| 2020 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2020/00133 | Жаргалант сум | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, Гт овогт Б-ийн О //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00129/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б.О нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1978 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 1986 онд 8 дугаар анги төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд 1988 онд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг ногоочноор төгссөн. Ногоочноор төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн таван хайрхан бригадад 1 жил ногоочноор ажиллаад хөдөө хувиараа мал малласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил дутуу гээд байгаа тул намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Хүн бүхэн малчнаар тогтоолгох ёстой. Техник мэргэжлийн сургуулийг төгссөн хүн ажилласан жил тогтоолгож чадахгүй гэж буруу ойлгоод малчнаар гэж нэхэмжлэл гаргасан...гэв. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж өөрчилөв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Б.О нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаартай шинээр техник мэргэжлийн сургуулийг төгссөн хүүхдүүдийг ажилд томилсон Ажилд томилох тухай тушаалын хуулбараар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 35 дугаар тал/ Б.О нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000754 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/ Нэхэмжлэгч Б.О нь 1988 онд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгссөн байхад хавтаст хэргийн 6-10 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын 4 дүгээр бригадын 1985-1988 онуудын 70 дуугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэр бичилтгүй, уг хуулбаруудад нэхэмжлэгчийн нэрийг хар өнгийн зүйлээр бичсэн, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тодорхойлолт, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд авагдсан гэрч Х.Нансалмаагийн мэдүүлэг, 26-27 дугаар хуудсанд авагдсан П.Дамдин нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийг 1986 оноос Ховд аймгийн Чандмань суманд малчнаар ажилласан гэж бодит байдалтай нийцэхгүй буюу нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Нансалмаа, П.Дамдин нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Б-ийн О //-ын Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ |