Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 112/2016/0019/з |
Дугаар | 221/МА2016/0730 |
Огноо | 2016-11-18 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2016/0730
Иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга Л.*******, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Сонгуулийн болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж нэрсийн жагсаалт гарч түүний дагуу явагдсан Наран багийн 6 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулах мөн нэр бүхий 87 иргэнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах гомдолдоо: “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан нэрсийн жагсаалтаас шүүж үзэхэд Есөнбулаг сумын Наран багт оршин суудаггүй нэр бүхий 87 иргэний нэрс орж ирсэн байдаг. Энэ иргэдийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар журам болон Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүхэд хүсэлт гаргаж өгөхөд хүсэлт хангаагүй. Нотлох баримт Улсын бүртгэлийн газраас авалгүйгээр хэргийг хэлэлцсэн. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн аваагүй, нэр бүхий иргэд нь хууль бусаар шилжилт хөдөлгөөн хийгдсэн шүүх хуралдаан болох гэж байхад шилжилт хийгдэж ирсэн иргэд буцаад шилжиж байсан гэдгийг Улсын бүртгэлийн газраас оролцож байсан ажилтан нь хэлж байсан. Иймд Сонгуулийн тухай болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж, шилжилт хөдөлгөөн хийгдсэн нэрсийн дагуу явагдсан Наран багийн 6 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.*******аас Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн 6 дугаар хэсгийн хорооны сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулах, нэр бүхий 87 иргэнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэнэ”, 61.12-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ“, 61.13-д “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна“ гэж зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллага эрхлэн үйлдэж, сонгуулийн хороонд хүргүүлэхээр байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогчдыг нэмж бүртгээгүй болохыг тогтоожээ.
Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” гэж заасан нь сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоогүй бөгөөд гагцхүү тодорхой хугацааны өмнө шилжилтээ хийлгэсэн байхаар хуульчилжээ.
Хэрэгт цугларсан баримтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багт шилжин ирэгсэд нь хуулийн дээрх заалтуудыг хангасан буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 60 хоногийн өмнө шилжин ирсэн нь тогтоогдсон байна.
Тиймээс Наран багт оршин суудаггүй 87 хүн тус багийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн шилжилтийг журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үйлчилгээний хөлс төлөөгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах, түүнчлэн дээрх байдлаар нэр бүхий 87 иргэнийг бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд дахин сонгууль явуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргааны үйл баримттай холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг баримталсан зэрэг алдаа гаргасныг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР