Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00033/И |
Дугаар | 00167 |
Огноо | 2020-03-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00167
2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00167 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Ээмдээ овогт Сандагийн Б /./-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00033/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч С.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1983 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Цагаан булан бригадын Эмчилгээ барианы цэг дээр эцэг эхтэйгээ хамт саальчин хийж байсан. 1990 онд гэр бүл болж өнөөдрийг хүртэл мал маллаж байна. 1986 онд Ховд аймгийн Давшил нэгдлийн зочид буудалд Оюунчимэгийн оронд 2 сарын хугацаатай туслах тогооч хийж байсан.
Тэтэгэвэрт гарах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшил нэгдлийн 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэл саальчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, Ховд аймгийн Давшил нэгдлийн зочид буудалд 1986 оны 05 дугар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү....Манай гэрт Ховд аймгийн Манхан суманд ажиллаж байсан хүн байхгүй....Би Увс аймгийн Өлгий суманд 1989 оны 6 дугаар сард гэр бүл болсон.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус саальчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Зочид буудалд 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус саальчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Зочид буудалд 1986 оны 5 дугаар сарын 01ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 751 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Улаанбулан бригадын 1983-1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1983 онд 8 дугаар анги төгсөж Хөдөө аж ахуйд хуваарилагдсан хүүхдүүд гэх нэрсийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн н.Бод олгосон Баярын бичиг, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С.Бод олгосон Сайшаалын үнэмлэх, 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын давшилт нэгдлийн саальчдын чуулга уулзалтад авахуулсан гэх гэрэл зураг, Ховд аймгийн Мянгад сумын давшилт нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мнягад сумын 8 жилийн дунд сургуулийн 1983 оны 16 дугаар төгсөлт 8А ангийн төгсөлтийн гэрэл зураг, гэрч О.Эрдэнэчимэгийн тус шүүхэд дахин өгсөн ....С.Б нь 1983 оны 6 сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд саальчнаар 1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Өвөл нь тухайн үхэрүүдээ малладаг. Хавраас намар орой болтол үхрээ саадаг байсан. С.Быг туслах тогоочоор ажиллаж байсныг нь мэдэхгүй байна. Тэгэхэд аав Сандаг нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар ажиллаж байсан юм. Өвөл нь Эмчилгээ тэжээлийн цэг дээр аав, ээждээ туслаад малыг нь малладаг байсан юм...Би 10 дугаар анги төгсөхдөө сургуульдаа ирж шалгалтаа өгдөг байсан. Ихдээ л гэхэд 7 хонодог байсан. Тэгээд би С.Быг мэдэж байна. Техник мэргэжлийн сургуульд сурж байхдаа өвөл 14 хоног амарсан байл уу яалаа удалгүй буцсан юм. Тэгэхэд би ачааны онгоцонд сууж үзэж байсан. С.Б нь хүнтэй суугаагүй, гэртээ байгаа юм чинь мэдэлгүй яахав.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-12, 19, 35, 38, 55-56, 61-63 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Бын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1989 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд С.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1989 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 39-47 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн тамга нь Ховд аймгийн Манхан сумын нэгдлийн тамга дарагдсан, нэгдлийн нэр, овог, нэр гэх хэсэгт завсартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Баттөмөр, М.Нямаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч С.Б нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1611000599 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 35 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э овогт С-ийн Б /./-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус саальчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Зочид буудалд 1986 оны 5 дугаар сарын 01ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Ж С.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1989 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ