Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 287

 

“У А Ж Б Х” ТББ-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0326 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “У а Ж б х” ТББ-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч "У а Ж б х"-ний  “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0326 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “У а Ж б х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий 4000 м.кв газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад шууд эзэмшүүлэхийг хориглосон байна. Уг хориглолтыг зөрчиж нэхэмжлэгч талд уг газрыг шууд эзэмшүүлснээр Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талд хууль зөрчиж хууль бусаар давуу байдал бий болгосон. Шүүх хуулийн дагуу үүссэн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Хууль бусаар буюу хууль зөрчиж олж авсан эрхийг хуулийн дагуу хамгаалах шаардлагагүй. Түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Уг зарчмын дагуу хүн бүр алагчлалгүйгээр, хуулийн өмнө тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай. Гэтэл нэхэмжлэгч тал хууль зөрчиж бусдаас давуу байдлыг өөртөө бий болгосон байхад давж заалдах шатны шүүх Газрын тухай хуульд заасан зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн “...“Гиваан баатрын талбай нийтийн эдэлбэр газарт хамаарна" гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөн энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт уг маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газар мөн болохыг нотлох баримтууд авагдсан байгаа. Анхан шатны шүүх уг баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргасан тул хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний 221/МА2017/0326 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “У а Ж б х” төрийн бус байгууллага нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар 4000 мкв газрыг спортын байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд хариуцагчаас “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журам хэрэглээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, нийтийн эдэлбэрийн газрыг хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт зааснаар хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэр газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан байна. Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 4000 мкв газраас 2781 мкв газар нь “Б.Гиваанбаатар”-ын нэрэмжит талбайтай давхцалтай буюу нийтийн эдэлбэр газарт зарим хэсэг нь хамаарч байгаа болох нь Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хөрөнгийн бүртгэл, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Ийм учраас хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хууль зөрчиж, газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон, энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Нэхэмжлэгчээс “уг газрыг хувийн хэвшилд олгоогүй, нийтийн эрх ашгийг хамгаалж, биеийн тамирын зориулалттай газар болгох зориулалтаар эзэмшиж, нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах байсан” гэж маргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэр газарт иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн газар хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл нийт иргэдийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалтаар ашиглах газрыг нийгмийн тодорхой хэсэг буюу жудо бөх сонирхогч хэсэг иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагад эзэмшүүлэх нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс “бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэж захиргааны байгууллагыг буруутгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

Энэхүү заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан буюу нэхэмжлэгчид Газрын хуулийг зөрчиж, нийтийн эзэмшлийн газар эзэмшүүлсэн, ингэснээр уг газрыг ашиглагч нийт иргэдийн эрх зөрчигдсөн байгааг давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон байх тул захиргааны байгууллага хууль зөрчөөгүй болно.

Мөн давж заалдах шатны шүүхээс магадлалын “хянавал” хэсэгт “захирамжийн үндэслэл болоогүй “нийтийн эдэлбэр газарт хамаарна” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж ... хэргийг шийдвэрлэсэн” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг байсан буюу хууль зөрчиж, тодруулбал “нийтийн эзэмшлийн газар эзэмшүүлсэн” гэж хариуцагч тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн маргасан асуудлаар дүгнэлт хийж, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд захиргааны акт хууль ёсны, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгод нийцсэн, нэхэмжлэгчид хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүхээс “нийтийн эзэмшлийн газартай давхцаагүй үлдсэн газарт жудо бөхийн ордон барих боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байгаа боловч энэ асуудлаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна. Нэхэмжлэгчийн хувьд нийтийн эзэмшил газартай давхцаагүй хэсэгтээ газар эзэмших эрхтэй, газрын кадастрт зохих өөрчлөлтийг оруулж, хууль, журмын дагуу барилга барих эрхтэй, энэхүү эрхийг захиргааны байгууллага хангаж ажиллах үүрэгтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0326 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ  

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ