| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00189/И |
| Дугаар | 00166 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00166
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00166 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Б овогт Г-ийн Б /./-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00189/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Г.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь 1966 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Халтар гэдэг газар Галсандашийн 2 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын найман жилийн дунд сургуульд 1974 онд 1 дүгээр ангид орж, 1982 онд 8 дугаар анги төгсөөд, 1982-1989 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн бригадад аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1993 оны 03 дугаар сарын 27-нны өдөр Өлзийдашийн Алтанцэцэгтэй гэр бүл болсон.
....Өвчний улмаас цэрэгт явж чадаагүй. Тэтгэвэрт гарахаар ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг аав ээж Батаа гэж дууддаг байсан. Нутгийнхан Б гэж дууддаг. Тиймээс нэрээ Б гэж өөрчилсөн....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 413 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн бригадын 1982-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Г.Бын 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Галсандашийн Бын 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай илгээлт, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай Галсандашийн Быг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөө аж ахуйд томилсон томилолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн иргэний Бөх зайсан овогт Галсандашийн Б нь цэргийн албыг хуульд заасан аль нэг хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлов гэх бичвэртэй албан бичиг, Г.Бын 746371 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-13, 14-16, 22-35 дугаар тал/
Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Чимэд, Т.Дамдин нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Г-ийн Б /./-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ