| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-09-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч Л.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн******* сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хувиараа мал аж ахуй эрхэлдэг Д ******* Л-ийн О /РД: /-д холбогдох эрүүгийн 2320000000... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.О нь Дорноговь аймгийн******* сумын Х гэх газарт нутаглаж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Д-ийн эзэмшлийн 360,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны ямаа буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж 2 ямааны эврийг ногоон өнгөөр будаж Ц.О-т өгч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.О-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай нагац дүү А нь намайг малдаа явж байтал мотоцикльтой ганцаараа ирээд манай бууцан дээр айлын мал ирэхээр нь хөөж байтал танай малнаас нилээд хэдэн тооны мал байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойролцоо нутагладаг У гэх залуугийн мал руу мотоциклоо унаад очтол манай малнаас ойролцоогоор 20 орчим тооны бог мал /дандаа ямаа/ айлын малд нийлсэн байсан. Тэгээд эзэн нхь болон ойролцоо хүн харагдахгүй болохоор нь малаа ялгаж авахгүй гээд үлдээчихээд гэр рүүгээ харьсан. Тэгтэл 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд манай нагац дүү А 9408.... дугаарын утаснаасаа залгаад малын хашааных нь дэргэд машин зогсоод мал бариад байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-д хандаж наад машин чинь хаашаа гарах юм шиг байна харж байгаарай, би амдаад гараад очъё гэж хэлээд гэрээсээ өөрийнхөө ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-30 маркийн авто машинтайгаа ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн авто машины араас нь дагаж яваад Сайншанд суманд ирсэн. Би ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн автомашины араас дагаж байгаад холбооны байрны гэр хороололд модон хашаа руу орчихоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Өнөөдрийн байдлаар миний 2 тооны соёолон ямааг хулгайлаад эвэрнийх нь цэнхэр болон бүдэг ногоон өнгийн будагтай байсныг нь шинээр тод ногоон өнгийн будаг түрхсэн байдалтай Сайншанд суманд авчирсан байсан. Ямар ч байсан нэгнийх нь цэнхэр будаг цухалзаж харагдаж байна лээ. ...ямар ч байсан миний 2 ямааг хулгайлсанд нь гомдолтой байна. ...1 ямааг 180,000 төгрөг, 2-уланг нь нийлээд 360,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О гэрт очсоны дараа та 2 ямаа авч яваад нэгийг нь манай хадам ээж Б-д, харин нэгийг нь өөрөө ав гэж хэлээд машинд ачиж өгсөн, тухайн 2 ямааг тээвэрлэж Сайншанд суманд ирээд өөрийн танил дүү У-ын гэрт очиж маргааш ирээд авъя гэж хэлээд хоёр ямаагаа буулгахад цагдаа нар ирж шалгасан. О-ы гэрийн хотноос эхэлж ачсан нэг хонь, нэг ямааг будсан эсэх талаар мэдэхгүй байна. Харин сүүлд хадам ээж болох Б-д өгөөрэй гэсэн нэг ямаа болон надад өгсөн нэг ямааны эврийг ногоон өнгөөр будсан байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
А ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “ эр соёолон 2 тооны ямаа, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 360,000 төгрөг “ гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 30-32/
Хохирогч Г.Д-ийн “2 тооны ямааг зүсээр нь буцааж авсан, гомдол саналгүй” гэсэн цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Д-ийн “ 2 тооны ямааг зүсээр нь буцааж авсан, гомдол саналгүй” гэсэн цагдаагийн газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д ******* Л-ийн О /РД: /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д ******* Л-ийн О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.О нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц