Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 00257

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00257

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баруун салаа багт оршин суух, .. дугаарын регистртэй, Х овогт Х-ийн К-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Күлмайра нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие 1968 оны 09 дүгээр сарын 01-нд Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад Хуанышийн 6 дугаар хүүхэд болж мэндэлсэн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1976 онд 1 дүгээр ангид элсэн орж улмаар ээж аавдаа тусалж мал маллахаар 1982 онд сургуулиас гарсан. Улмаар 1982 оноос эхэлж ах Зовутханыд мал маллаж байсан ба 1985 оноос Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1988 оны хавар Атшыбайтай гэр бүл болж тус нэгдлийн 3 дугаар баригадад мал маллан амьдарсан. Нэгдэл тарж САРЫБУЛАХ ХК болоход мөн малчнаар ажилласан. Түүнээс хойш одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ нэгдлээс авч чадаагүй алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Х.К-ийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Күлмайра нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 627 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын 1984 оноос 1986 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01319349 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000483 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 365 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэрчилгээ, 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 126/002326 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 126/001670 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сарыбулах ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Т.Алимаагийн ...Х.Күлмайра нь хоёр ах, гурван эгч, хоёр дүүтэй. Манайх айл саахалт байдаг байсан. Иймд Х.К 1982 оноос эхлэн мал маллаж эхэлсэн гэдгийг сайн мэдэж байна.... гэх тодорхойлолт

Иргэн Р.Махсутханы ...Миний бие Х.Күлмайратай бага наснаасаа айл саахалт явж нэг сургуульд суралцаж төгссөн. Х.Күлмайра нь 1985 оноос эхлээд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1988 онд тусдаа гэр бүл болсон. Х.Күлмайра нь 1982 оноос эхлээд малчнаар ажиллаж байгаа нь үнэн гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.К-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харакас сары овогт Хуанышийн К 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ