Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/010

 

Б.С холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,*******

Шүүгдэгч Б.С

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Б.С гаргасан давж заалдах гомдлоор Б.С холбогдох эрүүгийн 1914004120312 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Б.С, 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Б.С нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Байдрагийн гүүр гэх газарт иргэн Д.А нүүрэн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.С дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Б.Сэр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Энэ хэргийн учир шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч  Б.С эзэмшлийн Вега маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.С буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1.2, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шинээр гаргаж өгсөн Сиди нэг ширхэг, эд мөрийн баримтаар рентген зураг гурван ширхэг, хүний үс зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сиди нэг ширхэг, рентген зураг гурван ширхэг, хүний үс зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдолдоо: Аймгийн прокурорын газраас намайг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Байдрагийн гүүр гэх газарт иргэн Д.А нүүрэн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Миний хувьд тус зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Анхан шатны шүүх хуралдаанд ч өөрийн байр сууриа илэрхийлж оролцсон боловч анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Миний үйлдлээс болж Д.Ад хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч тухайн миний үйлдэл нь гэмт хэргийн санаа зорилго агуулаагүй. Монгол улсад мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана. 2 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно гэж зааснаас үзэхэд болгоомжгүй гэж тодотгож тусгайлан заагаагүй л бол гэмт хэрэгт тооцогдохгүй нөхцөл байдал байна гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 5 дугаар сарын 30-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтээр “Д.А биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, чих, хамар, цээж хэвлий шилбэнд зулгаралт зовхи, хамар, хацар, цээжинд цус хуралт, дух дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэснээс үзэхэд шүүгдэгч  Б.С ганц удаагийн болгоомжгүй үйлдлээс хохирогчийн биед гэмтэл учруулаагүй бөгөөд олон удаагийн гэмтэл шарх учруулсанаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ гэсэн нь Д.А нь баруун талын орон дээр унтаж байсан 4 настай хүүхэд дээр суух гэхэд нь амьжиж хүүхдээ шүүрч авах явцдаа хүүхдийн орны өмнө тохой хавьцааны зайтай байсан ширээний хулдаасан бүтээлэг гаранд цохигдон /гогдогдож/ дээр нь байсан шаазан аяга ойж Д.А нүүрэн тус газар цохиж газарт унаж хагарсан энэ үйлдлийг анхан шатны шүүх болгоомжгүй гэж дүгнэжээ гэж ойлгож байна. Харин бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах эсэх нь нэгд тодорхойгүй, хоёрт Д.А бусад шарх нь намайг үсдэж чирэх үед би түүнийг тавиулах зорилгоор ноцолдож байх үед үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд уг миний үйлдэл маань Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасанд оруулан тооцох боломжтой гэж иргэн хүний хувьд би үзэж байна.

Аавынд ороод ирэхэд хохирогч гэх Д.А нь ээжийн мөр хүзүү хавьцаа нь цохиод зогсож байхаар нь та яаж байна гэхэд намайг үг дуугүй заамдаж аваад зодож эхэлсэн. Ээжийн мөр хүзүү орчимд Д.А цохиж зодсон нь Н.Хандсүрэнгийн биед хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 346 дугаар дүгнэлтээр болон гэрч Н.Хандсүрэн, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн намайг гэрт ороод Д.Ад хандаж та яаж байна аа гэхэд үг дуугүй над дээр ирээд намайг заамдаж аваад зодсон энэ үед нь өөрийн амь бие, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор өөрөөсөө салгах зорилгоор ноцолдсон ба энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн Cиди дээр байх бичлэг, зураг, мөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Хэрэгт байх Д.А мэдүүлгүүд нь худал болох нь тус бичлэгээс харагддаг.

Миний хувьд анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсондоо үнэхээр их гомдолтой байна. Миний зүгээс хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр гараасай гэж хүсэж байгаа болно. Мөн шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон хэдий ч шүүгдэгч Б.С нь хохирогчийн биед олон тооны гэмтэл, шарх учруулсан байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхээр шийтгүүлсэндээ гомдолтой байна. Би бие эрхтэнээр хохирсон одоо ч биеийн байдал сайжраагүй байдалтай байна гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхнаасаа хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн.  Б.С биед хийсэн шинжилгээний дүгнэлт эргэлзээтэй, дахин дүгнэлт хийхдээ биеийг нь үзээгүйгээр дутуу материалд үндэслэн дүгнэлт гаргасан, хэрэгт ач холбогдолтой гэрч , н.Батчулуун нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ******* өмгөөлөгчийн саналтай нэг байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Байдрагийн гүүр гэх газарт байх н.Батчулууны гэрт хохирогч Д.Атай харилцан зодолдож улмаар Д.А хамар руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь 1914004120312 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хохирогч Д.А, гэрч *******, *******, *******, *******, *******, *******, , , шинжээч эмч , нарын мэдүүлгүүд,

 “...Д.А биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, чих, хамар, мөр, цээж, хэвлий, шилбэнд зулгаралт зовхи, хамар, хацар, цээжинд цус хуралт, дух дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 347 дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч ийг олон удаагийн үйлдлээр болон хохирогч Д.А хамар руу аяга шидэж, хамрын ясыг хугалж түүнтэй холбоотой гэмтлүүдийг үүсгэн улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохирогч Д.А зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин шүүгдэгч Б.С, хохирогч Д.А нарын дунд дахин зүй бус харьцаа үүсэх явцад Б.С нь орон дээр унтаж байгаа хүүхэд дээр суулаа гэж хохирогч Д.А руу аяга шидсэнээс хохирогч Д.А хамрын ясыг хугалж түүнтэй холбоотой гэмтлүүд үүссэн болох нь хохирогч Д.А “...Б.С нь аяга аваад над руу шидсэн чинь миний хамар дээр цохиод аяга нь 2 хуваагдаад унасан, миний хамраас цус гоожоод тогтохгүй байсан...” гэх, гэрч Н.Хандсүрэнгийн “...ширээн дээр байсан шаазан аягыг аваад шидсэн чинь Д.А хамар дээр цохисон...” гэх, гэрч ийн “...Содоо эгч аягаар Ариука ахын хамарт цохисон...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч  Б.С  “миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1-д зааснаар оруулан тооцох боломжтой ...би гэм буруутайд тооцогдсондоо гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “... хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн.  Б.С биед хийсэн шинжилгээний дүгнэлт эргэлзээтэй, дахин дүгнэлт хийхдээ биеийг нь үзээгүйгээр дутуу материалд үндэслэн дүгнэлт гаргасан, хэрэгт ач холбогдолтой гэрч , н.Батчулуун нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй үндэслэлээр анхан шатны шүүхэд хэргийг буцаахаар тус шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч  Б.С биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийгдсэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 345, Улаанбаатар хотын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 828 дугаар дүгнэлтүүдийг үгүйсгэх болон эргэлзээтэй гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 Мөн гэрч , н.Батчулуун нараас мэдүүлэг авахуулах талаар гаргасан гэх хүсэлт хавтаст хэрэгт авагдаагүй, гэрч ээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авчээ. /хэргийн 176-177 дугаар /

Харин анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди, рентген зураг 3 ширхэг, хүний үс зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаагаар хадгалаад цаашид хэрхэхийг нь заагаагүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сиди, рентген зураг 3 ширхэг зэргийг тус хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хүний үс, аяга зэргийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгахаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц хэрэв гомдол, эсэргүүцэл бичсэн бол давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.

 Гэтэл анхан шатны шүүх “...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш... гэж бичсэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад торгох ялыг төлж барагдуулахаар шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  шүүгдэгч  Б.С гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

              зүйлийн 1.1, 1.5-д тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Б.Сэр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор Б.Сэр хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

7 дахь заалтад “...Сиди нэг ширхэг, рентген зураг гурван ширхэг, хүний үс зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай” гэснийг

“... шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Сиди нэг ширхэг, рентген зураг гурван ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хүний үс, аяга зэргийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.С давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                          М. МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД                            Г. УЛАМБАЯР

                                                   Б. БОЛОР-ЭРДЭНЭ