Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2020/00007/И |
Дугаар | 134/ШШ2020/00049 |
Огноо | 2020-03-05 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 134/ШШ2020/00049
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1т Б.Н холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Над холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие нь 2012 онд Б.Нтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 17-нд охин Н.А, 2015 оны 04 дүгээр сарын 03-нд хүү Б.С......г нар төрсөн. Би урьдны нөхөр Д.Г..... гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй. Б.Н 2014 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу яваад эргэж ирээгүй. Тэр үед би жирэмсэн байсан. Үүнээс хойш охин Н.А, хүү Б.С нар нь миний асрамжинд байгаа. Би өөр хүнтэй амьдраад 2 хүүхэд төрүүлээд одоо 4 хүүхэдтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Н.А, хүү Б.С нарын ирээдүйд хэрэгтэй гэж үзэж тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Н миний бие Д.Бын нэхэмжлэлтэй танилцлаа. Охин Н.А, хүү Б.С нарт тэтгэлэг төлнө. Ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Над холбогдуулан охин Н.А, хүү Б.С нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Н нарын дундаас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Н.А, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.С нар төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2012-2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд нэг гэрт хамтран амьдарсан, хүүхдүүд эхийн асрамжинд байгаа болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Д.Б нь ам бүл 4, ... оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “....Б.С нь 5 настай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сургалтын менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...Н.А нь 1б ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, захиргааны журмаар эцэг тогтоогдсон охин Н.А болон хүү Б.С нарын төрсний гэрчилгээний хуулбар, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Б.Н нь хүү Б.Сийг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ эцэг Б.Наар охин Н.А, хүү Б.С нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 984 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 66 210 төгрөгийг гаргуулж, үүнээс 62 984 төгрөгийг нэхэмжлэгчид, 3 226 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод орууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Цагаан овогт Б.Нын Н.А, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Д.Бын Б.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Наар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 984 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 66 210 төгрөг гаргуулж, үүнээс 62 984 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 3 226 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ