| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2019/00376/И |
| Дугаар | 145 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 145
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х Б” ХХК
Хариуцагч: Т овогт Д.У /регистрийн дугаар: /
Хариуцагч: аймаг сум, баг, оршин суух, Н овогт Ц.Ж /регистрийн дугаар: /
23 739 174 төгрөг 40 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.У, хамтран зээлдэгч Ц.Ж нар нь Х Банкны салбараас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201843665003 тоот зээлийн гэрээ байгуулан 27 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр хувийн хэрэгцээний зориулалтаар зээлийг авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд:
Иргэн Д.У, Ц.Ж нарын хамтын өмчлөлийн 4 ханатай гэр, хөргөгч, зурагт зэргийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүр 5589067004 тоот харилцах дансандаа төвлөрүүлж “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх бөгөөд төлбөрийн баримтад гүйлгээний утгыг тодорхой бичих, мөн гэрээний 4.2.4-т зээлийн төлбөр, бусад төлбөр тооцоогоо банкаар дамжуулан гүйцэтгэх, 4.2.7-т зааснаар зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулах үүргүүдийг хүлээсэн.
Зээлдэгч нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ/201843665003 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 5 027 445 төгрөг 50 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 5 345 851 төгрөг 79 мөнгө, нийт 10 374 423 төгрөг 29 мөнгө төлсөн байна.
Зээлдэгч Д.У, Ц.Ж нар нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба уулзаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 125 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд банк шүүхэд 2019 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: зээлдэгч Д.У, Ц.Ж нартай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843665003 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах: үндсэн зээлийн үлдэгдэл 21 972 554 төгрөг 50 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 1735 406 төгрөг 13 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19 213 төгрөг 77 мөнгө, нотариат үйлчилгээний хураамж 12 000 төгрөг, нийт зээл төлбөрт 23 739 174 төгрөг 40 мөнгө гаргуулах, шүүхэд нэхэмжлэх гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн 276 645 төгрөг 87 мөнгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 4 ханатай гэр, хөргөгч, зурагт зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Д овогтой У миний бие нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843665003 тоот зээлийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай сар бүр зээл хүү төлөх нөхцөлтэйгээр хувийн хэрэгцээний зориулалтаар зээлийг авсан нь үнэн. Сар бүр 810 000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авто тээврийн осол гаргаж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10, 4.1 ээр зүйл ангиар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус хорих ангид ирсэн 425 дугаар нээлттэй хорих ангид ирсэн. Энэ хорих ангиас 2021 оны 08 дугаар сарын 30-нд хугацаа дуусч гаргаад ажил хөдөлмөр хийж зээлийн үлдэгдэл 23 739 174 төгрөг 40 мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна гэжээ.
Хариуцагч Ц.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Ц.Ж миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тухайн мөнгийг огт өөртөө авч зарцуулаагүй бөгөөд хөгшин би ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул Х банкны нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Ц.Ж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х банкны нэхэмжлэлтэй Д.У, Ц.Ж нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан. Миний бие тус шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Х банк ХХК-ийн нэхэмжлэл, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843665003 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн БГХ201843665003 барьцааны гэрээний хуулбар, хариуцагч Д.У, Ц.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 201843665003 дугаартай хавсралтын хуулбар, 2 хуудас зээл хүсэгчийн анкент, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 537 дугаартай итгэмжлэл, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай итгэмжлэл, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, зээлийн бүртгэлийн карт, Д.У, Ц.Ж нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.У Х банк ХХК-д гаргасан хүсэлт, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлт, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ц.Ж-н хариу тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04/17 дугаартай албан тоот, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Д.У-н хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь Д.У, Ц.Ж нарт холбогдуулан 23 739 174 төгрөг 40 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Д.У “... хорих ангиас 2021 оны 08 дугаар сарын 30-нд хугацаа дуусч гаргаад ажил хөдөлмөр хийж зээлийн үлдэгдэл 23 739 174 төгрөг 40 мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...”гэсэн, хариуцагч Ц.Ж “.. миний бие тухайн мөнгийг огт өөртөө авч зарцуулаагүй бөгөөд хөгшин би ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул Хаан банкны нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
Д.У, Ц.Ж нар нь 2018 оны 16 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843665003, БГХ201843665003 тоот зээлийн гэрээг байгуулан 27 000 000 төгрөгийг 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгч Д.У, Ц.Ж нар нь цалингийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.7 дахь хэсэгт заасан гэрээний үүргийг зөрчсөн тул банкны санаачлагаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны хариуцагч нараас 23.739.174 төгрөг 40 мөнгийг хариуцагч нараас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч Д.У, Ц.Ж нарт 27.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх ба талууд энэ талаар маргахгүй байна. Зээлдэгч нар нь цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртлэх хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх” мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь “ зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно “ гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагч нараас үндсэн зээл 21.972.554 төгрөг 50 мөнгө, зээлийн хүү 1.735.406 төгрөг 13 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 19.213 төгрөг 77 мөнгө, нотариат үйлчилгээний хураамж 12.000 төгрөг, нийт 23.739.174 төгрөг 40 мөнгийг шаардах эрхтэй байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 537 дугаартай итгэмжлэл, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай итгэмжлэл, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар зэрэг хэргийн оролцогчийг тодорхойлох ач холбогдолтой, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843665003 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн БГХ201843665003 барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 201843665003 дугаартай хавсралтын хуулбар, 2 хуудас зээл хүсэгчийн анкент, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дугаартай зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, Д.У, Ц.Ж нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.У, Х банк ХХК-д гаргасан хүсэлт зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч Д.У шүүх хуралд ирээгүй, хариуцагч Ц.Ж өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У, Ц.Ж нараас 23.739.174 төгрөг 40 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
2. Хариуцагч Д.У, Ц.Ж нар нь 23.739.174 төгрөг 40 мөнгийг нэхэмжлэгч Х банк ХХК-д төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 645 төгрөг 87 мөнгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У, Ц.Ж нараас 276 645 төгрөг 87 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР