| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0361/3 |
| Дугаар | 221/МА2025/0802 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0802
“Ү” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Ү” ХХК
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э
Гуравдагч этгээд Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Р
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э-ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 01***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0725 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, Б.Б
Хариуцагч Ц.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Д, Ж.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0361/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Ү” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э-д холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э-ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 01***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Ү” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э-ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж”, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 1 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Хэрэгт энэхүү маргаан бүхий акттай холбоотой маргааныг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугласан бөгөөд тус маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
3.2 Нэгэнт хариуцагч Санхүүгийн зохицуулах хороог буруутай, үүрэг хүлээсэн этгээд болохыг дүгнэсэн, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь 2010 оны *** дугаар захирамжийг нэхэмжлэгч “Ү” ХХК-д хүргүүлж байгаагүй талаар тайлбарыг өгсөн атал тус асуудлыг нэмж тодруулж, дахин шийдвэр гаргах шаардлагатай гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий биш байна. Түүнчлэн хариуцагч шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5-д заасан “эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэснийг үндэслэсэн.
3.3 Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтээр маргаан бүхий актыг хүчингүй болгоход хангалттай үндэслэл бүрдсэн байсан. Харин шүүхээс тус зөрчлийг дахин засварлаад, актын хууль зүйн үндэслэлээ зөвтгөх боломжийг олгосон нь буруу юм. Нэгэнт хэлбэрийн шаардлага хангаагүй үүрэг даалгаварт үндэслэн шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй.
3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
4. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
4.1 “...Анхан шатны шүүхээс нэр бүхий 3 иргэний хувьцааг тусгаарлах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг хариуцагч улсын байцаагч нягтлан шалгаж бүрэн тогтоогоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд тухайн үед К.Д.Р-н данснаас иргэн Б.А-ийн данс руу шилжсэн 669 ширхэг хувьцааг “Ү” ХХК нь тусгаарлаагүйн улмаас тус хувьцаа “М” ХК-иар нээлттэй арилжигдаж, К.Д.Р-н дансанд буцаан байршуулах боломжгүй болсон байдаг бөгөөд “Ү” ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагаа гэдэг нь бүрэн тогтоогдсон. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан болно. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/**** тоот, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/**** тоот, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/**** тоот албан бичгээр уг 669 ширхэг хувьцааг К.Д.Р-н дансанд буцаан байршуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг ханган ажиллах, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон.
4.2 “Ү” ХХК нь (2003-2015 оны хооронд) харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2002 оны) 25 дугаар зүйлийн 25.1-д “үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ”-г үзүүлж байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгчийг буруутай этгээдээр тогтоон, холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг даалгаврыг хүргүүлээд, үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй учраас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, зөрчлийн үр дагаврыг арилга арга хэмжээ авсан байхад анхан шатны шүүхээс хувьцааг тусгаарлах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг хариуцагч улсын байцаагч нягтлан шалгаж бүрэн тогтоогоогүй гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн судалж, дүгнээгүй гэж үзэхээр байна.
4.3 Шүүхийн шийдвэрт заасан арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос хууль тогтоомжийн хүрээнд хийж хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдалд дараах хугацаа шаардагдахаар байна. Үүний дагуу тус Хорооноос газар дээрх шалгалтын удирдамжийг батлуулахад ажлын 3-5 хоног, газар дээрх шалгалтыг явуулахад ажлын 10-15 өдөр, шалгалтын тайланг удирдлагуудад танилцуулахад ажлын 5-7 өдөр, нэхэмжлэгч байгууллагад танилцуулахад ажлын 1 өдөр, нийт ажлын 28 өдөр шаардлагатай байна. Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх ердийн хугацаа 30 хоног болно. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу Хороо сард нэгээс доошгүй удаа хуралддаг буюу сард 2 удаа тогтмол хуралддаг бөгөөд шалгалтын тайланг Хорооны ээлжит 10 хоног, болон ээлжит бус 5 хоног хурлаар танилцуулж шийдвэрлүүлэхэд ажлын 5-10 хоног шаардагдах боломжтой. Хорооны хуралдаанаас гаргасан шийдвэр болох нэхэмжлэгчид хүргүүлэх үүрэг даалгаврыг тодорхой боломжит хугацаанд хэрэгжих 14-30 хоногийн хугацаатай өгнө. Үүний дагуу нэхэмжлэгч нь Хорооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт 58 хүртэлх хоногийн хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс бодит нөхцөл байдалд хуульд заасны дагуу хэрэгжүүлэхэд нийт 160 гаруй хоног буюу багадаа 5 сарын хугацаа шаардагдахаар байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 1 сарын хугацаанд амжиж хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.
4.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 725 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ц.Э-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Арилжааны хэлцэл хүчингүй болгох тухай” *** дугаар тогтоолоор нэр бүхий 23 иргэний өмчлөлд байсан хувьцааг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар арилжаалсан нийт 72 хэлцлийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор К.Д.Р-н эзэмшиж байсан хувьцааг нэр бүхий 5 иргэний данснаас (1419 ширхэг) буцаан бүртгэхийг үүрэг болгосон. Үүнд: Б.А-ийн 14-****** тоот дансанд байршсан 669 ширхэг хувьцааг К.Д.Р-н 07-****** тоот данс руу шилжүүлж бүртгэх байжээ.
4. Иргэн Д.Б, С.Ө, К.Д.Р нар нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” *** дугаар захирамжаар “Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолын Д.Б, С.Ө, К.Д.Р нарт холбогдох хэсгийн биелэлтийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.
5. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б, С.Ө, К.Д.Р нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолын Д.Б, С.Ө, К.Д.Р нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар магадлал, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” ***** дугаар захирамжаар ...К.Д.Р-н нэр дээр бүртгэлтэй “Т” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, хэргийг шийдвэрлэх хүртэл бусдад шилжүүлэн бүртгэхгүй байхыг “Ү” ХХК-д даалгаж байсан.
7. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Б-ны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Үүрэг даалгавар хүргүүлэх тухай” 1/****, мөн 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/****, 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/**** дугаар албан бичгүүдээр “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж, мөн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаар захирамжийг тус тус биелүүлж ажиллахыг нэхэмжлэгчид үүрэг болгосон байна.
8. “Ү” ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/**** дугаар “Тайлбар хүргүүлэх тухай”, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/**** дүгээр албан бичгээр “... Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Р-н гомдлоор “Т” ХК-ийн иргэн Б.А-ийн 669 ширхэг, “Т” ХХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааны хэлцэл буцаах өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр эсхүл шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй...”, “...Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны *** дугаар “Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх боломжтой талаар чиглэл өгнө үү” гэж тус тус Санхүүгийн зохицуулах хороонд хариу хүргүүлжээ.
9. Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийг дээрх 2024 оны 1/****, 3/****, 1/**** дугаар албан бичгээр хүргүүлсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй гэж үзэж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэлийг “Ү” ХХК-д оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг нэхэмжлэгчид өгсөн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
10. Үнэт цаасны зах зээлийн тухай (2013 оны) хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “зохицуулалттай этгээд гэж энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна”, 24.1.9-д “үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн” гэж, мөн “Ү” ХХК-ийн дүрмийн 2.3-д “Компанийн үндсэн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын хадгалагдаж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон үнэт цаасны төлбөр тооцооны үүргийн биелэлтийн шуурхай, тасралтгүй, найдвартай байдлыг ханган үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд ил тод, шударга явуулан үнэт цаасны зах зээлийг сонгодог утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглүүлж ашгийн төлөө ажиллахад оршино” гэж тус тус хуульчлан журамласан байна.
11. Үнэт цаасны зах зээлийн тухай (2002 оны) хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Үнэт цаасны хадгаламжийн байгууллага /цаашид “Хадгаламжийн байгууллага” гэх/ нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ үзүүлдэг компани байна”, 25.3-д “Хадгалагдаж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс учирсан хохирлыг хадгаламжийн байгууллага хариуцна”, Үнэт цаасны зах зээлийн тухай (2013 оны) хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа гэнэ”, 45.5-д “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хадгалагдаж байгаа үнэт цаасыг захиран зарцуулахыг хориглох бөгөөд хадгалагдаж байгаа хөрөнгийн хадгалалтыг хангаагүйгээс учирсан хохирлыг хариуцан арилгана” гэж тус тус зохицуулжээ.
12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “Ү” ХХК нь эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэр эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу “үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжүүлэх, хувьцааны хэлцэл буцаах” зэрэг ажиллагааг хэрэгжүүлж ажиллах бөгөөд эрх бүхий хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа үнэт цаасыг “зохих этгээдийн тогтоол, шийдвэргүйгээр дур мэдэн захиран зарцуулахыг” хориглоно гэж ойлгохоор байна.
13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны “Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХК-ийн нээлттэй арилжаагаар 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Б.А-ийн 14-****** тоот дансанд байршсан 669 ширхэг хувьцаа 28 удаагийн хэлцлийн үндсэн дээр бусдад шилжсэн байх ба дээрх хувьцаа хэнээс хэн рүү шилжилт хөдөлгөөн хийгдсэн, одоо уг үнэт цаас нь хэн хэнд хадгалагдаж байгаа болохыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримтууд авагдаагүй байна.
14. Иймээс хариуцагч нь бодит нөхцөл байдал буюу Б.А-ийн 14-****** тоот дансанд байсан 669 ширхэг хувьцааны өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн дүүрэн тодруулж, тогтоогоогүй атлаа “Ү” ХХК-ийг 01***** дугаар Шийтгэлийн хуудсаар “үүрэг даалгавар биелүүлээгүй” гэж үзэж 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь учир дутагдалтай болжээ.
15. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаар захирамжид заасны дагуу “Ү” ХХК нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний хувьцааг тусгаарлах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг хариуцагч нягтлан шалгаж бүрэн тогтоогоогүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
16. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг бодит нөхцөл байдалд хуульд заасны дагуу хэрэгжүүлэхэд нийт 160 гаруй хоног буюу багадаа 5 сарын хугацаа шаардагдахаар байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 1 сарын хугацаанд амжиж хэрэгжүүлэх боломжгүй” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар Шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 20 дугаар хуудасны дээрээс 1 дэх мөр дутуу хэвлэгдсэн, техникийн шинжтэй алдаатай байх боловч энэ асуудлаар талууд маргаагүй, мөн гомдлын үндэслэл болоогүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...1 сарын...” гэснийг “...6 сарын...” гэсэн өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ү” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА