Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 00132

 

 

2020 оны 3 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2020/00132

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвайн 306 дугаар байрны 2 тоотод оршин суух, Б овогт Т-ын Т //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Цэргийн ангийн хотхоны ......тоотод оршин суух, Х овогт Ю-ийн А //-т холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00130/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Ю.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд манай хамаатны эгч ийм хүн байна, чи танилцах уу гэж надаас асуухаар нь би танилцаж бололгүй яахав гэж хэлээд Ю.Атай танилцсан. Танилцаад удалгүй хамт амьдарч эхэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Т.Айсулу төрсөн. Хамт амьдрах хугацаанд ганц нэг удаа хоорондоо маргалдах тохиолдол гарч байсан. Хамгийн сүүлд би Ю.Аыг өөр эмэгтэйтэй байсныг нь мэдсэн. Ю.Аыг өөр эмэгтэйтэй байсныг нь мэдчихээд өөрт нь шууд хэлээгүй. Эелдэгээр би нэг зүүд зүүдэллээ гэж хэлсэн. Гэрээсээ явдаг өдрөө би ажлаасаа тараад сэтгэл санаа тавгүй байхаар нь алхангаа аливаа гэр бүлд ийм асуудал гардаг. Энэ удаад би тэвчээд охиноо өнчрүүлэлгүй гэр бүлээ бүтэн аваад үлдчихье гэж бодоод гэртээ очсон.

Гэртээ очоод хэвтэж байтал Ю.А надаас юм асуугаад байхаар нь би миний бие өвдөөд байна гэж худлаа хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн гэртээ очоод жоохон тайвширчхаад ирье гэж бодоод өөрийн төрсөн гэртээ очтол манайхан Ю.Аын ээж рүү нь залгаад энэ хоёр хүүхэд муудалцсан байна гэхэд Ю.Аын ээж юу ч дуугаралгүй утсаа тасалсан гэсэн. Тэгэхээр нь Ю.Аын ах Ю.Азамат руу залгасан чинь удахгүй зүгээр болчих байх орхичих гэж хэлсэн гэсэн. Утсаар яриад удаагүй байж байтал Ю.Аын ээж нь залгаад ирээд охиныхоо юмыг аваад яв. Бид нар танай охиныг байлгахгүй гэж хэлсэн байсан. Манай хамаатнууд хадам ээж нь ирж юмыг нь ав гэж байгаа бол очиж юмыг нь авъя гэж хэлээд маргааш нь би хэдэн дүү нартайгаа очиж юмаа авсан. Тухайн үед бид нар Ю.Аын ээжийн гэрт амьдардаг байсан.

Бид хоёр 2017 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Тухайн үед Ю.Аын ээж охинд чинь сар бүр мөнгө өгнө гэж хэлж байсан. Гэхдээ тусдаа амьдраад 3 жил болох гэж байхад Ю.А өөрийн төрсөн охин дээрээ нэг ч удаа ирээгүй. Амьдаар нь миний охиныг өнчирүүлсэн учир охин Т.Айсулуг өөрийн асрамжидаа авч Ю.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна....Би Ю.Ат итгэхгүй байна. Бид хоёр тусдаа амьдраад удаагүй байхад өөр эмэгтэй гэртээ дагуулж ирж амьдарсан. Би өөрийнхөө охиныг ноён нуруугүй, олон эмэгтэй сольдог хүнд өгч чадахгүй. Миний хүүхэд охин хүүхэд тэр тусмаа найдваргүй гэр бүлд би охиноо өгөхгүй. Би охиноо өөрөө өсгөнө....Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй....гэв.

Хариуцагч Ю.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юра овогтой А миний бие 2010 онд зам тээврийн осолд орж 254 хоног хэвтэрт байсан. Хэвтэрт байх хугацаандаа би гэр бүлтэй байсан. Тэргэнцэр дээр сууж байх хугацаанд өмнөх гэр бүл маань сална гээд Баян-Өлгий аймагт шүүх хурал нь болж 3 хүүхдийн тэтгэлэг заавал төлөх ёстой гэж шүүхээс шийдвэр гараад би өөрийн амьдарч байсан 3 өрөө байраа зараад хүүхдүүддээ мөнгийг нь өгсөн. Энэ талаар Т.Т мэдэж байсан.

....Т.Т нь байраа миний нэр дээр шилжүүл гэж удаа дараа надаас шаардаж, амиа хорлоно гэж сүрдүүлж байсан. Би архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Харин эсрэгээрээ Т.Т нь намайг байнга дарамталж, миний 74 настай ээжийг хэл амаар доромжилдог байсан. Т.Т амиа хорлоно гээд плажныхаа нарийн даавуугаар өөрийгөө боож байсан. Хүүхдээ төрүүлсний дараа цагдаагийн ар талын байранд оччихоод 3, 4 хоногоор гэртээ ирдэггүй байсан. Тэр үед нь би хүүхдээ тэвэрч очоод хөхүүлдэг байсан.

Намайг Улаанбаатар хот руу яваад ирэхэд миний ээжийг хүүхэд харсангүй гэж дарамталсан байсан. Энэ талаар миний ээж надад уйлаад ярьж байсан. Т.Т нь удаа дараа намайг хөгшин, доголон гэж доромжилдог бас би өнөө орой зүүдэллээ, би сүнснүүдтэй ярьсан. Намайг чамаас сал гэж байна гэж байнга хэрүүл хийдэг байсан. Би Т.Тгаас намайг ядуу, мөнгөгүй гэж байгаа бол яах гэж суусан юм бэ гэж асуудаг байсан. Т.Тгийн оюун бодолд өөр зүйл байдаг байсан. Надаас зөвхөн байр л нэхдэг байсан.

....Би Т.Тгийн эцэг, эхтэй маргалдаж үзээгүй. Эцэг, эх нь сайн хүмүүс байдаг. Би Т.Тгийн төрсөн эгч рүү нь намайг дарамталж бичсэн мессэжийг нь хүртэл явуулж байсан. Өнөөдөр би 70 хувийн групптэй бас зээлтэй. Миний бие ослын улмаас 14 хугаралттай болсон байнга өвчин намдаах эм хэрэглэдэг. Т.Т гэрээс ирж юмаа авахдаа 2 ах, нэг эгчтэйгээ ирээд энэ энийг авна. Би чамаас хүүхдийн мөнгө авахгүй би зөвхөн хүүхдээ бас эд нарыг авна гэхээр нь би ээжийгээ миний ээж юу ч битгий дуугараарай гэж хэлээд дуртай юм аа ав гэж хэлчихээд гадаа гараад цементэн дээр тамхи татаад сууж байсан.

Т.Т нь удаа дараа миний дансыг хаалгаж байсан. Би энэ талаар өргөдөл гаргана. Би өөрөө хүүхдээ авна гэхээр энэ хүүхдээ ав гэж хэлдэг. Т.Т нь удаа дараа намайг болон миний ээжийг дарамталж надаас байр нэхдэг байсан. Т.Тгаас би салъя гэж салаагүй. Удаа дараа надаас байр нэхэж би чамтай суудаггүй байж, өөр нэг залуугийн нэр хэлээд тэрэнтэй суудаг байж гэж байнга ярьдаг. Би эцэг эхэд нь танай охин надаас байр нэхээд амиа хорлоно гээд намайг айлгаад байна. Би зүгээр байж байгаад шоронд ормооргүй байна. Цагдаад дуудлага өгч тэмдэглүүлнэ гэж байхад эцэг эх нь одоо зүгээр болчихно. Дахиж тийм асуудал гаргахгүй гэхээр нь би цагдаад бүртгүүлээгүй. Бид нар гэрлэлтээ бүртгүүлээгүй.

Чи залуу хүн хүүхдээ асарч чадахгүй байгаа бол би хүүхдээ өөрөө авна. Яг өнөөдрийн байдлаар бол надад группээс өөр орлого байхгүй. Би боломжоороо хүүхдийнхээ дансанд мөнгө хийнэ. Т.Тд бол мөнгө өгөхгүй....А.Айсулу миний охин мөн....Би охиноо тэжээх боломжтой. Яг одоогийн байдлаар надад эрхэлсэн ажил байхгүй. Би найзуудтайгаа нэг юм эхлүүлэхээр ярилцсан байгаа....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т нь Ю.Ат холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Ю.А нарын дундаас 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин А.Айсулу төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргах боловч хүүхдийг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.А-ийн нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Т.Тгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ю.А нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А.Ау нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ю.Ааас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.А тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ю.Ааас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.А эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ю.Аын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Ю.Ааас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Т.Т саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Т.Тгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгохоор тогтлоо.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.Тд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ю.Ат тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Айсулуг эх Т.Тгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ю.Ааас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,840 /гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Ааас улсын тэмдэгтийн хураамж 33,840 /гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.Тд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ю.А тус тус мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шивэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ