Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00165

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00165

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын ... багт оршин суух, О овогт О-н С /../-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00180/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, О.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1969 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн, ам бүл 2, охины хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой.

Би 1977 онд нэгдүгээр ангид элсэн орж, 1985 онд Ховд аймгийн Дуут суманд 8 дугаар анги төгссөн. Тэгээд илгээлтээр гараад Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 бригадад аавын хамт малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн. 1989 оныг дуустал ажилласан. 1990 оны 7 сард өрх тусгаарласан. 1994 онд Таван-Эрдэнэ ХХК-д ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би багадаа өвдөөд нэг жил сургууль завсардсан юм....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.С нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж өөрчилж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.С нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 60 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1987-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Малчнаар томилж, хашаа пүнз эзэмшүүлэх тухай тушаалын хуулбар, гэрч Б.Эрдэнэсолонгын ....О.С нь 1985 онд малчин болж, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчин болж, эцэг эх, эгч нарынхаа хамт мал малласан. О.С нь 1990 онд Хөөдэйгийн Эрдэнэцогттой гэр бүл болж, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад ирсэн....О.С нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд болон Таван-Эрдэнэ ХК-д тасралтгүй малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч У.Алтанцэцэгийн ....О.Сийн аавыг нь Авираагийн Отгоо, ээжийг нь Сумжав гэдэг байсан. О.Сийг Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуулийн дүгээр ангид элсэн орсон цагаас эхлэн танидаг болсон. О.С нь ...8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчин болж, эцэг эх, эгч нарын хамт малласан. О.С нь малчнаас гадна бас саальчин хийж байсан. О.С нь 1990 онд Хөөдэйгийн Эрдэнэцогттой гэр бүл болж, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир бригадад мал маллаж байгаа. Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад нэгдэл тартал эцэг эх, эгчийнхээ хамт мал маллаж, саальчин хийсэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 10-12, 26-28, 29-30, 36, 37 дугаар тал/

О.С нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15 дугаар тал/

Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн У.Алтанцэцэг, Б.Эрдэнэсолонго нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 6-8 дугаар хуудсанд авагдсан 1983-1985 онуудын Ховд аймгийн Дуут сумын 3-р бригадын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан 1986 оны Ховд аймгийн Дуут сумын 3-р бригадын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч О.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Оорцог овогт Отгоон С / /-ийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ