Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00140

 

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00140

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 6 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Х овогт Н-ын Бн //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00190/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Н.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Мөст сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж удалгүй ундаг өвчний улмаас сургуулиас гарсан. Тэгээд эцэг эхийн хамт маллаж байгаад 1986 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн тэжээлийн үйлдвэрт ажилчнаар ажилласан. 1988 онд Д.Магазинтай гэр бүл болсон. Манай нөхөр мал малладаг байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байгаа.

Иймд Н.Б намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарыг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би престэй өвс зөөж машинд оруулах, савлах, барилгын бригадад шавар зуурагчаар ажиллаж байсан....гэв.   

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарыг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Б нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарыг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 460 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 5 дугаар бригадын 1986-1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч С.Гантулгын ....Н.Б нь 1986 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Хадлан тэжээлийн бригадад нормчиноор томилогдож ирсэн. Тухайн үед манай бригад нь тэжээл үйлдвэрлэдэг байсан. Н.Б нь 1988 онд Д.Магзинтай гэр бүл болж, 1989 оны 2 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Хадлан тэжээлийн бригаддаа нормчиноор ажиллаж байгаад ажлаасаа гарч, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад малчин болсон. Ингээд 1992 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл тарах хүртэл 1 дүгээр бригаддаа малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Ичинхорлоогийн ....Н.Б нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн тэжээлийн үйлдвэрт 1989 он хүртэл ажиллаж байгаад 1989 оны 2 дугаар сард нөхрөө дагаад ирээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад малчин болсон. Хэдэн он хүртэл малчнаар ажилласныг сайн мэдэхгүй байна. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн тэжээлийн үйлдвэрт 1986-1989 оны хооронд ажиллаж байсныг мэдэж байна... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-9, 26, 27-28, 29-31 дүгээр тал/

Н.Б нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600002901 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/

Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн С.Гантулга, Ц.Ичинхорлоо нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШЗ2020/00424 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Бг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт Н-ын Б //-ийн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарыг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШЗ2020/00424 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Бг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ