Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 109/ШЦТ/2023

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга  М.Баярмэнд

   Улсын яллагч Ц.*******

   Шүүгдэгч Б.*******

   Хохирогч  М.******* /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох 2323000000117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн сум багт оршин суух хаягтай, урьд: Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх овогт ын ******* /Регистрийн дугаар: ИК96**************38/

Шүүгдэгч  Б.******* нь 2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.*******ийг хонь туулаа гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн оройн хэсэгт мотоциклийн түлхүүртэй гараараа цохиж хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                            

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:            

 Шүүгдэгч Б.******* нь 2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.*******ийг хонь туулаа гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой руу мотоциклийн түлхүүртэй гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Б.******* өөрийг цохисныг шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч М.*******ийн “...2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр манай өвөлжөөнд Б.******* гэдэг айлын хонь гарчихаар нь би... А.ийн хамт мотоциклоор явж нөгөө айлын хонийг буцааж туугаад явж байсан чинь бид хоёрын урдаас Б.******* ах мотоциклтой их хурдтай ирж, та нар яасан их хонь хөөдөг пизда нар вэ? гээд миний араар сууж явсан А.ийг татаж буулгаад, хавирч унагаад, намайг татаж буулгаад, миний куртикний захаар намайг боохоор нь би арай хийж гарыг нь тавиулж салгаад, та одоо яагаад байгаа юм бэ? гэсэн чинь дуугараагүй, тэгээд би гайгүй болсон юм байлгүй гээд цааш хараад, ханиалгаад зогсож байсан чинь миний араас толгой руу, мотоциклийн түлхүүр атгасан байсан гараараа цохисон. Тэгэхээр нь би та толгой хагалчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлгээр,

Б.******* М.*******ийн толгой руу цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.ийн “...Тэр өдөр би М.*******ийн хамт тэдний өвөлжөөнд гарсан байсан хонийг тууж ирэхээр, мотоциклоор явсан. Тэгээд очиж тэр хонийг туугаад, явж байсан чинь Б.******* гэдэг хүн бид хоёрын урдаас мотоциклтой ирэхэд нь бид 2 зогссон. Тэгсэн чинь Б.******* ах шууд намайг мотоциклоос татаж буулгаад, хавирч унагасан. Тэгээд намайг босох гэж байхад Б.*******, М.*******ийн хоолойг боож байсан, тэгтэл ******* гарыг нь тавиулсан. Тэгээд ...*******ийн толгойны ар хэсэгт мотоциклийн түлхүүрийг гарынхаа салаанд хавчуулж байгаад 1 удаа цохисон. *******ийн толгойноос цус гараад байсан...” гэсэн мэдүүлгээр,

М.******* Б.*******ад зодуулсан тухайгаа хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч Н.ын “...2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр манай өвөлжөөнд Б.******* гэдэг залуугийн хонь гарсан байхаар нь манай хүүхэд М.******* хонийг нь буцаагаад тууж явсан чинь урдаас нь Б.******* мотоциклтой их хурдтай ирэхээр нь манай хүүхэд М.******* айгаад зогссон гэсэн. Тэгээд манай хүүхэд М.*******ийг барьж аваад, хоолойг нь боохоор нь манай хүүхэд та одоо яагаад байгаа юм бэ? гэж хэлээд цааш эргэж харсан чинь манай хүүхдийн араас мотоциклийн түлхүүртэй гараараа цохисон гэсэн...” гэсэн мэдүүлгээр,

М.*******ид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай мэдүүлсэн гэрч Ц.ийн “...2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр би жижүүр эмчээр ажиллаж байхад сумын багийн иргэн М.******* нь хүнд зодуулчихлаа гээд... дотор муухайраад толгой эргээд байсан гэсэн зовуурьтай ирсэн. Толгой орой хэсэгт 1 см орчим шарх байсан. Тухайн шарх нь хурц үзүүртэй зүйлээр зүсэгдсэн гэмээр шарх байсан. Манай эмнэлэгт үзүүлэхэд цус гарсан бололтой. Цус нь тогтсон байсан. М.*******ид өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг, мөн гавлын дотоод даралт буулгах эмчилгээ хийсэн...” гэсэн мэдүүлгээр, болон шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ Би гартаа барьж байсан мотциклийн түлхүүрээр *******ийн толгойн орой ар хэсэгт 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 234 дугаартай “...М.*******ийн биед гэмтэл учирсан байна. М.*******ийн толгойн оройн хэсэг хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Үзлэг шинжилгээ хийх явцад шинээр үүсгэгдсэн нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогчийн толгойн оройн хэсэгт түлхүүртэй гараараа цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.******* насанд хүрээгүй хохирогч М.*******ийн толгойн оройн хэсэгт түлхүүртэй гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогчийг түлхүүртэй гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогч М.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зардал 500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 300,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч 200,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн байх ёстой бөгөөд ямар нэгэн нотлох баримтгүйгээр шүүгдэгчээс 200,000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч 200000 төгрөгийг нөхөн төлөх илэрхийллээсээ татгалзсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

 Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид 300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн байдлыг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.            

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.    

5. Шүүгдэгчид Б.*******ад 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч хохирогчид 200000 төгрөг төлөх илэрхийллээсээ татгалзвал хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.            

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

  

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.НАНДИНЦЭЦЭГ