Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 49

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй, 

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,         

Иргэдийн төлөөлөгч Ш.Алтанцэцэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,    

     Шүүгдэгч М.Баяржаргал, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч М.Баяржаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 1753 тоот эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.          

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-766 тоотод оршин суух, 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Боржигин овогт Мөнхжаргалын Баяржаргал /РД:ЖИ84031819/ 

          Шүүгдэгч М.Баяржаргал 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр” нэртэй караоке баараар үйлчлүүлээд гарахдаа баарны зөөгч Б.Чулуунхүүтэй пивоны тооцоо төлсөн гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн Б.Чулуунхүүг өшиглөж зодсон, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Ч.Бат-Эрдэнийн толгойн тус газар цохиж хөнгөн гэмтэл, гар руу өшиглөж баруун сарвууны 1 дүгээр хурууны шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :   

 

Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :             

Шүүгдэгч М.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 25-нд ажлаа дуусаад Цогбаяр, Түвшинжаргал гэдэг 2 найзтайгаа хамт вокзал дээр хүн тус бүр 2 шил пиво уусан. Цогбаярын эхнэр нь хөдөө явсан гээд бид нар Цогбаярынд хонохоор явсан. Бид нар Толгойтын “Цэнхэр дэлгүүр”-ийн автобусны буудал дээр буугаад 21 цаг өнгөрч байх үед нийтийн караоке орсон. Тэнд бид нар хүн тус бүр 2 шил пиво уусан. Бид 3 баарнаас гарахад араас нэг эмэгтэй гарч ирээд пивнийхээ тооцоог хий, 2 шил пиво дутуу байна гэсэн. Би юу яриад байгаа юм бэ бүх пивнийхээ тооцоог хийсэн гэж хэлсэн. Тэгэхэд нэг өндөр залуу ирээд тооцоогоо хийгээч пиздануудаа гээд намайг бариад авсан. Би гарыг нь мултлаад тэр залуутай барилцаж авсан…энэ үед ууж байсан пивоны шилээр тэр залуугийн толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд цаашаа зугтаатал тэр залуу намайг араас гүйж ирээд хавсарч унагаагаад миний нүүр, нуруу луу өшиглөөд байсан…Би тэр өдөр цагаан саарал өнгийн подвалк, хар шорт, цэнхэр сандаалтай явсан…Бат-Эрдэнэ учиргүй дайраад байсан…Би баарны гадаа маргалдаж байсан эмэгтэйг өшиглөөгүй…Би Төв аймгийн Борнуур суманд 2013 оны 04 дүгээр сарын 17-нд машинтай явж байгаад аваарт ороод биедээ гэмтэл авсан. Уг гэмтлийн улмаас 2 хөлдөө хадаас хадуулсан одоогоор хадаас нь байгаа. Тухайн үед уруул сэтрээд, нүүр амандаа гэмтэл авч байсан, эмчилгээ хийлгэж байгаад гайгүй болсон.  2013 оны 05 сард группт байж байгаад бие сайжирсан учир 2014 онд группээс хасагдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 х/, 

Шүүгдэгч М.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 найз маань хөдөөнөөс ирээд бид 3, Вокзал дотор хоёр, хоёр шил пиво уугаад Цогбаярын гэр рүү явж байгаад замдаа “Цэнхэр” нэртэй караокед 1 цаг дуулж орж хүн хүний хоёр, хоёр шил пиво уучихаад гараад явж байхад нэг эгч араас “тооцоогоо хийгээч” гээд ханцуйнаас татаад “хурдан тооцоогоо хийгээдэх” гээд зуураад тавихгүй байсан. Бид нар “тооцоогоо хийсэн” гэж хэлээд явах гэж байхад хажуунаас өндөр биетэй залуу гарч ирээд “та нар ууж идсэн бол тооцоогоо хийгээч” гээд намайг шилэн хүзүүдэж дараад өвдөг сөхрүүлж газар суулгасан. Би ууж байсан пивоны шилээрээ баруун гараараа арагшаа саваад цохьчихоод гарнаас нь мултраад босч зугтаад цаана очиход хохирогч Бат-Эрдэнэ араас хөөж ирээд савж унагааж өшиглөсөн. Хохирогч Бат-Эрдэнэ намайг шилэн хүзүүдэж дарж байхад цагдаа ирсэн. …Би цагдаагийн газраас манайг 2016 оны 9 дүгээр сарын 15-нд  дууддаг нь надад учирсан шарх, сорви гэмтлийг эдгээх гээд хугацааг их удаасан байх гэж бодож байна …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Ч.Бат-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн :   

“...Манай эгч Чулуунхүүтэй 3 залуу баарны үүдэнд маргаад зогсож байсан, маргаан хараад машинаас бууж байхад нэг залуу нь эгчийн хөл рүү өшиглөөд миний өөдөөс алхсан, би нөгөө залууг барьж аваад энэ ямар даварсан залуу вэ цагдаад өгье гэхэд араас цагаан подволк өмссөн залуу гараараа толгой уу нэлээд хэд цохиод авсан...би барьж байсан залууг тавиад намайг араас цохиж байсан залууг 2 гарнаас нь бариад авсан...эргээд харахад бараан хувцастай, эгчийг өшиглөсөн залуу нь архины шилээр дух руу цохьчихоод зугтаасан...араас нь гүйсээр байгаад барьж авч, газар унагаан дээр нь гарч суусан...нөгөө цагаан хувцастай залуу гүйгээд ирэхээр бүснээс бариад авсан, намайг найзаасаа салгах гээд гар луу өшиглөөд байсан...Эгчийг өшиглөөд авахаар нь болиулах гээд очиход намайг шалтгаангүй цохиод авсан. ...” гэх /хх-13-14/ болон, 

2016 оны 11 дүгээр сарын 23, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед дүү Батжаргалтай эгч Чулуунхүү эгчийн гэрт нь  очих гээд явж байсан. Тэгээд Толгойтын эцэс орчимд байдаг “Цэнхэр” дэлгүүрээс юм авах гээд зогссон, би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй. Манай эгч Чулуунхүүтэй 3 залуу баарны үүдэнд маргаад зогсож байсан. Би тэр үед Чулуунхүү эгчийг бааранд ажилладаг гэдгийг мэдээгүй. Тэгээд машиндаа орж суугаад хөдлөх гээд машины гэрлээ асаатал Чулуунхүү эгч 3 залуутай маргалдаж байгаад Баяржаргал гэх залуу нь Чулуунхүү эгчийн хөл рүү нь өшиглөөд цаашаа алхангуут нь би машинаас гарч очоод барьж аваад Баяржаргалын шилэн хүзүүн дээр нь дараад нэг гарнаас нь татаад доош нь дарсан. Энэ үед араас нэг найз нь /Цогбаяр/ ирээд бариад авсан. Би эргээд хартал Баяржаргал нь ууж байсан пивнийхээ шилээр миний дух руу цохисон. Тэгээд цаашаа зугтаагаад явахаар нь би араас нь гүйж очоод бариад аваад хавсарч унагаагаад дээр нь гараад суусан. Ганц, хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд хамт явсан хоёр найз нь боль гээд салгах гээд байгаа бололтой хүрээд ирсэн. Чулуунхүү эгч дүү Батжаргал нар цагдаа дуудсан…Тэр залуучууд яг элбэж зодоогүй Чулуунхүү эгчтэй пивоны тооцоон дээрээс болоод маргасан юм билээ…Би хохиролд 500,000 төгрөг бэлнээр авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...Эгчтэй пивоны тооцоон дээрээс болоод маргасан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 74-76 х/, 

 Хохирогч Б.Чулуунхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Толгойтын “Цэнхэр” дэлгүүрийн караокед үйлчлэгчээр ажиллаад 7 хонож байсан. 2016 оны 06 дугаар сарын 25-нд манай караокед 3 залуу орой 22-23 цагийн үед орж ирээд кпиво уугаад байж байсан. Би гарч дэлгүүр ороод буцаж орж иртэл караокены эзний охин Анука “Чука эгчээ та эд нараас 2 пивоны мөнгө авсан уу” гэж асуухаар нь би аваагүй гэж хэлээд баарнаас гарсан. Нөгөө 3 залуу гадаа үүдэнд явж байхаар нь пивоны мөнгөө өгөөч гэж хэлээд жижиг бор бандийг нь /Баяржаргал/ барьж аваад нэг гарных нь ханцуйнаас нь угзарч татсан. Тэр залуу гараа угз татаж аваад юу яриад байгаа юм бэ гээд намайг нэг удаа өшиглөчихөөд цаашаа явсан. Энэ үед манай дүү Бат-Эрдэнэ машинаасаа гүйж гарч ирээд манай эгчийг яагаад байгаа юм гээд тэр бандийн шилэн хүзүүнээс нь дараад бариад авсан. Араас нь цуг явсан залуу нь очоод боль гээд салгахаар очсон. Бат-Эрдэнэ эргэж хараад энэ чинь манай эгчийг өшиглөсөн гээд тэр залууг бариад автал намайг өшиглөдөг залуу ууж байсан пивотой шилээрээ Бат-Эрдэнийн дух руу нь цохисон…Тэр залуу цаашаа зугтахаар нь наад залуу чинь зугтлаа шүү гэж би орилсон. Бат-Эрдэнэ араас нь гүйж очоод барьж аваад алдахгүй гээд доош нь дараад байх шиг байсан. …Тэр үед миний хөл их өвдөж байсан. Хэсэг хугацааны дараа гайгүй болсон. Надад гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…Шөнө харанхуй болсон байсан, Би тэр хэдийг зодолдож байгааг нь сайн харж мэдээгүй. Батжаргал бид 2 цаад 2 залууг нь ойртуулаагүй. Хоёр шил пивоны тооцоо дутуу гэж Анукаа хэлсэн. Би яг хэдэн шил пиво авч уусан, хэдэн пивоны тооцоо дутуу байсан гэдгийг нь мэдэхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 х/,

            Гэрч Ч.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Найз Баяржаргал, Түвшинжаргал нарын хамт 2016 оны 06 дугаар сарын 25-нд 21 цагийн үед ажлаа тараад төмөр замын тэнд бааранд орж пиво уусан. Үүний дараа манайд очиж хонохоор болоод манай гэр лүү явцгаасан. Замдаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтод байдаг Цэнхэр дэлгүүр гэдэг газар орж бид гурав тус бүр 1 шил пиво уусан. Бид нар 23 цагийн үед гарч явах болоход араас нэг эмэгтэй гарч пивоны тооцоо чинь дутуу байна гэж хэлсэн. “Бид нар тооцоогоо хийгээд гарч байна юу яриад байгаа юм бэ гээд тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгэхэд нэг залуу гүйж ирээд Баяржаргалыг унагасан. Тэр залуу Баяржаргалын дагзнаас нь доошоо дараад өндийлгэхгүй байсан. Би араас нь очоод болио гээд салгах гээд тэр залууг нь бариад хойш нь татсан. Тэгээд нэг мэдэхэд тэр залуугийн духнаас нь цус гараад энэ муу пизда намайг шилээр цохидог хэн бэ гээд Баяржаргалын шилэн хүзүүн дээрээс нь дараад унагасан өшигчөөд байсан. Наад хүнээ зодож яаж байгаа юм, цагдаа дуудаач гээд салгах гэхэд хажуугаас 2-3 эмэгтэй орж ирээд боль боль цагдаа дуудсан гээд ойртуулахгүй байсан…Бид нар вокзал дээр 3-4 шил пиво уусан, Цэнхэр дэлгүүр дээр ирээд 1 шил пиво уусан. Бид нар ч нилээд согтуу байсан. Уг нь пивоны тооцоогоо хийгээд гарч ирсэн. Бид нар бүгд мөнгөтэй байсан…Би тэр залууд огт гар хүрээгүй. Харин Түвшинжаргалыг зодох гээд байхаар нь салгах гэж оролдсон. Цаад хүүхнүүд нь намайг хавьтуулахгүй байсан…Би  өшиглөж цохисон юм байхгүй. Баяржаргал, Түвшинжаргал 2 тэр эмэгтэйг цохиж байгааг нь би хараагүй. Баяржаргалыг харин цаад залуу нь унагаад өшиглөөд нэлээд зодсон. Түвшинжаргал бид хоёр маргааш нь Баяржаргалыг эрүүлжүүлэхээс ирж авсан. Тэр үед хохирогч гомдол гаргасан гэж цагдаа нар хэлээгүй. Би Баяржаргалыг чи эмнэлэгт үзүүл наад хөмсөг чинь сэтэрсэн, толгой чинь энд тэндээ дов болсон байна гэж хэлэхэд Баяжаргал цаад хүн нь гомдол гаргаагүй бол яршиг адилхан эр хүмүүс байна гээд тоогоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

            Гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 25-нд орой ажлаа тараад вокзал дээр ганц шил пиво ууцгаагаад Цогбаярын гэр лүү явсан. Толгойтын Цэнхэр дэлгүүрийн буудал дээр нэг караокед 23 цаг өнгөрч байхад ороод хоёр, гурван шил “Нийслэл” пиво уусан. Бид нар гараад явахад 1 гэлүү 2 гэлүү пивоны тооцоо үлдсэн гэж нэг эгч араас гарч ирээд хэлсэн. Бид нар тооцоогоо хийсэн байх ёстой хийсэн дээ гээд хоорондоо маргалдсан.  Тэгэхэд хаанаас ч юм нэг залуу гарч ирээд Баяржаргалыг бариад авсан байсан. Би тэр үед бие засах гээд явчихсан байлуу яалаа. Миний мэдэж байгаагаар Баяржаргалыг нэг залуу унагаасан өшиглөөд байж байсан. Цогбаяр бид хоёр яаж байгаа юм гээд очтол 2 хүүхэн ойртуулахгүй цагдаа дуудсан байгаа гэсэн. Тэр залуу Баяржаргалыг унагаачихаад дараад байсан, найзыг чинь явуулахгүй, намайг шилээр цохисон гэж хэлсэн…Би саарал футболк , нимгэн хар алаг нацист куртик өмссөн, доогуураа хар жинсэн өмд, улаан пүүзтэй явсан. Баяржаргал саарал футболк ч билүү куртик өмссөн байсан. Цогбаяр бас л саарал цамц, саарал малгайтай байсан санагдаж байна. Цогбаяр бид хоёр зодоонд оролцоогүй. Цогбаяр бид хоёр дундаасаа баарнаас авсан пивнийхээ тооцоог бүрэн  хийсэн…Баяржаргалын толгой нь хагарсан, хөлнөөс нь цус гоожсон байсан. Наадах чинь бие муутай, олон хагалгаанд орж байсан битгий зодоод бай гэж хэлэхэд тэр залуу Баяржаргалыг өөрөө намайг архины шилээр цохисон гэж байсан. Баяржаргалыг эмнэлэгт үзүүлээч гэхэд цаад улсууд нь гомдол гаргаагүй юм шиг байна яршиг адилхан зодолдсон хүмүүс гээд тэр үедээ тоогоогүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 х

            Гэрч Ч.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 06 дугаар сарын 25-нд ах Бат-Эрдэнийн хамт Чулуунхүү эгчийнд очих замаараа Толгойтын “Цэнхэр” дэлгүүр ороод гарч ирээд машинтайгаа хөдлөх гэж байхад Чулуунхүү эгч 3 залуутай маргалдаад зогсож байсан. Нэг залуу нь /Баяржаргал/ манай эгч Чулуунхүүг өшиглөөд цаашаа алхахаар нь Бат-Эрдэнэ машинаасаа бууж гүйж очоод тэр залууг нь бариад авсан. Тэр залууг доош нь тонгойлгоод хүзүүн дээрээс нь дараад нэг гарыг нь хөдөлгөхгүй Бат-Эрдэнэ өөр лүүгээ татаад барьж байсан. Би машинаас буугаад очиж байх явцад Чулуунхүү эгч шилээр цохилоо гэж орилсон...толгойны дух хэсэгт нь шилээр цохиод зугтаасан. Тэр залуу цагаан футболктой байсан. Тэр залууг зугтаахаар нь Бат-Эрдэнэ араас нь гүйж очоод дэгээдэж унагааж байгаад футболк дээрээс нь мушгиад доош нь дарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 х/

            Гэрч Б.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өдрөө сайн санахгүй байна. Гаднаас 3 залуу шөнө 22 цагийн үед манай бааранд орж ирээд нэг нэг пиво аваад сууж байсан. Би одоо сайн санахгүй хүний нэг пиво авсан л санагдаад байх юм. Би хажуугийн дэлгүүр орчихоод буцаад орж ирэхэд тэр 3 залуу гарч байсан. Би Чулуунхүү эгчээс тооцоог нь авсан юм уу гэж асуухад Чулуунхүү эгч үгүй аваагүй гэсэн. Та наад хүмүүсээсээ тооцоо ав гэхэд Чулуунхүү эгч араас нь мөнгөө өгөөч ээ гээд гарсан. Нөгөө залуучууд нь өгсөн гээд байгаа юм биш үү гээд Чулуунхүү эгчтэй маргалдаад баарнаас гарсан. Манай хаалга онгорхой байсан болохоор би баараа орхиод гарч чадахгүй баарны дотроос хараад зогсож байсан. Үүдэн дээр Чулуунхүү эгч нэг залуугийнх нь гарнаас бариад авсан мөнгөө өг гээд нөгөөдөх нь мөнгөө өгсөн гээд гараа угзчаад татаад байгаа бололтой байсан. Чулуунхүү эгч араас нь мөнгө гээд хэрэлдээд үүднээс цаашаа яваад би юу болсныг би харж чадаагүй гадаа харанхуй болсон байсан. Тэр залуучууд нилээд согтуу байсан. Манайх тооцоо хийхдээ гар дээрээс бэлнээр тооцоо хийгээд авдаг. Тэр 3 залуучууд …ширээн дээр пивоныхээ тооцоог тавичихаад гарсан юм байна лээ. Баарны хаах цаг нь болсон учраас тэр 3 залуугаас өөр хүн бааранд байгаагүй.Баараа хаачихаад би ганцаараа үлдээд доторх юмаа эмхлүүлж байхад тэр 3 залуу ширээн дээр пивоныхээ мөнгийг үлдээгээд гарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 х/

Шинжээчийн 8951 тоот дүгнэлт

1.Бат-Эрдэнийн биед баруун сарвууны 1-р хурууны шивнүүрийн далд хугарал, тархинд дух хэсэгт голомтлог няцрал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд

үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.     Шинжээч эмч Д.Мөнхбат…1-р хурууны шивнүүрийн далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр, харин тархинд дух хэсэгт голомтлог няцрал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна /хх-17/,

            Гэрч М.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний ах дуугүй зөөлөн, төлөв даруу томоотой, их даруухан зантай. Би ахтайгаа МСҮТ-д хамт нэг ангид сурч байсан, их хөдөлмөрч зантай, их зөв хүн байгаа юм. …Хааяа нэг архи ууж байгаа харагддаг. Уусан үедээ ах маань олон таван үггүй, агсам согтуу тавиад байдаггүй…” гэсэн мэдүүлэг /хх-39/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 х/

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 56-57 х/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 58-60 х/ зэрэг болно.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд :    

Шүүгдэгч М.Баяржаргалыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Тухайлбал,        

1. Шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байх ба тэрээр Б.Чулуунхүүтэй пивоны тооцоо төлсөн гэж маргалдсан нь “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж үзэх шалгуур үндэслэлийг хангахгүй байна.        

Б.Чулуунхүү, Б.Анужин нар үйлчлүүлэгч нарыг тооцоо хийх гэхэд нь өөрсдөө ажлын байрандаа байгаагүй, тооцооны үлдэгдэл мөнгийг ширээн дээр нь тавиад гарсныг шалгаагүй, мэдээгүй атлаа түүнчлэн “төлбөрөө төлсөн” гэж удаа дараа хэлсээр байтал бусдыг төлбөрөө төлөөгүй мэтээр гүтгэн, буруугаар төсөөлөн сэтгэж, хэрүүл маргаан гарах суурь нөхцөлийг бүрдүүлж улмаар Б.Чулуунхүү нь  үйлчлүүлэгч талтай зүй бус харьцаж,  хэрүүл маргааныг эхлүүлсэн байна.  

Мөн Б.Анужин, Б.Чулуунхүү нарын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгийг тус бүрд нь болон өөр хооронд нь харьцуулан шалгахад эх сурвалж тодорхойгүй, зөрүүтэй, зөрчилдсөн буюу зарим асуудлаар худал мэдүүлсэн байдал илэрсэн нь үйлчлэгч Б.Чулуунхүү, Б.Анужин нарын ажлын хариуцлагагүй байдлын илрэл, хариуцлагагүй байдлаа үл ухамсарлан зүй бус харьцаа, маргааны эхлэлийг  бүрдүүлсэн үндэслэлд хамаарч байна.     

Нотолгоо :    

            Гэрч Б.Анужингийн...Би хажуугийн дэлгүүр орчихоод буцаад орж ирэхэд тэр 3 залуу гарч байсан. Би Чулуунхүү эгчээс тооцоог нь авсан юм уу гэж асуухад Чулуунхүү эгч аваагүй гэсэн. Та наад хүмүүсээсээ тооцоо ав гэхэд Чулуунхүү эгч араас нь мөнгөө өгөөч ээ гээд гарсан. Нөгөө залуучууд нь өгсөн гээд байгаа юм биш үү гээд Чулуунхүү эгчтэй маргалдаад баарнаас гарсан...Чулуунхүү эгч нэг залуугийнх нь гарнаас бариад авсан, мөнгөө өг гээд нөгөөдөх нь мөнгөө өгсөн гээд гараа угзчаад татаад байгаа бололтой байсан…Тэр 3 залуучууд…ширээн дээр пивоны тооцоог тавичихаад гарсан юм байна лээ...Баараа хаачихаад би ганцаараа үлдээд доторх юмаа эмхлүүлж байхад тэр 3 залуу ширээн дээр пивоны мөнгийг үлдээгээд гарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-77/  

Хохирогч Б.Чулуунхүүгийн...Би Толгойтын “Цэнхэр” дэлгүүрийн караокед үйлчлэгчээр ажиллаад 7 хонож байсан...манай караокед 3 залуу орой 22-23 цагийн үед орж ирээд пиво уугаад байж байсан. Би гарч дэлгүүр ороод буцаж орж иртэл караокены эзний охин Анука “Чука эгчээ та эд нараас 2 пивоны мөнгө авсан уу” гэж асуухаар нь би аваагүй гэж хэлээд баарнаас гарч…пивоны мөнгөө өгөөч гэж хэлээд жижиг бор бандийг нь /Баяржаргал/ барьж аваад нэг гарных нь ханцуйнаас нь угзарч татсан. Тэр залуу гараа угз татаж аваад юу яриад байгаа юм бэ гээд намайг нэг удаа өшиглөчихөөд цаашаа явсан...Би яг хэдэн шил пиво авч уусан, хэдэн пивоны тооцоо дутуу байсан гэдгийг нь мэдэхгүй.../х-72-73/,

Хохирогч Ч.Бат-Эрдэнийн...Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй. Манай эгч Чулуунхүү 3 залуутай баарны үүдэнд “маргаад” зогсож байсан...Тэр залуучууд яг элбэж, зодоогүй Чулуунхүү эгчтэй пивоны тооцоон дээрээс болоод маргасан юм билээ.../хх-13, 37-38, 74-76 /,  

Гэрч Ч.Батжаргалын...Чулуунхүү эгч тэнд нүүрс зардаг байсан, сүүлд үйлчлэгч хийсэн юм билээ, тэр 3 залуу бааранд үйлчлүүлээд тооцоогоо хийгээгүй болохоор араас нь гарч маргаан хийсэн гэж сүүлд сонссон.../х-43/

            Гэрч Ч.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Найз Баяржаргал, Түвшинжаргал бид нар…Цэнхэр дэлгүүр гэдэг газар орж тус бүр 1 шил пиво уусан. Бид нар 23 цагийн үед гарч явах болоход араас нэг эмэгтэй гарч ирэн, пивоны тооцоо чинь дутуу байна гэж хэлсэн. Бид нар тооцоогоо хийгээд гарч байна юу яриад байгаа юм бэ гээд тэр эмэгтэйтэй маргалдсан…Уг нь пивоны тооцоогоо хийгээд гарч ирсэн. Бид нар бүгд мөнгөтэй байсан…/хх-40/,

            Гэрч Э.Түвшинжаргалын…Бид нар гараад явахад 1-2 пивоны тооцоо үлдсэн гэж нэг эгч араас гарч ирээд хэлсэн. Бид нар тооцоогоо хийсэн байх ёстой, хийсэн гээд хоорондоо маргалдсан…Цогбаяр бид хоёр дундаасаа баарнаас авсан пивоны тооцоог бүрэн хийсэн байсан.../хх-42/,  

Шүүгдэгч М.Баяржаргалын...Бид 3 баарнаас гарахад араас нэг эмэгтэй гарч ирээд пивоны тооцоог хий, 2 шил пиво дутуу байна гэсэн. “Би юу яриад байгаа юм бэ бүх пивоны тооцоог хийсэн гэж хэлсэн. Тэгэхэд нэг өндөр залуу ирээд тооцоогоо хийгээч пиздануудаа гээд намайг бариад авсан.../хх-54-55/ гэх мэдүүлэг.

2. Хохирогч гэгдэх Ч.Бат-Эрдэнэ анхнаасаа “зүй бус” үйлдэл гаргасан буюу бусдын маргааны учир шалтгааныг огт мэдээгүй атлаа өөрт шууд хамааралгүй, тодорхой бус асуудлаар шалтаглан, тооцоог төлсөн, бие муутай гэж хэлсээр атал үл тоон М.Баяржаргалын эрх чөлөө, халдашгүй байдалд хүч хэрэглэн халдсан буюу зүй бус харьцсан байна.        

Нотолгоо :     

Шүүгдэгч М.Баяржаргалын...Бид 3 баарнаас гарахад араас нэг эмэгтэй гарч ирээд пивоны тооцоог хий, 2 шил пиво дутуу байна гэсэн. “Би юу яриад байгаа юм бэ бүх пивоны тооцоогоо хийсэн гэж хэлсэн. Тэгэхэд нэг өндөр залуу ирээд “тооцоогоо хийгээч пизда”-нуудаа гээд намайг бариад авсан...Би гарыг нь мултлаад тэр залуутай барилцаж авсан…Бат-Эрдэнэ учиргүй дайраад байсан…Тухайн үед уруул сэтрээд, нүүр амандаа гэмтэл авч байсан, эмчилгээ хийлгэж байгаад гайгүй болсон... Би баарны гадаа маргалдаж байсан эмэгтэйг өшиглөөгүй…Би 2013 оны 04 дүгээр сарын 17-нд машинтай явж байгаад аваарт ороод биедээ гэмтэл авсан. Уг гэмтлийн улмаас 2 хөлдөө хадаас хадуулсан одоогоор хадаас нь байгаа…/хх-54-55/, 

 Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...тэр залуу намайг шилэн хүзүүдэж, доош тонгойлгон 4 хөллүүлж дээрээс дараад цохиод байхаар нь гарт байсан ууж дуусаагүй пивотэй  шилээр цохьсон...тухай мэдүүлэг, 

Хохирогч Б.Чулуунхүүгийн “…тэр 3 залуу гадаа үүдэнд явж байхаар нь пивоны мөнгөө өгөөч гэж хэлээд жижиг бор бандийг нь /Баяржаргал/ барьж аваад нэг гарных нь ханцуйнаас нь угзарч татсан. Тэр залуу гараа угз татаж аваад юу яриад байгаа юм бэ гээд намайг нэг удаа өшиглөчихөөд цаашаа явсан. Энэ үед манай дүү Бат-Эрдэнэ машинаасаа гүйж гарч ирээд манай эгчийг яагаад байгаа юм гээд тэр бандийн шилэн хүзүүнээс нь дараад бариад авсан. Араас нь цуг явсан залуу нь очоод боль гээд салгахаар очсон…Бат-Эрдэнэ эргэж хараад энэ чинь манай эгчийг өшиглөсөн гээд тэр залууг бариад автал намайг өшиглөдөг залуу ууж байсан пивотой шилээрээ Бат-Эрдэнийн дух руу нь цохисон…Бат-Эрдэнэ араас нь гүйж очоод барьж аваад алдахгүй гээд доош нь дараад байх шиг байсан…гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,

            Гэрч Ч.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нар 23 цагийн үед гарч явах болоход араас нэг эмэгтэй гарч пивоны тооцоо чинь дутуу байна гэж хэлсэн. “Бид нар тооцоогоо хийгээд гарч байна юу яриад байгаа юм бэ гээд тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгэхэд нэг залуу гүйж ирээд Баяржаргалыг унагасан. Тэр залуу Баяржаргалын дагзнаас нь доошоо дараад өндийлгэхгүй байсан. Би араас нь очоод болио гээд салгах гээд тэр залууг нь бариад хойш нь татсан. Тэгээд нэг мэдэхэд тэр залуугийн духнаас нь цус гараад энэ муу пизда намайг шилээр цохидог хэн бэ гээд Баяржаргалын шилэн хүзүүн дээрээс нь дараад унагасан өшигчөөд байсан…гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

            Гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нар гараад явахад 1 гэлүү 2 гэлүү пивоны тооцоо үлдсэн гэж нэг эгч араас гарч ирээд хэлсэн. Бид нар тооцоогоо хийсэн байх ёстой хийсэн дээ гээд хоорондоо маргалдсан.  Тэгэхэд хаанаас ч юм нэг залуу гарч ирээд Баяржаргалыг бариад авсан байсан…Миний мэдэж байгаагаар Баяржаргалыг нэг залуу унагаасан өшиглөөд байж байсан. Цогбаяр бид хоёр яаж байгаа юм гээд очтол 2 хүүхэн ойртуулахгүй цагдаа дуудсан байгаа гэсэн…Наадах чинь бие муутай, олон хагалгаанд орж байсан, битгий зодоод бай гэж тэр залууд хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-42/,  

            Гэрч Ч.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Чулуунхүү эгч 3 залуутай маргалдаад зогсож байсан. Нэг залуу нь /Баяржаргал/ манай эгч Чулуунхүүг өшиглөөд цаашаа алхахаар нь Бат-Эрдэнэ машинаасаа бууж гүйж очоод тэр залууг нь бариад авсан. Тэр залууг доош нь тонгойлгоод хүзүүн дээрээс нь дараад нэг гарыг нь хөдөлгөхгүй Бат-Эрдэнэ өөр лүүгээ татаад барьж байсан.../хх-43/ гэх мэдүүлэг,

            М.Баяржаргалын мэдүүлгээр тэрээр өмнө нь авто ослын улмаас 2 хөлдөө гэмтэл авч, хадаас хадуулж байсан байх ба энэ талаар эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх- 58-60/, нийгмийн халамжийн тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх-56-57/ зэрэг баримт авагдсан. 

            3. Ч.Бат-Эрдэнийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас М.Баяржаргалын бие махбодид гэмтэл учирсан байж болох баримт байх боловч энэ талаар шалган тогтоовол зохих ажиллагааг орхигдуулсан буюу хугацаа алдагдуулсан, хэт нэг талыг барьсан нь хуульд нийцэхгүй. 

            М.Баяржаргалын бие махбодид гэмтэл, шарх учирсан нь Ч.Бат-Эрдэнийн зүй бус үйлдэл, харьцааг илэрхийлж байна.

            Цагдаа нар хэрэг явдал гарсан тэр даруйд дуудлагын дагуу  М.Баяржаргалыг зодоон хийж, танхайрсан хэмээн саатуулан, эрүүлжүүлсэн мөн Ч.Бат-эрдэнэ нь 2016.06.25-ны өдөр гомдол гаргасан атал хэрэг зөрчлийг шуурхай шалгаагүйгээс гадна М.Баяржаргал зөрчил гаргасан эсэхээс үл хамааран түүний биед учирсан зүсэгдсэн шархад гэмтлийн зэрэг тогтоолгох, учир шалтгааныг тодруулан шалгаагүй орхигдуулж, улмаар зөрчил гаргагчийг мэдсээр байж,  хаягтаа байсаар атал М.Баяржаргалыг 2016.10.29-ний өдөр сэжигтнээр татсан байх ба тийнхүү хугацаа алдсан шалтгааны талаар шүүгдэгч М.Баяржаргал...надад учирсан гэмтлийг эдгэрэхийг хүлээсэн байж болох тухай мэдүүлснийг тэмдэглэв.     

            Нотолгоо :      

            Хохирогч Б.Чулуунхүүгийн...зодоон болсон тухайн үед дүү Батжаргал цагдаа дуудсан.../х-73/ гэх мэдүүлэг,

            Гэрч Ч.Батжаргал...тэр үед би цагдаа дуудсан, удалгүй цагдаа ирсэн /х-43/ гэх мэдүүлэг,  

            М.Баяржаргалыг 2016.06.25-ний өдөр “Цэнхэр” дэлгүүрт зодоон хийж,  танхайрсан гэж эрүүлжүүлсэн, биед нь баруун хөмсөг зүсэгдсэн шарх, баруун шилбэ зүсэгдсэн шарх /х-19-23/ гэсэн баримт,    

            Гэрч Ч.Цогбаярын :…Баяржаргалыг тэр залуу нь унагаад, өшиглөөд нэлээд зодсон. Түвшинжаргал бид хоёр маргааш нь Баяржаргалыг эрүүлжүүлэхээс ирж авсан…Би Баяржаргалыг чи эмнэлэгт үзүүл наад хөмсөг чинь сэтэрсэн, толгой чинь энд тэндээ дов болсон байна гэж хэлсэн…/хх-40/, 

            Гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Баяржаргалын толгой нь хагарсан, хөлнөөс нь цус гоожсон байсан. Наадах чинь бие муутай, хагалгаанд олон орж байсан битгий зодоод бай гэж хэлсэн…” /хх-42/ гэх мэдүүлэг,  

            Зодуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад 2016.06.26-ний өдөр бүртгэн авсан баримт /х-5/,

            Ч.Бат-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох тогтоолыг 2015.06.25-ны өдөр гаргасан /х-16/, 

             М.Баяржаргалыг сэжигтнээр 2016.10.29-нд тооцсон баримт /х-50/.

            4. Хохирогч Ч.Бат-эрдэнэ удаа дараа мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийн эх сурвалж зөрүүтэй буюу тогтвортой биш байхаас гадна түүний аль ч мэдүүлэг “шүүгдэгчийн үйлдлийг танхайрсан” гэж үзэх үндэслэл, баримт болохгүй болох нь дээр дурдсан 1, 2, 3 дахь үндэслэл, нотолгоогоор илэрхийлэгдэнэ.    

            Нотолгоо :

Хохирогч Ч.Бат-Эрдэнэ 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд...эгч Чулуунхүүтэй 3 залуу баарны үүдэнд маргаад зогсож байсан...нэг залуу нь эгчийн хөл рүү өшиглөөд миний өөдөөс алхсан, би нөгөө залууг барьж аваад “энэ ямар даварсан залуу вэ цагдаад өгье “ гэхэд араас цагаан подволк өмссөн залуу гараараа толгой руу нэлээд хэд цохиод авсан...би барьж байсан залууг тавиад намайг араас цохиж байсан залууг 2 гарнаас нь бариад авсан...Эгчийг өшиглөөд авахаар нь болиулах гээд очиход намайг шалтгаангүй цохиод авсан...гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

Хохирогч Ч.Бат-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 23, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Чулуунхүү эгч 3 залуутай маргалдаж байгаад Баяржаргал гэх залуу нь Чулуунхүү эгчийн хөл рүү нь өшиглөөд цаашаа алхангуут нь би машинаас гарч очоод барьж аваад Баяржаргалын шилэн хүзүүн дээр нь дараад нэг гарнаас нь татаад доош нь дарсан. Энэ үед араас нэг найз нь /Цогбаяр/ ирээд бариад авсан.../хх-ийн 37-38, 74-76/ гэх мэдүүлэг. 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчил бүхий бусад асуудал

            - М.Баяржаргалыг сэжигтэн, яллагдагчаар татах, ял өөрчлөн сонсгох тогтоол /х-50, 54, 80/-д зөвхөн Ч.Бат-Эрдэнийг зодож танхайрсан гэж бичсэн атлаа яллах дүгнэлтэд “шүүгдэгч нь Б.Чулуунхүүг өшиглөн, Ч.Бат-Эрдэнийг зэвсгийн чанартай зүйлээр цохиж танхайрсан” гэж бичсэн нь хуульд нийцээгүй,

            -  гэмт хэрэг 2016.06.25-нд үйлдэгдсэн, дуудлага өгөгдсөн, цагдаа хэргийн газар очсон атлаа Б.Чулуунхүүг 2016.11.23-ны өдөр гэрчээр, 2016.12.15-нд хохирогчоор тус тус тогтоон байцааж /х-44,72/, 2016.12.15-ны өдөр Б.Чулуунхүүгийн биед гэмтлийн зэрэг байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах тогтоол үйлдсэн /х-78/,

            - зөрчил гаргасныг тэр даруйд мэдэгдсэн, мэдсэн буюу М.Баяржаргалыг эрүүлжүүлсэн /хх-21-23/, мөн М.Баяржаргалын биед зүсэгдсэн шархууд, гэмтэл байгааг баримтад бичсэн атлаа тухайн үед М.Баяржаргалыг сэжигтэн, яллагдагчаар татаагүй, түүний бие махбодид гэмтлийн зэрэг тогтоолгох ажиллагаа хийлгүй орхигдуулсан буюу М.Баяржаргалыг 2016.10.29-нд сэжигтнээр, 2016.11.24-нд  яллагдагчаар /х-50, 54/ татсан, харин хохирогчоор тогтоож, шалгаагүй,   

            - Ч.Бат-Эрдэнээс 2016.06.26-нд тайлбар /х-7/ авсан атлаа 2016.08.28-нд хохирогчоор анх /х-12/, 2016.12.19-нд дахин /х-75/ байцаасан, 2016.08.28-нд хохирогчоо тогтоосон, байцаасан баримт хууль ёсны шаардлага хангаагүй буюу эх хувь хэрэгт авагдаагүй /х-12/,

            - гэрч Б.Анужин, хохирогч Б.Чулуунхүү нарын мэдүүлэг тус бүрдээ болон өөр хоорондоо зөрүүтэй, эх сурвалж тодорхойгүй, зарим талаар худал мэдүүлсэн байтал үл анхаарч, нягтлан шалгаагүй,

- “Цэнхэр” нэртэй дэлгүүр үү, караоке юу, ямар нэртэй караоке эсэх,  Б.Анужин, Б.Чулуунхүү нар хаана, ямар зайнд байдаг ямар дэлгүүр рүү хэрхэн, ямар дарааллаар явсан эсэх зэрэг хэргийн байдлыг бодитой, бүрэн, зөв, шуурхай тогтооход мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд хийгээгүй, алдаа, зөрчил гаргасан байх ба тухайн зөрчил бүхий үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцаан нөхөн гүйцэтгүүлэхэд нотолгооны ач холбогдолгүй буюу хугацаа алдсан, зарим асуудал нөхөн сэргээгдэх боломжгүй болсон байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв. 

Яллах, цагаатгах талын нотлох баримтын аль алиныг нь харьцуулан үнэлэхэд гэмт хэрэг болсон үйл явдалд холбогдох дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч М.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоогүй, харин Ч.Бат-эрдэнийн гаргасан “зүй бус үйлдэл”-д (бусдын маргааны учир шалтгааныг огт мэдээгүй атлаа өөрт шууд хамааралгүй асуудлаар шалтаглан, тооцоог төлсөн, бие муутай гэж хэлсээр атал үл тоон эрх чөлөө, халдашгүй байдалд нь хүч хэрэглэн халдсан) нь дургүйцэн уурлаж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ч.Бат-эрдэнийн бие махбодид баруун сарвууны 1-р хурууны шивнүүрийн далд хугарал, тархинд дух хэсэгт голомтлог няцрал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарсан нь тогтоогдсон /х-17/, тухайн гэмтлүүд үргэлжилсэн нэг цаг хугацаанд учирсан байх тул аль хүнд хор уршиг буюу гэмтлийн хүндэвтэр зэргээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэхээс гадна хохирогч Ч.Бат-эрдэнийн бие махбодид халдсан шүүгдэгч М.Баяржаргалын гэмт үйлдлүүд нь анхнаасаа гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд тухайн үргэлжилсэн нэг цаг хугацаанд үргэлжлэн хэрэгжсэн байх тул нийт хор уршгийн аль хүндээр буюу “хүндэвтэр” хор уршгаар нь тус хэргийг зүйлчлэх үндэслэлтэй болно.   

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд  “үргэлжилсэн” болох нь нэгэнт тогтоогдсон байх тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар тодруулга өгсөн шинжээчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт бишээс гадна хэргийн зүйлчлэлд хамааралгүй, нөлөөлөх ач холбогдолгүйг тэмдэглэв.   

Шүүгдэгч М.Баяржаргал нь хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг учруулаагүй гэх боловч хохирогчид учирсан тухайн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойг үгүйсгэх үндэслэл, баримтын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар санал гаргаагүй, мэтгэлцээгүй болно.  

Иймд шүүгдэгч М.Баяржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа, үйлдэл нөлөөлсөн байна.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын баримт бүрдүүлээгүй байх хэдий ч хохиролд 500,000 төгрөг төлөгдсөн, гомдолгүй болохоо илэрхийлжээ.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.        

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь :     

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч М.Баяржаргалд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч М.Баяржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар М.Баяжаргалыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Баяржаргалд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.Баяржаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар М.Баяржаргалд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцуулсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Баяржаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР

                           

                                     ШҮҮГЧИД                            Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                  Б.БАТАА