| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/86 |
| Огноо | 2023-09-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч*******
Хохирогч*******
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1996 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. дугаар баг, ....тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,*********************************** холбогдох эрүүгийн 2320000000078 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2023 оны 06 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч*******ын нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж зодон үүдэн шүднүүдийг хугалж, биед нь хоншоор ясны хугарал, үүдэн 4 шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2023 оны 06 сарын 21-ний шөнө 12 цаг өнгөрч байхад захиргааны цаад талын уулзвараар зам хөндлөн гарах гээд явж байтал нэг машин хажуугаар хурдтай өнгөрөхөөр нь дайрлаа шүү дээ гэхэд машин зогссон, тэгэхээр нь хажууд нь очоод цонхыг нь цохисон чинь буугаад ирсэн. Тэгээд намайг цохих гэхээр нь бултаж гаргаад өөрийг нь түлхсэн. Манай найз Бүүвэйбаатар хамт явсан. Ууганбаяр цаана скайтелийн хажууд утсаар яриад ардаас явж байсан. Ингээд би хохирогчийг түлхээд дахиж цохиогүй, өөр нэг машинаас хүн бууж ирсэн. Бүүвэйбаатартай зууралдсан байх, хохирогч Бархас газарт унахаар нь би нүүр рүү нь өшиглөчихсөн. Шүд нь унасныг бол мэдээгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 6,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 375,000 төгрөг төлсөн. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Ер нь судалж үзэхэд 1 эмплат шүд хийлгэхэд 1,800,000-4,000,000 төгрөг болох юм билээ. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү “ гэсэн мэдүүлэг,
Хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бид нар 135 дугаар байрнаас Номингийн хажуу талын байр руу нүүж байсан юм. Ингээд захиргааны уулзвараар цааш эргээд явахаар явж байтал цээж нүцгэн, футболкоо гартаа барьчихсан явж байснаа машины ар руу түг хийтэл цохисон, машинаа зогсоосон чинь хүрч ирээд яаж яваад байгаа юм, дайрлаа гэсэн, тэгэхээр нь цонхоо буулгатал нүүр рүү цохиод авсан. Машинаас буухад нэг нь араас татаад футболк урчихсан, тэгээд газарт унахад нэг нь нүүр рүү өшиглөсөн. Удалгүй цагдаа ирсэн, би шүд уначихаад байна, эвгүй болчихлоо гэж хэлсэн. Эд нар гурвуулаа байсан, нийлж зодсон гэж үзэж байгаа. Миний үүдэн 4 шүд унасан, хоншоор яс хугарсан. Хоншоорын түүшийг нөхөх хагалгаанд орчихоод 3-4 сарын дараа эмплат яаж хийлгэхээ шийдвэрлэнэ гэсэн. Эхний нэг сар тагнай тэр чигтээ хавдсан, хоол идэх боломжгүй, шингэн зутан, бантангаар хооллосон. Одоо ч тийм сайн биш байна. Хугарсан яснуудаа түүлгэсэн, хиймэл 4 шүд тогтох боломж муу уначих гээд байдаг /хиймэл шүдээ авч харуулав/. Би хувийн эмнэлгээс эмчилгээ хийлгэх жишиг үнийг авчирсан. Эхний ээлжинд 16,332,000 төгрөг болох юм билээ. Үүнээсгийн өгсөн 6,000,000 төгрөгийг хасч, үлдэх 10,332,000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Ер нь бол надад илүү мөнгө төгрөг авах, үнэтэй шүд хийлгэх сонирхол алга, би эд нарыг өөрсдөө эмнэлгээ олчих, боломжийн бол тэр эмнэлэгт нь эмчлүүлээд шүд хийлгэе гэсэн, нэг ч эмнэлэг санал болгоогүй. Надаас уучлалт ч гуйгаагүй. Би энэ залууг гэмшихгүй байна гэж ойлгож байгаа. Шүүх дээр ирэхэд архи уусан байсан. Тэгээд хүн ийм болчихоод юу ч болоогүй юм шиг архи дарс уугаад явж байхад нь сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч бичсэн. Өргөдөлд бичсэнээр сэтгэл санааны хохилоо тогтоолгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол гаргуулах хүсэлтэй байна. Миний хувьд энэ залуу ял өгөөд явуулна гэхгүй, ер нь бол залуу хүүхэд цаашид архи дарс битгий уугаасай, ажил хөдөлмөр хийж амьдраасай, надаас өөр хүнтэй таарсан бол ингэж зөөлөн хандахгүй л байх гэж хэлмээр байна” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/
Гэрч М.Бүүвэйбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 06 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө 00 цаг 10 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багт байрлах Булган плаза баарнаас хоёр найзтайгаа гэртээ харих гээд явж байсан, тэгтэл төрийн захиргааны урд талын замаар такси барих гээд засмал зам хөндлөн алхаад явж, зам гарч байх үед ачааны цагаан өнгийн автомашин өнгөрөхөөр нь манай найз******* нөгөө машин руу дайрлаа ш дээ гэж орилсон. Тэгсэн ачааны машинаас нэг залуу бууж ирээд манай найзтай муудалцсан. Тэгсэн урд талд нь хамт явж байсан Prius-30 маркийн автомашинаас 2-3 залуу бууж ирээд бид 2 руу дайраад тэгээд л шууд харилцан муудалцан, зодоон эхэлсэн. Манай найз руу Prius-30 маркийн автомашинаас буусан 2-3 залуучууд дайрахаар нь би нэгийг нь татаад унагаасан тухайн үед харанхуйд юу болоод байгаа нь сайн мэдэгдэхгүй байсан бөөн бужигнаантай байсан удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн, бид хэдийг цагдаа нар салгаад шууд цагдаагийн хэлтэс рүү авч явсан найз Ууганбаяр бол замын нөгөө талаас зодоон болох үед ирж салгаж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би үл таних нэг залууг татан газарт унаган хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу босоод надаас зугтаасан. Би Баяр-Эрдэнэ гэх залууг газарт татан унагаж гар болон хөлөөрөө нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 06 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Замын-Үүд сумын 1-р багт байрлах 135-р байранд төрсөн ах Бат-Эрдэнийн гэрийг нүүлгээд явж байсан би жижиг приус-30 маркийн машинд суугаад явж байсан тухайн үед захиргааны уулзвар руу эргэх гээд явж байхад миний ард явж байсан хагас ачааны машин барьж явсан миний төрсөн ах болох Бархасын машин гэнэт зогсохоор нь хамт явж байсан ах бид хоёр зогсоод машинаас буугаад Бархас ах дээр очиход манай ахыг гурван залуу бариад авсан зууралцаад зодолдож байсан. Тэгээд ах бид хоёр очоод салгах гэтэл намайг нэг өндөр залуу нь тохойлдоод байхаар нь ахыгаа салгах гээд зууралцах үед миний араас нэг үл таних хүн татах үед тэр өндөр залуу намайг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэр үед миний баруун гарын хуруу эвгүй болсон байсан, тэгээд би ухраад зугтаасан тэгтэл цагдаа нар ирэхэд манай төрсөн Бархасын үүдэн шүд байхгүй болсон, амнаас нь цус гарч байхаар нь ахыг өшиглөсөн нөхрийн хажууд байсан Бүүвэйбаатар гэх өндөр залуу нэг удаа цээжин хэсэгт цохисон, нээх хүчтэй цохиогүй. Миний өөдөөс томроод элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би та нар хүнийг ийм аймар болгодог нь яаж байгаа юм бэ гэж байсан. Би зодоон болох үед ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Миний баруун гарын чигчий хуруу гэмтсэн байсан тухайн үед эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй одоо зүгээр болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биеийн байдал зүгээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 06 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө 00 цаг 10 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багт байрлах Булган плаза баарнаас хоёр найзтайгаа гараад такси барих гээд вокзал явж байсан, тэгтэл манай найз их согтуу байсан учирг Бүүвэйбаатар хажуугаас нь түшээд явж байхад сумын захиргааны хажуу талын явган хүний зам дээр хагас ачааны цагаан өнгийн машин шахаж, дайрах шахаад гарахаар нь манай найз тэр машиныг хөөе дайрлаа шүү дээ гэсэн чинь нөгөө машины буруу талын хаалганаас нэг залуу бууж ирээд манай найзтай маргасан, тухайн үед миний утас дуугараад би утсаар яриад эргээд харахад ачааны машины урд явж байсан цагаан өнгийн Приус-30 машинаас 2-3 хүн бууж ирээд манай найз Бүүвэйбаатар, нар нь маргаж байсан, тэгээд би очоод салгаж байтал эргүүлийн цагдаа ирсэн, тэгээд цагдаагийн хэлтэс орсон, тэгтэл анх манай найзтай маргасан залуугийн амнаас нь цус гарсан байсан, би зодоонд оролцоогүй би зодооныг салгасан, өөр зүйл болоогүй. Би тухайн үед утсаар яриад завгүй байсан хэн нь хэнийгээ цохисон талаар хараагүй, хамгийн анх манай найзтай маргаж байсан залуугийн амнаас цус гарсан байсанг харсан. Гадаа харанхуй замын гэрэл унтарсан байсан, Бүүвэйбаатар хэнтэй зодолдсон талаар сайн мэдэхгүй байна, ямар ч байсан ачааны машины урд зогсож байсан суудлын машинаас бууж ирсэн залуучуудтай маргалдаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/
Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны компьютерт томографи онилшилгооны *******ын шинжилгээний хариу /хх-ийн 27/
Хохирогч*******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-ийн 28-35/
Хохирогч*******ыг 2023 оны 06 сарын 22-ны өдөр эмнэлэгт хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн “1.*******ын биед гэмтэл тогтоогдлоо.
2.*******ын биед хоншоор ясны хугарал, үүдэн 4 шүдний булгарал, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, хүзүүний арьсны зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Дээрх гэмтлүүдийн хоншоор ясны хугарал, үүдэн 4 шүдний булгарал гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба уруулын дотор талд язарсан шарх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүний арьсны зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн 04/149 тоот дүгнэлт /хх-ийн 38-40/
Шүүгдэгч******* нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-76/
Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын задаргаа 375,000 төгрөг гэсэг лавлагаа /хх-ийн 79/,
Иргэний нэхэмжлэгч Д.Дуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч*******т Эрүүл мэндийн даатгалын сангаас 375000 төгрөгийн зардал тус тус гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч*******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/
Шүүгдэгч******* Эрүүл мэндийн даатгалын санд 375,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 18-ны өдөр төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 93/
Хохирогч*******т 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 94-100/
Бат дент ХХК-ний “Э.Бархасын биед үзлэг хийсэн, онош тодорхойлсон, хийгдэх эмчилгээг бичсэн, хийгдэх эмчилгээний тооцоо гаргасан” эмнэлгийн баримт /хх-ийн 143/
Э.Баяр-Эрдэнийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3/
299 дугаартай гомдол мэдээлэлд хохирогчоор өгсөн “ ...Бүүвэйбаатар миний нүүр рүү чиглээд хөл нь ороод ирэхээр нь баруун гараа урдаа бариад нүүрээс хамгаалсан чинь баруун гарын чигчий хуруунд таарч гэмтээсэн. ...цагдаа нар ирээд салгасан чинь Бархас ах миний нүүр рүү өшиглөсөн залуу гүйгээд явчихлаа, бариад аваарай гэж орилж байсан, тухайн үед Бархасын ахын нүүр ам цус болчихсон, шүд нь унаж гэмтсэн, тэндээсээ эмнэлэгт очиход 4 шүд унаж, хоншоор яс үүрчихсэн байна “гэсэн мэдүүлэг, /хх-ийн 152-153/
299 дугаартай гомдол мэдээлэлд сэжигтнээр М.Бүүвэйбаатарын өгсөн “Ууганбаяр утсаар яриад явж байсан... машин зөрөх үед орилоод “дайрлаа шүү дээ” гэхэд машинаас нэг хүн бууж ирсэн,тай муудсан, тэгтэл урд явж байсан машинаас 2 залуу бууж ирээд муудаад би Баяр-Эрдэнэ гэх залууг барьж авах гээд хөөж байснаа санаад байгаа юм, ...тэр үед их согтуу байсан болохоор хэсэг байдлаар санаад байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 154/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн
1.Гэм буруугийн талаар дүгнэвэл:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүгдэгч******* нь 2023 оны 06 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах засаг, захиргааны байрны баруун талын уулзвараар зам хөндлөн гарахдаа хажуугаараа өнгөрч байсан машиныг “дайрлаа шүү дээ, аятайхан яваач” гэх үгсээр хоргоож, тээврийн хэрэгсэл жолоодон явсан******* машинаа зогсооход очиж цонхыг тогшиж тэдний хооронд таарамжгүй байдал үүссэн бөгөөд хохирогч******* нь машинаасаа бууж ирсэн, улмаар муудалцан, хохирогч*******ыг газарт унасан байхад нь нүүрэн тус газарт нь өшиглөж, хоншоор ясны хугарал, үүдэн 4 шүд унасан үйл баримт болсон байна.
Хохирогч*******ын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилсон байх бөгөөд Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний ахлах шинжээч эмч, мэргэшлээрээ 18 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн хошууч П.Гаваасүрэн нь “Э.Бархасын биед учирсан гэмтлүүдийн хоншоор ясны хугарал, үүдэн 4 шүдний булгарал гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтийг 2023 оны 06 сарын 28-ны өдөр гаргасан байна.
Иймд шүүгдэгч*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээд нь бусдын биед гэмтэл учруулахаар идэвхитэй үйлдэл хийсэн байх, үүний улмаас эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн байх, тодорхой цаг хугацаанд хүний биед өвчин шаналал үүссэн байх бөгөөд шүүгдэгч*******гийн хохирогчийг өшиглөж, гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж мэдүүлсэн гэрч М.Бүүвэйбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
-хохирогч*******ыг 2023 оны 06 сарын 22-ны өдөр эмнэлэгт хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн36/,
-хохирогч*******ын биед учирсан гэмтлийг тодорхойлсон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 04/149 тоот дүгнэлт /хх-ийн 38-40/,
-хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “ тухайн үед гурвуулаа байсан, нэг нь футболкноос татсан, нэг нь унасны дараа өшиглөсөн” гэж мэдүүлэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтаар гэрч Ууганбаяр утсаар ярьж байсан, гэрч М.Бүүвэйбаатар нь гэрч Э.Баяр-Эрдэнэтэй муудсан, шүүгдэгч нь хохирогчтой муудсан, нүүр рүү нь өшиглөсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч*******гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Хохирлын талаар:
Хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “ зайлшгүй хийгдэх эмчилгээ буюу хоншоорын түүш яс нөхөх хагалгаа хийгдсэний дараа 3-4 сар эмчилгээ хийгдэнэ, түүний дараа эмплант ямар байдлаар суулгахаа шийдвэрлэж, эмчилгээ хийгдэнэ, ирээдүйд хийгдэх эмчилгээний зардлыг жишиг байдлаар хувийн эмнэлгээс үнэлгээ гаргаж ирсэн гэж, 16,332,000 төгрөгийг нэхэмжилж, үүнээс шүүгдэгч*******гийн төлсөн 6,000,000 төгрөгийг хасч тооцно” гэж мэдүүлсэн болно.
Шүүх хохирогч*******ын шүүхэд нотлох баримтаар өгсөн Бат дент ХХК гэсэн тамга бүхий “Э.Бархасын биед үзлэг хийсэн, онош тодорхойлсон, хийгдэх эмчилгээг бичсэн, хийгдэх эмчилгээний тооцоо гаргасан” эмнэлгийн баримтаас үзэхэд нийт 16,332,000 төгрөгийн тооцоо гаргахаар тодорхойлсон байх ба шүүх энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлж, хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч*******гийн хууль бус үйлдлээс хохирогч*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн хохиролд шууд тооцогдохоор байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нөхөн төлөх үүрэг бүхий этгээд мөн бөгөөд энэ үүргийн хүрээнд хохирогч*******ын эрүүл мэндийн эмчлүүлэхтэй холбоотой зардлыг хариуцах юм.
Хэдийгээр хохирогч******* нь одоогийн байдлаар хоншоорын түүш яс нөхөх хагалгаа хийлгээгүй, эмплант шүд суулгаагүй боловч энэ эмчилгээнд тодорхой цаг хугацаа шаардах талаар тайлбарладаг, хохирогчид дээрх эмчилгээ хийгдэх нь нэгэнт тодорхой үйл баримт байх тул хохирогчийн гаргасан хохирлын тооцооны баримтыг үндэслэн нийт 16,332,000 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 6,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 10,332,000 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч******* нь Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын дагуу сэтгэл санааны хохирлыг тогтоолгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг гаргуулан авхуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх боловч дээрх тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршигийг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан байх бөгөөд сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу сэтгэцийн эмгэгийн зэргийг тогтоосон дүгнэлт гарсан байх учиртай юм.
Иймд дээрх тогтоолын дагуу сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, харин гэмт хэргийн улмаас эрүүл мэндээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч*******т яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт 375,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч******* төлсөн нь хэрэгт авагдсан 2023 оны 08 сарын 18-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 93/ тогтоогдож байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэх эрхийн хүрээнд улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоос 6,000,000 төгрөг төлсөн боловч хохирол бүрэн төлөгдөөгүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, шүүгдэгчид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг,
шүүгдэгч Л.Юмсундуй нь “ ажил хийж хохирогчийн хохирол төлбөрийг төлөх тул цагийн ажил хийх боломжгүй байна, торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч******* нь хохирогч*******тай таарамжгүй харилцаа үүсгэж, дараагийн үр дагаврыг гаргахгүй байх боломжтой байсан боловч хохирогчид гэмтэл учруулах үйлдлийг хүсэж үйлдсэн, өөрийн үйлдлийн хор уршигийг ухамсарлан ойлгох боломжтой байсан зэргээс дүгнэхэд түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь нийгэмд тогтсон хэм, хэмжээг зөрчсөн, өөрөөр хэлбэл гудамж, талбайд биеэ зөв зохистой авч явах, бусдыг эрхийг өөрийн эрхээр хязгаарлахгүй байх, бусдын эрх, эрх чөлөө, амьд явах эрхэд халдахгүй байх зэргийг зөрчсөн зэргийг харгалзан эрүүгийн харицлагын зорилгыг хангах, шударга ёсны зарчмыг баримталж ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Бусад: Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар шүүгдэгч*******гаас 10,332,000 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр сэтгэл санааны хохирлыг тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч******* нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД