Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/011

 

 

Д.О,  Н.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Д.О,  Н.Д

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Н.Д, Д.О болон шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  Н.Д, Д.О нарт холбогдох эрүүгийн 1814006510372 дугаар хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Н.Д, 1997 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн,  Д.О, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Д.О, Н Д нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б М эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.О,  Н.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Д.О,  Н.Д нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.О  Н.Д нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.О,  Н.Д нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Дын 2019 оны 9 сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Д.О,  Н.Д нарын эдлэх ялыг 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойгүй халтар манан хөөргийг хохирогч Б.М буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Н.Дын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие эрүүгийн 1814006510372 дугаартай хэрэгт шүүгдэгч  Н.Дын өмгөөлөгчөөр оролцон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 тоот шийтгэх тогтоолд ЭХХШТХ-ийн 38.1 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу гомдол гаргаж байна.

Үндэслэл нь: Миний үйлчлүүлэгч  Н.Д нь 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутагт байх иргэн Б.М гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба хулгайн эд зүйлийг олж илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа болон гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр ялыг оногдууллаа.

Тиймээс түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр ялыг хөнгөрүүлэн эдлэх ялыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч  Н.Д гаргасан давж заалдах гомдолдоо:  Н.Д миний бие нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял авсан. Миний хувьд ээж, дүүгийн хамт амьдардаг ба өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй, би айлын мал маллаж амьдралаа залгуулдаг. Энэ хулгайн хэргийг үйлдсэн гэм буруугаа би хүлээж байгаа. Ганцхан үйлдэлтэй хохирол төлчихсөн. Ял хүнд байна. Тиймээс ялыг минь хуульд заасан боломжит доод хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Оад холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэргийн талаар: Миний үйлчлүүлэгч Д.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарт тус бүрт нь 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гомдлын талаар: Д.Оыг шүүхээс гэм буруутайд тооцохдоо хохирогчийн гэр эзэнгүй байгаа талаар шүүгдэгч  Н.Дд хэлж гэрт нь байгаа хөөрөг болон хазаарыг хулгайлж авчрах үүргийг даалгаж өөрөө гэрийн гадна хүн харахаар үлдэх зэргээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хувиарлах зэргээр тухайн гэмт хэргийг зохион байгуулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэжээ.

Миний үйлчүүлэгч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тухайн гэмт хэргийг огт үйлдээгүй 18-19 цагт  Н.Даас салсанаас хойш дахиж эргэн уулзаагүй гэдгээ илэрхийлдэг. Мөн түүнчлэн  Н.Даас салахдаа Цэрэндагва гэгчээр дэлгүүрийн голд хүргүүлсэн гэх боловч Д.Оын мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж Цэрэндагваас мэдүүлэг аваагүй байна.

Мөн түүнчлэн түүнийг сэжигтэн яллагдагчаар татах гол үндэслэл болох  Н.Дын мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдсөн бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэсэн, өдөр хамт архи уусан болохоор Д.Отай хамт үйлдсэн гэж хэлсэн. Энэ нь худал гэдгээ хэлсэн нь шүүгдэгч  Н.Дын мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ үүсч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй“ гэж тус тус заасан.

Дээрхи нөхцөл байдлуудаас харахад  Н.Д нь Д.Отай бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэдгийг нотлох яллагдагчийн мэдүүлгээс өөр бусад баримт хэрэгт авагдаагүй байгаа нь мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал юм. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Д.О Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Д.О би 2018 оны 7 сарын 27-28-нд шилжих шөнө Б.М гэрт орж, эд зүйл хулгайлах гэмт хэрэг огт үйлдээгүй. Тэр өдөр  Н.Д, Бат-Оргил, Халзан нартай архи ууж сүүлд нь Дтай хамт Мөнхөөлэйгийнд хашаанд очиж Дын хамт 1 пиво хувааж уугаад орой 18-19 цагийн үед Цэрэндагваар дэлгүүрийн голд Угтахбаяртай уулзсан. Ингээд Угтахбаяртай хамт хээр очиж Авлага гэх хүнтэй дахин 1 шил архи хувааж уугаад Угтахбаяраар баз Укаагийнд хүргүүлсэн. Ингээд тэднийд ороод унтсан. Өглөө сэрээд Батгэрэлээр хөдөө гэртээ хүргүүлсэн. Д нь надтай хамт хулгай хийсэн гэж худал мэдүүлсэн. Би энэ хэргийг үйлдээгүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараалан хэлсэн боловч миний үгийг хэн ч тоогоогүй. Мөн намайг Угтахбаяртай уулзахад хүргэж өгсөн Цэрэндагвыг асууж мэдүүлэг аваагүй. Миний хувьд Мөнхөөлэйгийн хашаанаас Даас салаад дахиж огт уулзаагүй хүнд гүтгүүлээд хэрэгтэн боллоо. Би аргаа барахдаа Дын бусдад учруулсан хохирлыг төлсөн. Миний хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд 2-9 насны бөгөөд эхнэр бага насны хүүхдээ харж гэртээ суудаг. Намайг энд орсоноос хойш ар гэр маань хүнд байдалд байна. Хэн нэгний гүтгэлгээр хэрэгт орох амархан байдаг юм байна. Би өөрийн гэсэн мал, эд хөрөнгөтэй байж ах дүүгийнхээ айлд орж хулгай хийнэ гэж санаанд орох ч үгүй надад тийм ухамсар байхгүй. Иймд надад оногдуулсан ялыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

            Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдээгүй,  Н.Д намайг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн байдаг.  Н.Дтай нэг пиво хувааж уугаад салаад Угтахбаяртай таараад далангийн ард нэг шил архи авч уугаад шөнө Ука гэдэг базындаа хүргүүлж ирээд унтсан. Өглөө нь босоод Батгэрэл гэх хүнээр хөдөө гэртээ хүргүүлсэн байдаг. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг доод хэмжээнээс доош хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.О нь аргаа бараад  Н.Дын өмнөөс хохирол төлсөн талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хохирол төлсөн учраас гэм буруутай гэж үзээд байгаа юм. Мөн хэргийн газраас гутлын ул мөрийг аваагүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, шүүгдэгч Д.О нь хэрэг үйлдээгүй талаар мэдүүлээд байхад шалгаагүй байдаг. Анхны саналаа бүрэн дэмжиж байна гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ:  Н.Д, Д.О нарт анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хэргийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч  Н.Д, Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Д.О, Н Д нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б.М эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, шүрэн толгойтой манан хөөрөг зэргийг хулгайлан бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1814006510372 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 297 дугаар болон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шинжээчийн дүгнэлтүүд,  Н.Д нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч  Н.Д, Д.О нар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч ******* нар нь  Н.Дтай хамтран хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан ба шүүгдэгч Д.О нь  Н.Дтай хамтран дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч  Н.Дын анх гэрчээр өгсөн “...О ах намайг Мягмаргармаагийнд ороод хөөрөг, хазаар хоёрыг нь аваад ир гэж хэлэхээр нь би гэрийнх нь тооноор ороод зүүн талын авдранд нь хөөрөг байхаар нь аваад мөн мөнгөн хазаар нь унинд нь байхаар аваад гарсан чинь О ах гадаа алга байхаар нь би хазаарыг нь айлын гэрийн арын элсэнд булчаад хөөрөгөө аваад хураалттай гэрийн эсгийн дотор хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр тал/, мөн гэрчээр дахин өгсөн “... О ах надад хандаж би чамд нэг юм хэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу юм бэ гэж хэлэхэд тэр надад хандаж Мягмаргармаагийн гэр нь эзгүй байгаа тэднийд хөөрөг, хазаар байгаа тэрийг чи хулгайл гэсэн тэгэхээр нь би болох юм уу гэхэд болно би арыг нь даана гэж хэлсэн. ...О ах надад Мягмаргармаагийн гэр тэр байгаа шүү гэж хуруугаараа чиглүүлж зааж өгсөн ба өөрөө болохоор хашааны үүдэнд зогсож байгаад хүн харж үлдсэн. ... Хөөргийг авдар дотор, хазаарыг гэрийн унинд өлгөөтэй байгаа болохыг О надад гэрт орохоос өмнө хэлж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-43 дугаар тал/, мөн яллагдагчаар өгсөн “... Би урьд нь тэднийд очиж байгаагүй болохоор мэдэхгүй байсан юм. Намайг О ах дагуулж очсон. О надад Мягмаргармаагийн гэр тэр байгаа шүү гэж хуруугаараа чиглүүлж зааж өгсөн ба өөрөө болохоор хашааны үүдэнд зогсож байгаад хүн харж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар тал/ зэргээр шүүгдэгч  Н.Дын удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой, үйл явдлыг нарийн тодорхой дэс дараалалтай мэдүүлдэг тул шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч  Н.Д, түүний өмгөөлөгч ******* нар нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь  Н.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч  Н.Д, Д.О, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Н.Д, Д.О нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсныг тэдний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Н.Д, Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Д, Д.О нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 11-ний хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          М. МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ

                                                   Г.УЛАМБАЯР