Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 00259

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00259

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Шураг багт оршин суух, .. дугаарын регистртэй, Х овогт Б-ын Л-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт Бадамын 8 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1975 онд 1 дүгээр ангид орж 1983 онд төгсөөд Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бадам овогтой Батбаяртай гэр бүл болж, гэр бүлийн хүн 2005 онд нас барсан. Одоо өрх толгойлон тус суманд мал маллаж амьдардаг.Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд Б.Л намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчин, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Эрдэнбүрэн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү. 1990 оноос одоо хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад малчинаар ажиллаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Л нь 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Л нь 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадын 1983 он, 1985 оноос 1987 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 347 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай захиргаа аж ахуйн ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай баярын хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбар

Хүсэлт гаргагчийн 844900474 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000550 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 1988 онд ажиллаж байх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 126/001972 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 126/001971 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн М.Алтанцэцэгийн ...Б.Л нь 1987 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Ж.Даваасүрэнгийн ...Б.Л нь 1983 онд 8 дугаар анги төгсөж эцэг эхийн хамт 1983 оны 07 дугаар сараас 1987 оныг хүртэл мал маллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Лын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хар бургууд овогт Бадамын Л-ыг 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ