Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00134

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2020/00134

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, Х овогт Т-ын Б //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00104/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Т.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 1981 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшил нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж эхлээд 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдсан. 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшил нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байгаа тул Ховд аймгийн Мянгад сумын Давшил нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нээсэн Төмөрбаатарын Бийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г.Нямсүрэнгийн ..... 1980 оны өвөл 12 дугаар сард Т.Бийн аав нь надад Т.Бийг хөдөлмөрийн насанд хүрлээ, нэгдлээс нормын мал авлаа гэж ярьж байсан. Т.Бийн аав Төмөрбаатар нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригад буюу тэр үеийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1980 онд мал тооллогын үеэр 1981 оноос эхлэн Т.Б нормын малтай болсон гэж надад хэлсэн тул Т.Б нь 1981 оноос эхлээд 1984 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1987 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригаддаа нэгдэл тартал эцэг эхийнхээ хамт мал малласан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 онд тарж, Давшилт ХК болсон. Т.Б нь Давшилт ХК-нд бас түрээсийн мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Я.Цэвээндарийн .....Манай хадам аав Чогсонжавын Төмөрбаатарынхтай манай аав ээж нэг нутагт нутагладаг байсан учраас Т.Б болон түүний ах, эгч, дүү нарыг бүгдийг нь таньдаг байсан. Т.Б нь сургуульд сураагүй, багаасаа мал малласан хүн юм. Т.Б нь 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Т.Б нь ерөөсөө малаас салаагүй, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл тартал мал малласан. Давшилт ХК болоход мөн малаа малласаар байсан. Малчнаас өөр ажил хийж байгаагүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-7, 22-24, 25-27 дугаар тал/

Нэхэмжлэгч Т.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000462 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаартай тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цэрэгт татагдаж, БЦЕГ-ын даргын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан талаарх Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1421 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10, 14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Г.Нямсүрэн, Я.Цэвээндарь нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Т-ын Б //-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ