| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0888/3 |
| Дугаар | 221/МА2025/0801 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0801
С.Г-ын гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч С.Г
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий прокурорын газар
Гомдлын шаардлага: Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/**** дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл өгөхийг даалгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0792 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0888/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч С.Г-аас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/**** дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл өгөхийг даалгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 792 дугаар шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9.2.1, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тус тус баримтлан С.Г-ын гомдолтой Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдох “Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/**** тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл өгөхийг даалгах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Улсын Их Хурлын хэдэн гишүүн эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан талаарх статистик мэдээлэл өгөхийг хүссэн. Авахаар хүссэн уг мэдээлэл нь хэн нэг хувь хүний нэр гэх мэт хувийн шинжгүй учир нээлттэй мэдээлэл гэж үзсэн. Улмаар хуульд заасан эрхийн дагуу нээлттэй гэж үзсэн мэдээллээ авч чадаагүй учир шүүхэд гомдол гаргаж, гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
3.2 Хэдэн нийтийн албан тушаалтанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа мэдээлэл нь нээлттэй мэдээлэлд тооцогдож байхад тэдгээр нийтийн албан тушаалтан дотроос хэдэн гишүүнд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь нууц гэдэг шүүхийн шийдвэр ойлгомжгүй, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д нийцэхгүй байна. Хэрэв хэдэн гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон талаарх статистик мэдээлэл нь “гэмт хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл” гэж үзвэл прокурор нь захиргааны байгууллагад тооцогдож боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хариуцагч байх боломжгүй юм.
3.3 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д “эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн” гэж заасан мэдээлэл ил тод байдаг. Энэ ч утгаараа Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх гэх мэт гэмт хэрэгтэй тэмцэж шийдвэр гаргадаг этгээдүүд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар статистик мэдээллийг олон нийтэд мэдээлдэг гэж ойлгож байна.
3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Гомдол гаргагч С.Г нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт “...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээллийг ажлын 5 хоногт өгнө үү” гэж ханджээ.
4. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/**** дүгээр албан бичгээр “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч ...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно”, 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн талаар нууцлалыг хангаж ажиллана” гэж тус тус заасан. Иймд хүсэлтэд дурдсан мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна” гэх хариуг С.Г-т хүргүүлсэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно”, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна”, 7.3-д “Танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ”, 9 дүгээр зүйлийн 9.2-д “Энэ хуулийн 7.3-т заасан хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна”, 9.2.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл”, 9.3-д “Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэж тус тус заажээ.
6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэх ба хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэх, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан зэрэг “хязгаарлалттай мэдээлэл”-ийг эрх бүхий этгээдээс мэдээлэхийг хуулиар хориглосон байх ба харин хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг өгөх үүрэгтэй байна.
7. Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй”, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Мэдээлэл хариуцагч хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ”, 17.1.7-д “хүсэлтэд дурдсан мэдээлэл нь хаалттай, эсхүл хүсэлт гаргагчид хамаарахгүй хязгаарлалттай мэдээлэл бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрөлгүй бол, ...энэ талаар үндэслэл бүхий хариу өгөх” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2/**** дүгээр албан бичгээр “...Иймд хүсэлтэд дурдсан мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна” гэж С.Г-т хариуг хүргүүлсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчөөгүй байна.
8. Иймээс гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан “...Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх гэх мэт гэмт хэрэгтэй тэмцэж шийдвэр гаргадаг этгээдүүд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар статистик мэдээллийг олон нийтэд мэдээлдэг” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
9. Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д байнга ил тод, нээлттэй байлгах мэдээллийг, Статистикийн тухай хуулиар “статистик мэдээлэл”-д хамаарах мэдээллүүдийг тодорхой нэрлэн зааж нарийвчлан зохицуулсан бөгөөд “Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” тухай мэдээлэл нь “илт тод нээлттэй”, “статистикийн мэдээлэл”-д хамаарахааргүй байна.
10. Дээрх тохиолдолд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг (хязгаарлалттай мэдээлэл) хориглосон зохицуулалттай бөгөөд хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрх зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА