| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00170/и |
| Дугаар | 00138 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00138
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00138 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, Бовогт Б-ны С //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00170/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 онд төрсөн. 1986 онд Ховд аймгийн Манхан сумын сургуулийг 10 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд 1986 оны 10 дугаар сараас Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988-1989 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд саальчин малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч жил хүрэхгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн клубт 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Манай ээж Гэрэл гэж нэртэй хүн байсан. Аав Булган маань нас барсан учир тухайн үед намайг хүмүүс ээжээр овоглож дууддаг байсан. Иргэний үнэмлэх авахдаа аавынхаа нэрээр овоглосон. Одоо ч хүмүүс намайг Гэрэлийн гэж дуудаад байдаг юм....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн клубт 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.С нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн клубт 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай Чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Үйлдвэр бригадын 1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, гэрч Н.Янжмаагийн ....Би 1988 онд Б.Сгаас ажлыг нь авахдаа танилцаж байсан. Б.Сг Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд хэдэн жил, хэрхэн ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. Би Б.Сгийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн үед намайг Б.Сгаас ажлаа ав гээд хувин, алчуур хүлээлгэж өгч байсан. Б.С нь надаас өмнө 1 жилийн хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд цэвэрлэгчээр ажилласан гэж ярьдаг.... гэх мэдүүлэг, гэрч Х.Дарьсүрэнгийн ....Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадын тэжээлийн фондонд грүшигээр ажиллаж байхад Б.С нь үрчилж авсан ээжтэйгээ саальчин хийж байсан. Б.С нь 8 дугаар анги төгссөн байх гэж бодож байна. Би Б.Сг 1988-1989 он хүртэл Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд саальчин хийж байсан. 1988 оноос өмнө нь Б.Сг хаана юу хийж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан малчин айлын хүүхэд бөгөөд Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт мал маллаж байгаад сумын төвд орж ирж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-11, 29, 30-31, 32-33 дугаар тал/
Б.С нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600006395 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Б-ны С / /-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн клубт 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ