг зогсоох үедээ учруулсан. Би түүний биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна…Эхнэр бид хоёр энэ асуудлаас хойш 2-3 хоногийн дараа л учир зүйгээ олж эвлэрсэн. Үнэн зөвөөр хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-32 х/

            Гэрч Э.Оюунцэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа аваад гэртээ байж байхад манай ажлынхан намайг эргэж амралт тэмдэглэнэ гэж ирсэн. Тэгэхэд хамт ажилладаг Сарантуяа эгч нөхөр Мөнхтулгын хамт ирсэн. Манай ажлынхан олуулаа ирсэн бөгөөд манайхаас гарч караокед ороод шөнө 03-04 цагийн үед болов уу цагийг сайн санахгүй байна, манай ажлын зарим нь явцгаагаад хамгийн сүүлд Хандармаа, Оччимэг, Сарантуяа эгч, Мөнхтулга ах бид нар үлдээд караокеноос гараад манайд ирсэн. Тэгэхдээ 2 шил архи авч ирээд манайд уусан. Нэгийг нь уугаад нэгийг нь үлдээсэн. Өглөө 06 цаг болчихсон Хандармаа, Оччимэг хоёр манайд унтсан. Сарантуяа эгч Мөнхтулга ах хоёрыг хоноод яв гэхэд Сарантуяа эгч явахгүй ч гээгүй, явна ч гээгүй байж байгаад Мөнхтулга харьж хононо гээд түрүүлээд гарч явсан. Араас нь Сарантуяа эгч гарсан. Сарантуяа эгч унтаад явбал унтчих санаатай л байсан болов уу. …Манай дүү Сарантуяа эгчийг гаргаж өгсөн бөгөөд буцаж орж ирэхдээ Мөнхтулга ах хашааны гадна зогсож байна, тэр хоёр цуг явчихлаа гэсэн. Манайд байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй, зүгээр гараад явсан. 08-ны өдөр бид нар Морингийн даваанд байдаг цуг ажилладаг жирэмсэн охин дээр очино гэж ярьсан байсан тул Сарантуяа эгч рүү залгахад утас нь холбогдохгүй байсан, үдээс хойш нь над руу Сарантуяа эгч өөр хүний дугаараас залгаад танайхаас гараад Мөнхтулга ахтай чинь зодолдоод, цагдаад өгчихсөн гэж хэлсэн. Харсан биш болохоор мэдэхгүй байна.…Сарантуяа эгч Мөнхтулга ах нар ч ухаанаа алдсан зүйл байгаагүй, уусан хэмжээгээрээ л согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 /

            Гэрч Д.Батнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Сарантуяа нь манай аав Дорждүдэлийн төрсөн дүү нь байгаа юм. Миний авга эгч гэсэн үг. Манайх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 7-186 тоотод оршин суудаг. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад хаалга тогшихоор нь би хаалгаа тайлахад Сарантуяа эгч хөл нүцгэн буюу оймсгүй гуталгүй орж ирсэн. Харахад зодуулсан байдалтай, нүүр гар нь цус болчихсон, духнаас нь цус гарсан байдалтай, үс нь сэгсийсэн орж ирсэн. Би яасан, юу болчсон юм бэ гэхэд өглөө намайг зодоод намайг гаргахгүй байсан, ам руу ус цутгаад, сандлаар толгой руу цохьсон гэж хэлсэн. Би хүүхэддээ хоол хийж өгчихөөд цугтаа гарч 5 шар дахь цагдаагийн хэсэг рүү очиж цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2 цагдааг дагуулаад гэр лүү нь очиход Мөнхтулга ах гэртээ байсан. Гэр орны байдал нь ундуй сундуй байдалтай. Сандлаар зодсон бололтой хувцанцар жижиг сандал хугарчихсан байдалтай байсан. Гэртээ л зодсон гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

            Гэрч Х.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 5 шар дахь цагдаагийн дэд хэсэгт жижүүрпйн цагдаагаар ажилладаг. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ахлагч Эрдэнэбалын хамт үүрэг гүйцэтгэж байхад 10 цаг өнгөрч байхад болов уу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 67-А-ийн 18 тоотод Сарантуяа нөхөр Мөнхтулга нь зодсон, удаа дараалан дарамталдаг гэсэн дуудлагын дагуу очиж гэрээс нь саатуулж тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн саатуулах байр луу хүргүүлэхээр явуулсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/

            2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 16272 тоот дүгнэлт

            1.Сарантуяагийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн шуу, тохой, баруун гарын эрхий хуруу, баруун бугуй, зүүн гуянд цус хуралт, зүүн тохой, шуу, зүүн өвдөг, баруун шуу, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 10 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир /хх-ийн 68 х/

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 5696 тоот дүгнэлт

1.Ж.Сарантуяагийн биед тархи доргилт, зүүн дээд зовхи, зүүн тохой, шуу, баруун шуу, бугалга, ууцны хонхор, баруун хонго, зүүн гуя, баруун хөлийн тавхай, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4.5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7.8.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү /хх-ийн 102 х/

            2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 12595 тоот дүгнэлт :

            1.Сарантуяагын биед тархи доргилт, дух, хамрын нуруу, зулайн, дагзны
хуйх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү,
баруун, зүүн бугалга, баруун шилбэ, баруун, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд
тогтоогдлоо.

            2.3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            6.7.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно.

8.9.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ /хх-ийн 23 х/,

                        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 х/

                        Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн нэгдсэн бүртгэлийн хуулбар /хх-ийн 47 х/

            Хохирогч Ж.Сарантуяагийн гаргасан өргөдөл /хх-ийн 49, 56/

            Шүүгдэгч С.Мөнхтулгын гаргасан өргөдөл /хх-ийн 55 х/

                        Хохирогч Ж.Сарантуяагийн гаргасан хүсэлт: “…С.Мөнхтулгатай сайн дураараа эвлэрсэн, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй тул хэргийг хааж өгнө үү. …” /хх-ийн 82 х/

            С.Мөнхтулгын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 119 х/

            С.Мөнхтулгын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 120 х/ зэрэг болно.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэн  дүгнэхэд : 

            Шүүгдэгч С.Мөнхтулга нь хохирогч Ж.Сарантуяатай өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан 2015 оны 11 дүгээр сарын 08,  2016 оны 04 дүгээр сарын 25, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус зодож, тухай бүр хохирогч Ж.Сарантуяагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан буюу байнга зодож, тарчлаасан шинжтэй үйлдлүүд хийсэн нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэмт үйлдлүүдийг нотолсон тухайн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэрэгт хамааралтай, ноцтой зөрчилгүй байна.  

 

Иймд С.Мөнхтулгыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.  

            Шүүгдэгч С.Мөнхтулга нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9‑д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно. 

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй харилцан эвлэрсэн, хамт амьдарч байгаа, мөн 3 сартай жирэмсэн талаараа мэдүүлсэн болно.  

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан хорих ял оногдуулж, харин хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, жирэмсэн, хамт амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан эхний удаад хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

            Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчид дахин хүч хэрэглэн халдсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг хохирогчид сануулж байна. 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Харчин овогт Санжмятавын Мөнхтулгыг бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцуулсугай.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мөнхтулгад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР